Засаг эвлэхэд МАН эвлэрэх үү?

🕔 2017/10/13 09:03

Засаг эвлэхэд МАН эвлэрэх үү?

 

Одоогоос арван жилийн өмнөх түүхийг нэхэн харах нь ээ, он дарааллын хуудас 2007 оныг заана. Cap өдрийн хувьд арваннэгдүгээр сарын 8 байх бөгөөд энэ өдөр Үндэсний эв нэгдлийн буюу М.Энхболдын Засгийн газрыг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 49 гишүүний 91.2 хувийн саналаар огцруулж байжээ.

 

Харин өнөөдрийн УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайдуудыг батлана. Гэхдээ Авлигатай тэмцэх газрын хариу үүнд тодорхой нөлөө үзүүлж таараа. Гэсэн ч тухайн үед буюу 2007 онд олон намын гэдэг утгаараа Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдаж байж. Харин энэ удаад эрх баригч намын УИХ дахь албан бус хоёр бүлгээс "эвслийн” Засгийн газар байгуулагдаж байгаа нь учиртай юм. Үүгээрээ арван жилийн давтамж эргэн ирсэн нь хэмээн дүгнэхэд өрөөсгөл ч МАН-д үүссэн улс төрийн зөрчлийг тодотгон, адилтгахад алдаа үгүй болов уу. Тэр дундаа олон нийтийн зүгээс "Засаг эвлэхэд МАН эвлэрэх үү” гэсэн асуултын хариуг эрж хайгаад cap гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ нь мэргэжлийн гэсэн тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад УИХ дахь МАН-ын бүлгийн 33 гишүүний гарын үсэгтэй эсэргүүцпийн бичиг хамгийн том үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотой.

 

ЗӨРЧИЛ

Мэргэжлийн Засгийн газрын хувьд эдийн засгийн өсөлтийг 5.3 хувиар өсгөж, Олон улсын валютын сантай байгуулсан хатуу гэрээгээ зөрчин хүүхдийн мөнгө олгосон дэм хийгээд гэм олонтой байсан нь мэдээж. Гэсэн ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд анх удаа өөрийн намын Засгийн газраа албан ёсоор олонхийн саналаараа огцруулсан нь түүхэнд үлдэх нэгэн хар толбо болсон гэдэгтэй маргах аргагүй. Ардчилсан намын анхдагчдын илааршаа нь үгүй өвчнийг халдварласан гэж үзвэл шүү дээ. Тиймээс ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдгийн адилаар энэ удаад МАН-ын хагарал, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын огцролд алга таших маягтай холоос харж зогссон нь мэдээж. Хэдийгээр санал хураалтад огцруулах талд нь гарын үсэг зурж дэм үзүүлсэн ч эцсийн бүлэгт тэд л "Нэг намын эвлэрлийн Засгийн газар” гэсэн эгдүү хүрэм, дорд үзсэн тодорхойлолтыг анхлан өгсөн юм. Энэ нь УИХ-ын 2020 оныг хүлээсэн голлох улс төрийн хүчний хувьд яах аргагүй завшаан. Зөвхөн АН ч бус МАН ч Засгийн газраа огцруулдаг гэдгийг сонгогчид нь мартахгүй гэдэгт зуун хувь итгэлтэй байгаагийнхаа хувьд тэд яагаад шогчилж, шоолж, инээвхийлж болохгүй гэж. Энэ чинь л улс төр шүү

 

ЭВЛЭРЭЛ

Харин үйл явдал өрнөхдөө эвсэхгүй, нэгдэхгүй хэмээн зарлаж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багийнхан УИХ дахь МАН-ын бүлгийн Ж.Эрдэнэбатын Засгийн газраа хамгаалж зогссон 32 гишүүнтэй гар барьж, тэдний фракцид зургаан сайдын суудлыг өгсөн нь бас л сонин үзэгдэл. Улстөрчийн үгэнд нэг үнэн байх ёстой гэдэг талаас нь харвал энэ нь сэтгэл ичээм шийдвэр. Харин гүйцэтгэх засаглалыг хамтарч, эвсэж байгуулахгүйгээр цаашид У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагаа урагшлахгүй хэмээн дүгнэвэл тэдний буулт УИХ-ын сонгуулийн хугацааг бүрэн бүтэн дуусгах магадлалыг нэмэгдүүлж буй хэрэг. Ийм л учраас Засгийн газрын эв нэгдэл МАН-ыг эвлэрэлд дуудах үүд хаалгыг нээх талтай юм.

 

ЗӨРЧИЛ

Гэхдээ энд, анхаарал татах улс төрийн шийдэл талаас нь сонирхон үзэх нэг шийдэл хүлээгдэж буй гэдгийг сануулах хэрэгтэй. Тэр нь ирэх сард болох МАН-ын Их хурлаас хэнийг намын даргаар сонгох вэ гэдэг асуулт юм. УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахтайгаа зэрэгцэн МАН-ын даргын албаа өгнө гэдгээ мэдэгдсэн. Улмаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах тус намын Бага хурлын шийдвэр нь дараагийн МАН-ын дарга хэн бэ гэдэгт хариулт өгөх давхар агууламжтай байсан нь мэдээж. Мөн "Ялсан намын дарга нь Ерөнхий сайдын албыг давхар гүйцэтгэх ёстой” гэсэн дүрмийг ягштал мөрдөх ёстой гэдэг хатуу үүргийг өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль ч албан ёсоор батлан харуулсан. Эрх баригч намын дарга нь гүйцэтгэх засаглалаа удирдахгүй байсны балаг нь ялагдалд хүрэх тодорхой нэг шалтгаан нь болсон гэдэг онош үүнийг батална Иймд Засгийн газар эвлэрлээ гэхэд Их хурлыг хүлээж буй МАН-ын даргын сунгаа тус намын лидерүүдийг дахин зөрчил рүү хөтлөх гэмтэй юм. Хэдийгээр зарчим нь тодорхой ч, МАН-ыг удирдах эрхээс хэн татгалзах билээ дээ.

Эцсийн кнопыг хэн дарах вэ. Энд харин зөрчил эргэж хурцдахыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь, У.Хүрэлсүхийн Засгийн газарт эцсийн бүлэгт кноп дарж, шийдвэр гаргах эрх мэдэл УИХ-ын 33 гишүүний албаи бус фракцид хадгалагдсан явдал юм. Харин УИХ-ын дарга М.Энхболдын талаас дэмжсэн зургаан сайдын хувьд яг Засгийн газрын хуралдаан дээр бол цөөнх болж үлдэнэ.

ЭВЛЭРЭЛ

Түүхэнд байгаагүй онцгой гэмээр Засгийн газар байгуулагдаж буй тайлбар нь тун энгийн. Ерөнхий сайдаасаа бусад бүх сайдууд нь давхар дээлтэй. Тэд үүнийгээ "УИХ-д дан дээлтэй буюу УИХ-ын гишүүн бус сайд асуудлаа танилцуулахаар олонхийн дэмжлэг авч чаддаггүй. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд энэ алдаа хангалалттай батлагдсан” гэдгээр тайлбарлаж буй. Гэхдээ яг үнэндээ дан дээлтэй сайдын хүч хүрээгүй гэхээс илүүтэй УИХ-ын гишүүдийн "Сонгогчдын саналаар би УИХ-ын гишүүн болсон. Чи хэн юм бэ” гэх өнгө аяс энэ тайлбарт илүү давамгайлж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Ердөө л бардамнах эрхээ давуу тал болгон ашигласан хэрэг. Улмаар үүнийгээ зуун хувь давхар дээлтэй сайдуудтай болоход сэтгэл дүүрэн нэгдэлтэйгээр ашигласан гэдгийг нь хэн хүнгүй харж л байгаа биз ээ. Энэ бол яах аргагүй эв нэгдлийн илэрхийлэл биз.

 

ЗӨРЧИЛ

Гэхдээ, эцсийн кнопыг хэн дарах вэ. Энд харин зөрчил эргэж хурцдахыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь, У.Хүрэлсүхийн Засгийн газарт эцсийн бүлэгт кноп дарж, шийдвэр гаргах эрх мэдэл УИХ-ын 33 гишүүний албан бус фракцид хадгалагдсан явдал юм. Харин УИХ-ын дарга М.Энхболдын талаас дэмжсэн зургаан сайдын хувьд яг Засгийн газрын хуралдаан дээр бол цөөнх болж үлдэнэ. Яг ийм үндэслэлээр өнгөрсөн хугацаанд олон ч сайд Засгийн газраа шүүмжилж, ажлаа хүлээлгэн өгч байсан туршлага манайд олон байдаг явдал нь үүнийг гэрчилнэ.

 

Үүн дээр нэмэгдээд "60 тэрбумынхантай эвлэрэхгүй’’ гэсэн У.Хүрэлсүхийн ялалт байгуулахад нь нөлөөлсөн нэг том эсэргүүцлийн уриа бий. Үүнд нь итгэж саналаа өгсөн Бага хурлын гишүүд, М.Энхболдын талынхан руу босоход нь түшсэн УИХ-ын гишүүд болон олон нийтийн дэмжлэг Ерөнхий сайдад амаа үдүүлэх эрх олгохгүй байж таараа. УИХ-ын даргын талынхан ч адилхан. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд үргэлжилсэн доромжлол, дайралтыг тэсч гарах, цаашлаад эвлэрч бөгтийх хэмжээний ядарсан улстөрчид биш нь ойлгомжтой шүү дээ. Эндээс л засаг эвлэрсэн ч МАН эвлэрэхгүй байх магадлал ажиглагдаж буйхэрэг ээ. Ер нь бол үүнийг л шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг гэж монголчууд ярьдаг даа. 



Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

скачать dle 12.0

Санал болгох