Эрдэнэт Үйлдвэр маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хэлэлцлээ
Үйлдвэрлэлийн ажлын гол хүч болдог мастеруудын ажил үүргийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, тэдний хөдөлмөрийн бүтээмж, манлайллын ур чадварыг дээшлүүлэх боломж арга замыг тодорхойлоход Мастеруудын анхдугаар зөвлөгөөний зорилго чиглэгдсэн байна.
Их бүтээн байгуулалтыг цогцлоож, баялаг бүтээж байгаа уурхайчид, тэдний өдөр тутмын ажлын уялдаа холбоог зохицуулж, удирдлага болон ажилчны хоорондын гүүр нь болсон мастерууд бол үйлдвэрлэлийн ажлын од нь юм. Тиймээс урлаг спортын мастеруудыг од хэмээн хүндэлдэгтэй адил үйлдвэрлэлийн мастеруудаа ийн нэрлэх учиртайг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн зөвлөгөөний эхэнд бахархангуй өгүүлэв.
Анхдугаар зөвлөгөөний эхэнд "Үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийг Эрдэнэт үйлдвэрийн Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан толилууллаа. Тэрээр илтгэлдээ, он удаан жил ажилласан тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэл хийх, байгууллагын санах ойн асуудал, өндөр ур чадвартай, арвин их туршлагатай инженер техникийн ажилтнуудын залгамж үеийг бэлтгэх, тоног төхөөрөмжийн хангамж, засвар үйлчилгээг хийх техникийн тодорхойлолт, үндэслэлийг шинэчлэх нь өнөөгийн тулгамдаж буй асуудал гэж онцолсон. Харин эдгээрийг шийдвэрлэх арга зам нь техник технологийн, хүний нөөц нийгмийн хөгжил, санхүү мөнгө, байгаль орчны бодлогоо тодорхойлох шаардлагатай гэж дүгнэсэн. Үүнд үйлдвэрлэлийн мастеруудын идэвх оролцоо нэн чухал гэдгийг ч тодотголоо. Анхдугаар зөвлөгөөнд "Ганабелл” Институтын бизнесийн ахлах зөвлөх Т.Амарсанаа мастеруудын эзэмшвэл зохих ур чадвар, ажилтнуудаа хэрхэн сэдэлжүүлж, санаачилгыг нь өрнүүлэх талаар лекц уншсан нь цаг үеэ олсон зөв зүйтэй мэдлэг өглөө хэмээн оролцогч мастерууд олзуурхаж байлаа.
Өдөр бүрийн ажлын нарийн горим, хөдөлмөр зохион байгуулалтыг хариуцдаг мастеруудын ажлыг үнэлж дүгнэх нь Эрдэнэт үйлдвэрийн хүнээ хөгжүүлж, урамшуулах бодлогын томоохон хэсэг байдаг. Тиймээс зөвлөгөөний үеэр Эрдэнэт үйлдвэртээ олон жил хоергүй сэтгэлээр ажиллаж байгаа шилдэг тэргүүний мастеруудад шагналын хур буулаа. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Зам овоолгын хэсгийн уулын мастер М.Мандах, Засвар механикийн заводын хайлах хэсгийн мастер Н.Тугтөгс нарын таван ажилтныг "Тэргүүний уурхайчин” цолоор шагнасан бол тус үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар 15 мастерт тус бүр нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал, "Тэргүүний мастер” өргөмжлөл хүртээсэн юм. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийнхэн үйлдвэрлэлийнөнөөгийн байдал, маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хамт хэлэлцэж, тэдний хөдөлмөрийн бүтээмж, манлайллыг дээшлүүлэхэд том алхам боллоо.
М.Балжинням