“Аваргуудын лиг” эргэн ирж, “Челси” өрсөлдөгчөө 6:0-ээр хожлоо
Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн "Аваргуудын лиг”-ийн 2017-2018 оны улирал эхэллээ. Урд шөнө хэсгийн эхний тоглолтууд явагдсан. Эдгээрээс "Челси”-"Карабаг” 6:0, "Манчестер Юнайтед”-"Базель” 3:0, "Барселона”-"Ювентус” 3:0, "ПСЖ”-"Селтик” 5:0, "Бавари”-"Андерлехт” 3:0, "Спортинг”-"Олимпиакос” 3:2, "ЦСКА Москва”-"Бенфика”-г 2:1-ээр хожиж, "Рома”-"Атлетико Мадрид” 0:0-ээр тэнцсэн юм.
Английн "Челси” тус тэмцээнд анх удаа оролцож буй Азербайжаны "Карабаг” клубыг гэртээ 6:0-ээр бут ниргэхэд Родригес, Заппакоста, Аспиликуэта, Бакаюука, Батшуяа нар нэг гоол хийж, эсрэг багийн Медведев өөрийнхөө хаалгыг нэг бөмбөгөөр мялаасан. "С” хэсгийн нөгөө хоёр баг "Рома”, "Атлетико Мадрид” хуурай тэнцсэн учир "Челси” гурван оноотой хэсгээ тэргүүлж эхэллээ.
Мөн Испанийн "Барселона”, Италийн "Ювентус” клубыг "Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэндээ 3:0-ээр бут ниргэхэд Л.Месси хоёр гоолыг оруулсан. Дээрх хоёр баг 2014-2015 оны улирлын шигшээд оноолт таарахад "Барселона” хожсон бол өнгөрсөн улирлын шөвгийн наймд "Ювентус” хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хүчтэй өрсөлдөгчөө буулган авч байв.
Өнөө шөнө үлдсэн дөрвөн хэсгийн тоглолтууд явагдана. "Тоттенхэм Хотспур”-"Боруссия Дортмунд”, "Реал Мадрид”-"АПОЭЛ”, "Порту”-"Бешикташ”, "Шахтёр Донецк”-"Наполи”, "Ливерпуль”-"Севийля”, "Лайпциг”-"Монако”, "Фейноорд”-"Манчестер Сити”, "Марибор”-"Спартак Москва” багууд оноолт таарчээ.