Оффшороос тасарсан үндэсний хөрөнгө

🕔 2017/10/09 13:22
 
 Оффшороос тасарсан үндэсний хөрөнгө

Дэлхийн улс орнуудын 15 хувьд нь гаднын иргэдээс тун бага татвар авдаг "татварын диваажин”-гууд бий. ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажилла гааны байгууллага нийт 42 улсыг оффшор бүст тооцжээ. Эдгээр нь мөнгөн хадгаламжаас гадна бизнес эрхлэхэд таатай татварын орчин бүрдүүлсэн санхүүгийн төвүүдтэй тул мөнгөн урсгалыг соронз мэт татаж байдаг.

Монголчууд оффшор бүсээс мөнгөө татах нь улсын эдийн засагт тустай

Оффшор санхүүгийн төвүүд бий болсон нь 1950-аад оноос эхтэй. Ирландын улс төрчид гаднын хөрөнгө оруулалтыг татахын тулд үндэстэн дамнасан компаниудад давуу эрх олгож, татварын таатай орчин бүрдүүлэх санааг анх гаргаж байв. Энэ санаа тухайн үед багагүй эсэргүүцэлтэй тулгарсан ч 1970-аад оноос амьдралд бодитоор хэрэгжиж эхэлсэн юм. Тухайлбал, Франц болон Английн дунд оршдог Жерси, Карибын тэнгис дэх Кайманы арал, Энэтхэгийн далай дахь Маврик зэрэг жижиг арал улсуудад дэлхийн баячуудын үлэмж өв хөрөнгүүд бий. Улс төр нь тогтворгүй, эдийн засаг нь савлагаатай байдаг орнуудын бизнесменүүд оффшор бүсэд мөнгөө хадгалахаас гадна хөрөнгө худалдан авч, бизнес эрхэлдэг. Гэвч оффшор төвүүд олноор бий болсныг дагаад хууль бус аргаар олсон бохир мөнгөний урсгал мөн ийшээ цутгаж эхэлжээ.

1980 он бол оффшор санхүүгийн төвүүдийн ид цэцэглэлтийн үе байлаа. Гэвч хар тамхины наймаачид үүнийг мөнгө угаах арга болгож, хуулийнхны нүднээс далд вант улс байгуулсан нь өдгөө ч хумигдаагүй. 1994 онд АНУ-ын Нью Йорк хотод сууж байсан Болгарын хүндэт консул, тус хотын цагдаа, хуульч, брокер, Швейцарын Цюрих хотын банкны ажилтан гээд 24 хүн холбогдсон томоохон хэрэг мандсан юм. Тэд хар тамхины наймаанаас олсон мөнгийг тээврийн бизнест оруулан "угааж”, түүнийгээ Нью-Йоркийн Cit ibank банкны дансанд байршуулжээ. Үүнийгээ Европын хэд хэдэн банк руу шилжүүлсний нэг нь Швейцарийн Цюрих хотын банк байв. Тэд 1993-1994 оны хооронд нийт 100 сая ам.доллар шилжүүлсэн нь илэрчээ.

Энэ мэт "татварын диваажин”- гийн сүүдэрт нуугдсан хар мөртэй хэргүүдийг хэдэн зуугаар нь нэрлэж болохоор байна. Манай улсын хувьд зарим улстөрч оффшор бүсэд данстай нь ил болоод удаж буй. Эдийн засаг хүнд үед улсад татвар төлөхөөс зугтах нь ёс зүйгүй үйлдэл хэмээн олон нийт бухимдсаар. Мөн төсвөөс завшсан мөнгөө хил давуулан нуудаг гэх хардлага тасрахгүй байна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долдугаар сард улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийг 49 хоногийн дотор оффшор бүс дэх данснаасаа мөнгөө татаж, Монгол Улсад оруулж ирэхийг уриалсан.

Гэвч энэ хугацаанд Авлигатай тэмцэх газар 20 гаруй хүнийг дуудаж, уулзсан ч ганц л иргэн мөнгөө эргүүлэн татсан нь чамлахаар үзүүлэлт. Харин мөнгөн дүн нь чамгүй. Ганцхан иргэн 4.3 сая ам.доллар буюу ойролцоогоор 10.6 тэрбум төгрөг оруулж иржээ. Угтаа бол 49 хүн ийм бүсэд данстай гэдгийг хуулийн байгууллага тогтоогоод буй. Нэг хүн иргэний зориг гаргаад 4.3 сая ам.долларыг эх нутагтаа оруулж ирж байгаа юм бол оффшор бүсэд хөрөнгө, мөнгөтэй монголчууд уруу дорой эдийн засгийг эдгээх боломж харагдаж байна. Ирэх оны нэгдүгээр сард төлөх хуваарьтай Чингис бондын өрийг барагдуулахад ч багагүй нэмэртэй.

  • Хар тамхины наймаачид юуг мөнгө угаах арга болгож, хуулийнхны нүднээс далд вант улс байгуулсан нь өдгөө ч хумигдаагүй.
  • Нийтийн албан тушаалтан ямар бүсэд данс нээсэн нь тогтоогдвол төрийн албанаас чөлөөлнө.
  • Оффшор бүсээс оруулж ирээд буй 4.3 сая ам.долларыг хуулийн дагуу олсон орлого эсэхийг хараахан тогтоогоогүй.

Гэвч энэ бол санаснаар бүтчих амар зүйл биш. Учир нь оффшор бүсэд монголчуудын хуулийн дагуу хөдөлмөрлөж олсон мөнгө ч бий, авлига, хээл хахуулиар дамжиж очсон хөрөнгө ч байх магадлалтай. Тиймээс ялгаж, салгахад багагүй цаг хугацаа орно. Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийг тогтоож, үүнээс хойш гурван сарын дотор татваргүй бүсээс мөнгө, хөрөнгөө татахыг үүрэг болгосон. АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар "Энэ хугацаанд оффшор бүсээс татсан хөрөнгө, мөнгөө хэрхэн зохицуулснаа манай байгууллагад сарын дотор тайлагнах ёстой. Хэрэв нийтийн албан тушаалтан ийм бүсэд данс нээсэн нь тогтоогдвол төрийн албанаас чөлөөлөх хуультай.

Эдийн засаг хүнд үед татвараас зугтах нь ёс зүйгүй үйлдэл

Харин уг хөрөнгө, мөнгийг хууль бусаар олсон гэдэг нь нотлогдвол эрүүгийн хариуцлагад татна” гэв. Төрийн албан хаагчдын хөрөнгөд хатуу хяналт тавьж буй ийм жишиг олон улсад цөөн юм билээ. Одоогоор энэ жагсаалт Сингапур, Хонконг, Унгар, Украйн зэрэг цөөн орноор хязгаарлагдаж буй. Монголчууд оффшор бүсээс мөнгөө татах нь аль ч талаасаа улсын эдийн засагт тустай. Хэрэв хээл, хахууль, буруу гарын мөнгө байвал улсын орлого болно.

Харин шударга хөдөлмөрөөр олсон мөнгө бол Монголын эдийн засгийн эргэлтэд цус сэлбэж, нэмэр болох нь гарцаагүй. Хилийн чанадаас орж ирэх энэ мөнгө ам.доллараар шилжих тул манай улсын валютын нөөцөд ч дэмжлэг болно. "Монголбанкны ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл: "Монгол Улсын нутагт дэвсгэрт ам.доллар орж ирэх нь валютын нөөцөд, зах зээлд оролцогчдын хүлээлтэд мэдээж эерэг нөлөөтэй. Энэ нь тухайн үеийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь тэр мөнгийг авдарт хийгээд хадгалах уу, эсвэл санхүүгийн зах зээлд эргэлтэд оруулах уу гэдгээс шууд хамаарна” гэв.

Одоогоор оффшор бүсээс оруулж ирээд буй 4.3 сая ам.долларыг хуулийн дагуу олсон мөнгө эсэхийг хараахан тогтоогоогүй байна. Тухайн хүн ямар албан тушаалтай байх, мөнгө нь хууль ёсны орлого эсэхээс багагүй зүйл шалтгаална. Засгийн газраас оффшор бүсэд хөрөнгөтэй иргэдийг 49 хоногийн дотор мөнгөө татахыг үүрэг болгосон. Гэвч "хаалга хаах” хугацааг гурван сараар ийнхүү сунгалаа. Тиймээс энэ бүсэд хөрөнгө, мөнгөө байршуулсан иргэдийг орлогынхоо эх үүсвэрийг хуулийн дагуу шалгуулахыг уриалъя. Авлига, хээл хахуулийн мөнгө хэмээн хардаж буй иргэдийн бухимдлыг ч тайлах цаг иржээ. Эдийн засаг хүнд байгаа энэ үед иргэний зориг гарга. Эс бөгөөс төр төмөр нүүрээ харуулах биз ээ.

Б.Баярмаа

Засгийн газрын мэдээ


скачать dle 12.0

Санал болгох