АТГ-ын гадна ба дотор талд
АТГ-ын гадаа талбайд энэ өдрүүдэд Ард түмний онц зөвлөл гэх хэсэг бүлэг хүмүүс лоозон барин оффшортой тэмцэхгүй байгаа учраас энэ байгууллагыг татан буулгаж, даргыг нь огцрохыг шаардан жагсч байна. Харин АТГ-ын дотор мөрдөгч нар нь оффшортой тэмцэх асуудлаар Интерполын мэргэжилтнүүдтэй туршлага солилцож сууна. АТГ-ын шинээр байгуулсан "Олон нийтийн төв” хэмээх иргэдэд зориулсан сургалтын төвд олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх чиглэлээр томоохон сургалт 2 өдөр болж өнгөрлөө. Энэ сургалтад АТГ-аас гадна прокурорууд, цагдаагийн мөрдөгч нар, мөн төв банкны эдийн засгийн мэргэжилтнүүд оролцжээ. Мөнгө угаах гэдэг нь маш энгийндээ хууль бусаар олсон орлогоо хууль ёсны болгож өнгө зүсийг нь хувиргахыг хэлдэг. Тэгэхээр манайхны сүүлийн үед амны уншлага болоод байгаа оффшор гэх асуудалд ч энэ нь бүрэн хамаарах юм.
Авлига болон мөнгө угаах явдалтай тэмцэх нь ганц нэг улс орны дангаараа хийж чаддаг ажил огт биш. Хамгийн хүчтэй, хөгжилтэй гэх улс орон ч хил дамнасан энэ үйл ажиллагаатай дан биеэрээ тэмцэж чадахгүй. Энэ бол тусгаар оршсон, биеэ даасан улс гүрнүүдийн дунд байгуулсан эрх зүйн баримт бичгийн хүрээнд, харилцан яриа хэлэлцээрийн үр дүнд хийгддэг ажил. Монгол Улс маань ч энэ жишгээс хазайхгүй нь лавтай. Гудамжнаас хашгирч байгаа шиг нэг мөрдөгч юм уу, цагдаагийн нэг албан хаагч албаны паспортоороо хил давж очоод дансыг нь битүүмжилж хаагаад, хамаг хөрөнгийг нь чемоданд хийгээд аваад ирдэг ажил ер биш. Харин танайд ийм байна, манайд ингээд байна гэх зэргээр улс бүрийн хуулийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож, хамтран ажиллах учиртай юм. Үүнийг эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ гэдэг юм. Манай улсад нэн түрүүнд ийм гэрээ шаардлагатай байна. Гэрээ байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ тэр нь хуучин социалист орнуудын хамтын нөхөрлөлтэй байх үеийнх юм билээ. Яг одоо оффшортонгуудын том том хөрөнгө нь нуугдаж байгаа өндөр хөгжилтэй орнуудтай байгуулсан гэрээ байхгүй. Ийм гэрээ байгуулаагүй байж Англи, Америк руу давхиж очоод наадах чинь манай улсын хөрөнгө, аваад явна гэх дур зорго манай төрд байж болохгүй.
УИХ энэ оны хавар, 4 дүгээр сард нэгэн хууль баталсан юм. Оффшорын эсрэг хууль гэж нэрлэж болно. Хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн нэгэн тогтоолыг Засгийн газар батална гээд хуульд заачихсан. Гэтэл манай Засгийн газар тэр тогтоолыг дөнгөж саяхан баталлаа. Хавар баталсан хуулийн араас тогтоол нь намар батлагдаж байх жишээтэй. Тэр тогтоол нь аль улсын нутаг дэвсгэрт байгаа оффшор бүсэд Монгол Улсын иргэн данс эзэмшиж, компани байгуулж болохгүй вэ гэдгийг заасан жагсаалт юм л даа. Тогтоол батлагдсан ч одоо хүртэл албажаагүй байна. Тэгэхээр УИХ-ын баталсан сайхан хууль амьгүй хэвээрээ байна гэсэн үг. Энэ хуульд заахдаа, оффшор бүсэд данстай, хөрөнгөтэй төрийн албан хаагчид 3 сарын дотор тэр дансаа хааж, хөрөнгөө авчрахыг үүрэг болгосон. Ингээд 30 хоногийн дотор энэ тухайгаа АТГ-т мэдүүлэх ёстой шүү гэж заасан юм. Газар нутаг нь тодорхойгүй байхад АТГ яг хаашаа хандах вэ, хаана явж очих вэ.
Оффшор бүсийн дансны мэдээллийг тухайн банк нь сайн дураараа гаргаж өгдөггүй. Мэдээж, харилцагчийнхаа итгэлийг дээдлэх нь зүй. Асуудлыг ил гаргаж тавьсан хэвлэл мэдээллийн байгууллагууд ч хуулийн байгууллагад мэдээллийг өгөхгүй байгаа юм байна. Тэгэхээр шаардлагатай мэдээллийг улс орнуудын төр, засгийн түвшинд хүсч, гаргуулж авах арга зам үлдээд байна. Энэ мэт яах аргагүй өмнө тулгараад байгаа саад бэрхшээлийг бид тооцож үзэх ёстой.
Гэхдээ АТГ зүгээр суугаагүй юм байна. "Олон нийтийн төв”-дөө Интерполын мэргэжилтнүүдийг урьж авчраад туршлага солилцож ярилцсан байна. Авлига, мөнгө угаах явдал, оффшортой тэмцэх нь нэг улсын дангаараа барах ажил биш учраас энэ талын холбоо харилцаагаа үүсгэх, хөгжүүлэх, мэдээлэл олж авах, гарц нээх, суваг хайх чиглэлээр өөрсдийнхөө хэмжээнд санал санаачилга гаргаж эхэлсэн байна. Үүнийг тодорхой ажлын бодитой эхлэл гэж харах хэрэгтэй болов уу. Гэвч нэг байгууллагадаа найдаад, эсвэл шаардаад суух биш, дээд доод аль ч түвшиндээ идэвх санаачилга гаргаж ажиллах ёстой. Ялангуяа бодлого боловсруулдаг, шийдвэр гаргадаг түвшний хүмүүс давын өмнө эрх зүйн харилцан туслалцааны гэрээг шаардлагатай улс орнуудтайгаа батлах ёстой. Өөрөөр хэлбэл, эрх зүйн орчноо иж бүрэн болгож өгөөч ээ. Үүний дараа АТГ чинь ажиллахгүй байна гэж АТОЗ нь шүгэл үлээгээд сууж байг л дээ.