Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг нь шалгажээ
Хөдөлмөрийн Яамны ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж тус аймгийн төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд тэр дундаа үйлдвэрийн газруудын хөдөлмөрийн аюулгүй байдлын төвшин зэрэглэлийг тогтоох шалгалт хийжээ.
Тус яамны Хөдөлмөрийн Эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн газрын дарга П.Энхтайван:-"Манай ажлын хэсэг Орхон, Дархан-Уул аймагт ажиллаад тав хонож байна. Дарханд хоёр хоног ажиллахдаа төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж хуулиудын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр явж байгаа. Аймгийн ЗДТГ-тай энэ чиглэлээр хамтарч ажиллахаар гэрээнд гарын үсэг зурсан.
Байгууллагуудаар явж үзэхэд янз бүр л байна. Дархандаа төдийгүй улсдаа үлгэр жишээ тэргүүн туршлага болохоор Дархан Дулааны сүлжээ ТӨХК хувь хүнийг яаж хөдөлмөрлөх нөхцлөөр нь бүрэн хангах вэ? гэдгийг бүрэн шийдэж чадсан газар юм. Дараа нь МСҮТ-үүд, Дархан Дулааны цахилгаан станц, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК зэрэг газрууд дунд зэрэгт байгаа бол хамгийн хангалтгүй нь Дархан Нэхий ХК байна. Нэхий компани нь хөдөлмөрчин хүнийг аюулгүй ажиллах нөхцлөөр огт хангаагүй хуулийн дагуу үүргээ биелүүлэгүй байсан. Иймээс төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулаад ирэхээр хуулийн хэрэгжилт нь хангагдаж эхлэнэ гэж үзлээ” гэв.
Б.Норовсамбуу