Ерөнхийлөгч Х.Баттулгын ажлын айлчлал өндөрлөлөө

🕔 2017/09/09 15:38

 

Ерөнхийлөгч Х.Баттулга Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийгээд эх орондоо ирлээ.

Айлчлалын үеэр яригдсан гол асуудлууд:

ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай албан ёсны уулзалт хийж, хоёр талын болон бүс нутгийн асуудлаар санал солилцлоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уулзалтын эхэнд хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд хэрхэн амжилттай хөгжиж байгаа талаар тодорхой төсөл хөтөлбөрүүдийг дурдаж Монгол Улстай хамтран ажиллах харилцаанд хөдөө аж ахуй, тэр дундаа монгол малыг эрүүлжүүлэх болон дэд бүтцийн салбарын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Үүнээс гадна транзит тээврийн хөнгөлөлттэй тарифын хэлэлцээр, хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд шинэчлэл хийх зэрэгт тус улс ихээхэн анхаарал хандуулж байгаа хэмээн ярилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бүр идэвхжүүлж, хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах хүслээ илэрхийлээд тодорхой саналууд тавив.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзах үеэрээ БНСУ-ыг асар богино хугацаанд үсрэнгүй хөгжилд хүргэсэн удирдагчдын түүхийг сонирхон судалсан талаараа дурдаж, тус улсын Ерөнхийлөгчтэй анх удаа уулзаж байгаа хэдий ч цаашид нягт хамтран ажиллаж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг илүү амжилттай хөгжүүлж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн талаар баримтлах бодлогодоо уян хатан хандахыг хүсээд улс орон маань хөгжиж монголчууд тус улсад ажиллах гэж биш жуулчилж очдог болох цаг ойрхон байгаа гэж боддогоо хэллээ. Мөн Монгол Улсын иргэд БНСУ-д зорчих боломжийг илүү нээлттэй болгож, визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрт анхаарал хандуулахыг хүсэв.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин визгүйн хэлэлцээрт анхаарал хандуулах болон тус улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын талаар баримтлах бодлогодоо анхаарна хэмээн амлав.

Мөн Зүүн Хойд Ази түүний дотор Солонгосын хойгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж Монголын талын Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилга болон Түмэн голын төсөл зэрэг төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээр ярилцав.

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ уулзалтын эхэнд Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэж Японы үндэсний спорт жүдо бөхөөр хичээллэжамжилт гаргасан Японы түүх соёлыг хүндэтгэдэг хүн хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байгааг дурдаад хоёр орны хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Монгол Улсад аж үйлдвэр хөгжүүлж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгаа тэлэх бодлогын хүрээнд дэд бүтэц болоод боловсруулах үйлдвэрийн салбарт Япон улстай ойр дотно хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн ОХУ, Япон улстай хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах зорилгоор ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг дахь боомтын хүчин чадлыг ашиглан ажиллах санал тавьж ярилцлаа.скачать dle 12.0

Санал болгох