Х.Баасансүрэн: Айдас хүйдэс бүхнийг “ Ум ма ни бад мэ хум ”-аар хөө

🕔 2017/09/14 12:30

Шидэт тарни

"Ум ма ни бад мэ хум” хэмээх энэхүү тарни бол дуу эгшиг авианд нь хүч чадлыг нь шивнэсэн өндөр үеэлзэлтэй шидэт тарни юм. "Ум ма ни бад мэ хум ” хэмээх энэхүү тарни хамаг бурхадын хайр энэрэл бүгдийг хураасан Жанрайсэг бурханы зүрхэн тарни боловч 1000 бурхад Жанрайсэг бурханы биед нэг нэг гар нүд болон шингэсэн болохоор 1000 бурхан бүгдийн зүрхэн тарни бас мөн юм.

Буян ихийг хураая гэвэл маанийг бүтээж бясалга. Нүгэл хилэнц үйлийн үрээ нимгэлье гэвэл " Ум ма ни бад мэ хум ”-аар нимгэлэ. Айдас хүйдэс бүхнийг " Ум ма ни бад мэ хум ”-аар хөө. Аврал итгэл, хайр энэрэл бүгдийг " Ум ма ни бад мэ хум ”-аар л үйлд. Өвчин эмгэг, барцад саад бүгдийг " Ум ма ни бад мэ хум ”-аар л зас.

Уур омог, шунал төөрөгдөл бүгдийг " Ум ма ни бад мэ хум ”-аар ял. Зовлонт олон амьтдыг " Ум мани бад мэ хум ”аар л авар. Зүйрлэшгүй дээд бурханыг хутагт" Ум ма ни бад мэ хум ”-аар хүр. Жанрайсэг амьтан бүхнийг гэгээрсэний дараа л гэгээрнэ гэсэн тангарагтай. Гэгээрээгүй олон амьтад байгаа л юм чинь Жанрайсэг бодьсадва байгаа л гэсэн үг юм. Бүү эргэлз та итгэж чадвал, та маанийг бясалгаж бүтээж чадвал Жанрайсэг таньтай хамт байх болно. Аръяабал " Ум ма ни бад мэ хум”

Маанийн бясалгал

Хүмүүс яагаад УМ МА НИ БАД МЭ ХУМ хэмээх энэ гайхалтай тарнийн үр шимийг хангалттай мэдэрч чаддаггүй вэ гэхлээр зөвхөн тооны тухайд л анхаараад сэтгэлдээ бясалгахыг нь орхигдуулаад байгаагаас өнгөцхөн болоод гүн рүү нь нэвтэрч чадахгүй байгаа юм. Гар нь эрхээ эргүүлж ам нь маань хэлж байж, сэтгэл нь болохоор зурагтаар гарч буй зүйлийг бодож, гэр доторхи хүмүүсээ ажиглан дүгнэж, өнгөрсөн харуусалдаа, ирээдүйн мөрөөдөлдөө автан үргэлж тэс өөр зүйл бодож байдаг болохоор чадлыг нь мэдэрч чаддаггүй байна. Үймсэн сэтгэлээр уншсан 100 эрхи мааниас сэтгэлдээ бодьтай бясалган бүтээсэн нэг л маань илүү чадалтай юм.

Маань бүтээх бэлтгэл 

Эрхи нь мод юм уу, чулуун эрхи байвал маанийн үр шимийг хамгийн сайн мэдрэх болно. Энэ нь эрхиний өнгө өөрчлөгдөх, нүд ургах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. 3 бөөртэй 108 эрхи байх хэрэгтэй бөгөөд энэ нь нийлээд 111 тоотой болно гэсэн үг. Эрхиний голын утсыг 9 давхар утсаар нийтгэж бэлдэж эрхээ хэлхэж хийвэл сайн. Эрхийг хүзүүндээ юм уу, гартаа зүүж болохгүй. Газар тавихгүй, бүсэлхийнээс доош авч явахгүй байх, мөн өөр хүнд өгч хэрэглүүлэхгүй, тусгай жижиг уутанд хийж дээдлэн авч явах хэрэгтэй.

Маань бүтээхийн өмнө гараа угааж хэвших хэрэгтэй. Ариун сайн тарнийг бүтээхэд бие хэл, сэтгэл ч тэр бүгд ариун байвал зохино. Маань бүтээхэд 12 төрөл зүйл тус бүрт 3, 3 нь эрхи маань буюу нийт 36 эрх маанийг нэг доор унших бөгөөд үүнийг 1 тун гэж нэрлэнэ. Ингэж уншихад эхлээд 40-50 минут болох тул энэ хугацаанд дуу чимээ багатай орчин цаг хугацааг сонгон хийвэл сайн. Цаашид дадаад ирэхээр 25 минут орчим болдог бөгөөд ямар ч орчин нөхцөлд бүтээж чаддаг болдог. Та өдөрт хэдэн ч тун хийсэн болох бөгөөд хамгийн гол нь өдөр бүр алгасахгүй хийх нь маш чухал.

Бясалгал хийхдээ Жанрайсэг бурханы орон урд зүгт байдаг тул урд зүг рүү харан сууна. Цусны эргэлтийг сайжруулж судас шөрмөсөөр хий чөлөөтэй гүйх нөхцөлийг бүрдүүлдэг тул завилж суувал сайн.Чадахгүй бол нуруу эгц байх хэрэгтэй. Хэлээ тагнайдаа тулгаж шүлс гойжихоос сэргийлэх Бодол сэтгэлээ тогтуун байлгаж, 3 удаа аажуухан хамраараа амьсгал авч гаргахдаа биеэ суллана.

Бясалгалын дунд цээжээрээ биш хэвлийгээрээ зөв амьсгалж сурах хэрэгтэй. Амьсгал авахад яг хэвлийгээ томбойлгож, амьсгал гаргахад хэвлий хонхойлгоно. Харцаа доош хандуулан хүйснээс доош 4 хуруу орчим төвлөрүүлнэ. Тэнд доод бясалгалын хүрд байрладаг.

Эхлэн бясалгалчид нүдээ аниад дотогш доод хүрд багцаанд төвлөрөн харж буй байдлаар хийж болно. Нөгөө гартаа хөөрөг юм уу, чулуу барин эрхтэйгээ зэрэг эргүүлбэл сайн. Ингэж хийвэл баруун тархи сайн хөгжинө.

Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн

скачать dle 12.0

Санал болгох