АЖЛААС ХАЛАГДСАН ХҮМҮҮСТ НӨХӨН ОЛГОВОР БОЛГОЖ 4,6 ТЭРБУМ ӨГНӨ ГЭВ ҮҮ

🕔 2017/10/31 09:31

АЖЛААС ХАЛАГДСАН ХҮМҮҮСТ НӨХӨН ОЛГОВОР БОЛГОЖ 4,6 ТЭРБУМ ӨГНӨ ГЭВ ҮҮ

 

Сонгуулийн үр дүнгээс шалтгаалан төрийн албан хаагчид ажилтайгаа үлдэх үү, үгүй юу гэх асуудал яригддаг.  Тухайн төрийн албан хаагчийн гишүүнчлэлтэй нам ялалт байгуулсан бол ирэх дөрвөн жилдээ ажилтайгаа үлдэнэ. Нам ялагдсан бол найрсгаар ажлаа хүлээлгэн өгөхөөс өөр сонголтгүй. Сүүлийн арваад энэ үйл явц бичигдээгүй хууль болон "хэрэгжиж” эхэлсэн. Иймээс Төрийн албанд мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин үгүйлэгдэж байна. Нам дагасан, сонгуулийн үеэр намын сурталчилгаанд  хэд хоног гүйсэн залуус төрийн албанд бүр даргын сэнтийд залрах нь цөөнгүй. Үүний нэг жишээ нь 2016 оны сонгуулийн дараа 2235 төрийн албан хаагч  ажлаасаа халагдсан байна. Энэ мэдээллийг төрийн албаны зөвлөлөөс баталжээ.

Тухайн салбарын дарга нь өөрчлөгдөхөд түүний доод албан тушаалтнууд солигддог. Үүнийгээ тэд боловсон байдлаар "баг”-аа бүрдүүлж байна хэмээн зөвтгөсөөр ирсэн. Хамгийн сүүлд Засгийн газар огцорсонтой холбоотойгоор дарга цэргийн халаа сэлгээ явагдаж эхлээд байгаа. У.Хүрэлсүх сайд дарга сандал ширээ нааш цааш зөөхгүй гэсэн амлалт өгсөн ч сайд нар өөрсдийн багаа бүрдүүлэхийн тулд зарим нэг халаа сэлгээг хийсээр байна. Үүнийгээ ч Ц.Нямдорж нарын сайдууд ил тод зарлаж байгаа билээ. 

Сайд юм уу дарга өөрчлөгдөхөд өөрийн хүнээ томилох асуудлыг халахаар Төрийн албаны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг УИХ хэлэлцэж байна. Шинэ хуулинд ч гэсэн төрийн албан хаагч нь тодорхой бус шалтгаанаар халагдах ёсгүй гэсэн. Ямар тохиолдолд халж болох вэ гэдгийг ч оруулсан. Үгүй бол сайд дарга солигдох бүрт ажлаас халагдсан мянга мянган хүмүүс шүүх цагдаагийн хаалга сахисаар байдаг болоод удаж байна. Саяхны жишээ. Хууль бусаар ажлаас халагдсан хүмүүсийн нөхөн олговрыг олгох зорилгоор 2017 оны төсвийн тодотголд 4.6 тэрбум төгрөгийг тусгасан байгаа юм. Ийнхүү сонгуулийн үр дүнгээс шалтгаалан төсөвт ачаалал үүссээр байна. 

Иймээс цаашид төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг төрийн байгууллагаас буюу төсвөөс гаргахаар хуульд заасныг өөрчилж, хууль бусаар төрийн албан хаагчийг ажлаас халсан албан тушаалтнаас гаргуулж байх эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна. Харин шинээр батлагдах Төрийн албаны хуульд нам болон дарга солигдоход Төрийн албан хаагчийг гудамжинд гаргадаг байдлыг үгүй хийхгүй бол төсөвт ачаалал нэмэгдэж төрийн алба чадамжгүй болсоор байх нь ээ

П.ГОО

Оллоо.мн 

 

скачать dle 12.0

Санал болгох