Жолоочийн хариуцлагын даатгалаар “ХӨЛЖИГСӨД”

🕔 2017/09/14 09:45

Жолоочийн хариуцлагын даатгалаар “ХӨЛЖИГСӨД”

 

Даатгал гэж юу вэ. Нийгэм нь харьцангуй тогтвортой орнуудад бол даатгалыг аливаа эрсдэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, ашиг сонирхлыг бүрэн бүтэн байлгах буюу хамгаалах зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан байгуулах үйл ажиллагаа гэж ойлгодог. Харин манайд даатгалын үйлчилгээ нь ашгийн төлөөх бизнес, явцуу утгаараа мөнгө угаах, хүүлэх ажиллагаа болж хувирчээ.

Өдгөө Монгол Улс хөгжиж буй орнуудын тоонд зүй ёсоор орсон тул нийгмийн аливаа стандартыг нэвтрүүлэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ эдгээр стандарт, хэвшлийг нэвтрүүлэхдээ ямар нэг хяналт, шалгуур тавьдаггүй учраас бүгд гажуудах маягтай болдог нь харамсалтай.

Дээр дурдсанчлан манайд даатгал, тэр. дундаа жолоочийн хариуцлагын даатгал гээч зүйл иргэдэд төдийлөн үр ашиггүй хэр нь тухайлсан үйлчилгээ эрхэлдэг компаниудыг онцгой хөлжүүлэх бизнес болсон нь нууц биш. Мэдээж хуулийн дагуу жолоо барьж буй хэн ч даатгалд хамрагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, албадлагаар даатгуулдаг.

Манай улс 2011 онд Жолоочийн даатгалын хуультай болсон. Цагаан дээр хараар бичсэн энэ хуулийг уншвал үүнийг яг жолооч нарын эрсдэлийг тооцоолон батлав уу, эсвэл даатгалын компаниудын лобби байв уу гэдгийг ойлгоход бэрх. Бусад орны жишгээр энэ нь мэдээж иргэний талд үйлчилнэ. Харин манайд 2012 оноос хэрэгжүүлсэн зөрчлийн оноо, торгуулийн системтэйгээ хавсраад даатгалын компаниудыг мөнгөжүүлэхэд чиглэсэн үйлчилгээ болжээ.

Өөрөөр хэлбэл, зөрчлийн оноо гээгчийг гаргаснаар аливаа ослын тохиолдолд жолооч даатгалаараа тун бага мөнгө олж авч чадах ч оноогоо хасуулахын зэрэгцээ торгууль төлөх ёстой болно. Жишээ татахад, Улаанбаатарын гудамжинд өдөрт хэдэн арваараа харагддаг шүргэлцсэн машинуудын жолооч нар цагдаагаас гадна даатгалын компанийнхныг дуудах учиртай. Ингээд даатгалынхан ирж хэмжилт, хяналтаа тавиад хохирлын мөнгөн дүнг тооцоолно. Цагдаа ч хэнийх нь буруу вэ гэдгийг тогтооно.

Ингээд ойролцоогоор 200 мянган төгрөгийн хохирол учирсан байвал тэр хэмжээний мөнгийг даатгалын компаниас олгоно. Олгоно ч гэж дээ, баахан явдал чирэгдэл болж байж мөнгө гаргаж өгнө. Гэтэл дээрээс нь мань жолооч зөрчлийн онооноосоо чамгүйг хасуулаад дээрээс нь 100 мянган төгрөгөөр торгуулдаг. Аль ч талаас нь харсан эрүүл бус тогтолцоо. Үүний уршгаар жолооч нар хоорондоо тохиролцож, аман байдлаар хохирлын хэмжээг тогтоогоод,  хэдэн төгрөг авч, өгөлцөөд салж одох нь олширсон.

Мэдээж хэн ч зөрчлийн оноо, торгууль хоёрыг давхар авахыг хүсэхгүй. Ингээд хуулийн араар өөрсдөө учраа олох тохиолдол олширсон нь тэр. Цагдаа, даатгалын алиныг ч дуудалгүй учраа ололцоно гэсэн үг. Ингэснээр даатгал төлсний хэрэг гарахгүй. Цаашилбал, даатгалын компаниуд эрсдэлийн сан нэртэй хулгайлсан хөмрөгөө өргөжүүлж, иргэдээс зүв зүгээр мөнгө авч байгаа.

Санхүүгийн зохицуулах хорооны тайлангаас харахад, даатгалын компаниудын цэвэр ашиг 2016 онд 11.4 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2015 онтой харьцуулахад 60.5 хувиар өссөн дүн юм. Ганцхан жилийн дотор ингэж өсөж байгаа нь энэ бизнес өгөөжтэйг гэрчилнэ. Түүнчлэн 2016 онд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаанаас гэхэд нийт 27.8 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлж, 33.188 даатгуулагчдад нийт 14.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгсөн байх юм. Нэг үгээр даатгалын компаниуд жолооч нараас авсан даатгалаас 13 тэрбум төгрөгийн ашиг олсон байна.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 3,300 гаруй аж ахуйн нэгж, компани даатгалын үйлчилгээ эрхэлж байгаа. Хамгийн гол нь, эдгээр дунд Монголын санхүүгийн зах зээлийн голлох тоглогчид гэгддэг банкууд бүгдээрээ байх аж.

Дээрх 3,300 гаруй даатгалын үйлчилгээ эрхлэгчдийн ашиг орлогын тайланг харахад, 2017 оны эхний хагас жилд даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 224.8 тэрбум төгрөг байгаа нь жилийн дотор 35.9 тэрбум төгрөгөөр буюу 19 хувиар өссөн байна. Харин бидний авч үзээд буй жолоочийн хариуцлагын албан даатгалын үйлчилгээ үзүүлдэг компаниудын хөрөнгө салбарын 80.5 хувийг эзэлдэг гэсэн байхыг харвал энэ нь яах аргагүй үсрэнгүй ашигтай бизнес ажээ. 

Бүр нарийвчилбал, жолооч нарын даатгалаас даатгалын компаниудын олж буй цэвэр орлого 2016 онд 5.2 тэрбум төгрөг байжээ. Харин 2017 оны эхний зургаан сард 6.1 тэрбум болсон байна.

Энэ бүхнээс дүгнэхэд, жолоочийн хариуцлагын даатгал, түүнтэй холбогдох хууль, тогтоомжуудад компаниудын лобби орсон гэхэд буруудахгүй мэт. Хэрэв тийм биш бол даатгалын үйлчилгээ, торгууль ногдуулалт хоёрын гинжин хэлхээ жирийн иргэдэд ингэтэл дарамт учрууламгүй санагдах юм.

Өглөөний сонин
Р.Саруул

скачать dle 12.0

Санал болгох