Эрх баригчид л Засгийн газраа унагадаг...
-Ж.Эрдэнэбат Монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар зүтгэж ажиллалаа-
ХӨЛ ХОРИОТОЙ ТӨРИЙН ОРДОН
Уржигдархан УИХ-ын ээлжит бус чуулган өөрийн намын Засгийн газрыг унагахаар УИХ дахь МАН-ын 31 гишүүний гарын үсэгтэй албан бичгийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах хүсэлт тавьсны дагуу завсарлаж, өчигдөр дээрх дэд хороо өглөөнөөс эхлэн хуралдаж төрийн ордонд хөл хорио тогтоогоод байсан.
Мэдээж УИХ дахь МАН-ын бүлгийн Засгийн газрыг огцруулахгүй байх саналтай гишүүд нийтээрээ хуралдаанд оролцохоор тохиролцоцгоосныхоо дагуу ихэнх нь ирсэн байсан.Тусгай хяналтын дэд хорооноос гарсан дүгнэлтийг холбогдох хуулийнхаа дагуу Аюулгүй байдал байнгын хороогоор хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд асуудлыг оруулах учиртай. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас хуралдана гэсэн ч 15:00 цаг хүртэл хойшилсон.
Тусгай хяналтын дэд хорооны хуралдааны шийдвэрийг хүлээж байсан сэтгүүлчид УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодруулахад "Би завсарлага авах шалтгаанаа ээлжит бус чуулган дээр тодорхой хэлсэн. Завсарлага авах шийдвэрийг олонх байсан бүлэг шийдсэн юм. Бид ярьж ойлголцох чиглэлээр ажиллаж байна. Ойлголцоно гэдэгтээ ч итгэлтэй байна. Засгийн газрын огцруулах шалтгаан бодитой мөн үү гэдгийг гишүүд өөрсдөө тайлбарлах байх.
Огцруулах явц яагаад хурдсах болов гэдэг нь гарцаа байхгүй Шадар сайд, Ерөнхий сайд хоёрын хоорондын зөрчлөөс үүдэлтэй. Үүнийг л нэг талд гаргах ёстой. Тагнасан, чагнасан гэх зүйлийг хэн хийлгээд байгаа нь ойлгогдохгүй болчихлоо. Тагнаж, чагнахыг Төрийн тусгай алба зохион байгуулаад байгаа юм уу, эд нар өөрсдөө ч үүрэг даалгавар өгөөд байгаа юм уу, хөндлөнгийн хүмүүс оролцоод байгаа юм уу. Энэ бүхнийг нэг талдаа гаргахын тулд Тусгай хяналтын дэд хороо мэдээлэл сонсох ёстой. Би бол ээлжит бус чуулганаар завсарлага авахдаа хууль зөрчөөгүй” хэмээсэн.
Юутай ч зарласан товын дагуу өчигдөр УИХ-ын чуулган нэлээд оройтож эхэлсэн төдийгүй эхлээд Тусгай хяналтын дэд хорооны дүгнэлтийг хаалттай хэлэлцэж, 00:00 хүртэл цаг сунган Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр нээлттэй хуралдахаар болсон.
БАС Л БҮГДЭЭРЭЭ
Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд 76 гишүүний 73 нь ирсэн байлаа. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү эмнэлгийн чөлөөтэй, Д.Тэрбишдагва гадаад томилолттой, Б.Наранхүү шалтгаангүйгээр ирээгүй юм. Асуудлыг хэлэлцэхэд асуулт асуух гишүүн байгаагүй ч үг хэлэхээр дараалал үсгэсэн. Тэдний хэлсэн үгнээс тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
- Сонгууль дууссан төсөв батлах, өвөлд бэлдэх, өр дарах гээд маш их асуудал бидний хүлээж байна. Сонгуулиар бид хүүхэд бүрт мөнгө олгоно гэж амлаж, ялалт байгуулсан. Мөн төрийг тогтвортой байлгана гэж амласан. Мэдээж Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн саналыг хүндэтгэнэ. Гэхдээ Засгийн газрыг огцруулснаар ямар үр дүн гарах, хэн Ерөнхий сайд болох гээд бүх зүйл тодорхойгүй учраас би дэмжихгүй байна. Маш харамсалтай байна.
АН-тай нийлж, Засгийн газраа унагаж байгаад харамсаж байна. Ард түмэнд бидэнд итгэл үзүүлэн 65 суудал өгч байхад АН-тай нийлж Засгийн газраа унагаж байна. Тэртээ тэргүй намын их хурал болж, намын даргаа сонгоод шинэ Засгийн газраа байгуулаад явах боломж байхад ингэж түргэдэж байгаад харамсаж байна Ойрын зайгаа биш алс хэтээ харж шийдвэр гаргасан байх гэж итгэж байна. Монголын төр битгий хямраасай гэсэн чин хүсэл байна.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
- Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар ээлжит бус чуулган хуралдаж байгаа нь өрөвдөлтэй, эмгэнэлтэй байна. Засгийн газрыг огцруулах шаардлага гэж байна. Энэ шаардлагыг манай намын нөхөд бий болгосон гэж би үзэж байгаа. Энэ алхмуудыг хийлгэх кноп дарж зөвшөөрсөн хүмүүс нь бид өөрсдөө. Тиймээс бусдаас буруугаа битгий хай.
Гэр барьчхаад гэрээ цэвэрлэх гэж байгаа бол өөрсдөө л цэвэрлэх хэрэгтэй. Улс орон, эв нэгдлээ. ард иргэдээ бодож байгаа бол гаргах гэж байгаа шийдвэрээ нөхөд маань бодох байх. Энэ Засгийн газар огцорлоо гээд 76 гишүүний хэн нь ч хохирохгүй. Ард иргэд л хохирно
УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат:
- Засаг унах болгоны ард том хулгай явдаг юм шүү гэж ард иргэд маань ярьдаг. Монгол Улс төртэй байна. Засаг болгонд Монгол хүн ажиллана. Энэ засаг огцорсноор энэ засгийн алдааг давтахгүй гэх баталгаа байгаа юм уу. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг. МАН-ын удирдах зөвлөлийн тогтоол бий. Засгийг сайжруулах ёстой. Бид нийт иргэн, улсын эрх ашгийг төлөө тангараг өргөсөн. Дараагийн бүрдэх засгийн төлөө бид цагаа үрэх юм уу. Бид өөрөө өөрсдөөсөө шинэчлэгдье. Энэ засгийг тогтвортой байлгаад дараагийн асуудлыг ярихыг уриалж
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
- Ард түмэн биднийг сонгохдоо өмнөх жилүүдийн алдааг засах болов уу гэж сонгосон. Гэвч тэр итгэлийг бид алдаж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүд ирээдүйд сайн үр дүн авчрах хүнд шийдвэрүүдийг гаргасан. Энэ хугацаанд улс орныхоо эрх ашгийн төлөө ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэх мэт хүнд шийдвэрийг ч гаргасан. Хамтдаа энэ шийдвэрийг гаргачхаад одоо би өөр байр суурьтай байсан гэж хэлээд Засгийн газраа огцруулж болохгүй. Намынхаа Бага хурал, Их хурлыг хүлээх нь зөв байсан юм. Гэвч бидэнд нам хамаагүй гэж байгаа юм шиг Засгийн газраа огцруулах гэж байгаад харамсаж байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-МАН-ын бүлгийн 65 гишүүн дотоод асуудлаа ярьж байгаа юм шиг боловч төрийн асуудал шүү. Гэхдээ гарын үсэг зурсан гишүүдийг буруутгахгүй ч хийх ажлаа буруу эхлээд байна. Эхлээд асуудлаа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад хаяглаад бүлэг дээрээ хэлэлцэх байсан. Эсвэл Засгийн газар итгэл үзүүлэх тогтоолын төслөө УИХ-д оруулж ирж болох байлаа. Гэтэл шууд УИХ-ын даргад өргөн барьсан нь буруу. Засгийн газарт алдаа, оноо бий л байх. Гэхдээ зорилго зөв бол арга хамаагүй гэж зүтгэж болохгүй.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Бид өмнөх Засгийн газрын буруу бодлогыг засаж залруулж ажилласан. Бүх зүйлийг муугаар харж, хараар будаж болохгүй. Эдийн засгийн бүх үзүүлэлт сайжирсан. Хэдийгээр өнгөрсөн хугацаан гаргасан шийдвэрүүд хүнд хэцүү байсан ч бүгд ирээдүйгээ харсан шийдвэр байсан. Үүнтэй холбоотой алдаа, оноо бүхэн бидний 65 гишүүнийх.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд С.Бямбацогт:
-Ард түмэн МАН-д итгэж 65 суудалтай болгосон. Ард түмний амьдрал хэцүү байсан учраас биднийг хямралаас гаргах байх, тогтвортой ажиллах байх гэж биднийг сонгосон. Гэтэл журмын нөхөд маань Засгийн газраа огцруулах асуудлыг ярьж байна. Ингэснээрээ ард түмний итгэлийг бүрэн алдлаа. Тиймээс журмын нөхөд минь сайн бодоорой.
Засгийн газар сайн ажилласан. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Жишээ нь, миний удирдаж байгаа Хууль зүйн салбарт гэмт хэргийн гаралт 17 хувиар буурсан. Гэр бүлийн хүчирхийллийн хууль гээд маш олон хууль батлагдсан. Маш олон ажил хийсэн.
Ж.ЭРДЭНЭБАТ: ЖУРМЫН НӨХӨД МИНЬ АЛДАА ГАРГАСАН ХАРИУЦЛАГЫГ НЬ БИ ХҮЛЭЭХЭД БЭЛЭН БАЙНА
Ийн УИХ-ын гишүүд ээлж дараалан үг хэлсэн бөгөөд хамгийн сүүлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн.
Тэрбээр "Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа батлан мөрдөж эхэлснээс хойших 25 жилд 13 Засгийн газар ажиллажээ. Манай танхим 14 дэх нь. Эдгээрээс хоёр Засгийн газар нь Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн дөрвөн жилээ дуусгаж, 11 нь огцрох буюу 1-2 жилийн хугацаанд ажилласан байна. Энэ тоог 12 болгох үгүйг, энэ түүхийг бас нэгэн шинэ тохиолдлоор нэмэх эсэхийг УИХ өнөөдөр хэлэлцэх гэж байна. Ардчилсан парламентын засаглалтай оронд Засгийн газрыг огцруулах нь байдаг л хэвийн үзэгдэл боловч, сайн үйлийг хүртэл хэм хэмжээнээс нь хэтрүүлбэл хор, хохирол болдог.
Манай улсын хувьд 25 жилд 13 Засгийн газартай, нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.7 орчим жил байсан гэдэг бол гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлагын эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг болон тогтжээ.Бид заримдаа "гадаадын зарим хөрөнгө оруулалтыг эдийн засгийн алуурчин” гэх нэр хоч өгөн шүүмжилдэг ч, бодит байдал дээр Монгол Улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа "дотоодын алуурчин" нь улстөрчид бид өөрсдөө болжээ.
Энэ талаар Та бүхэн надтай санал нийлэхгүй байж болно оо. Энэ бол Эрдэнэбат миний их улс төрд явж, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан цаг, хугацаандаа мэдэрсэн хувийн дүгнэлт. Энд би "УИХ-д олон сонгогдож, дээрх 11 Засгийн газрын хувь заяаг дэнслэхэд бүгдэд нь оролцсон, эсвэл УИХ-д анх удаагаа сонгогдсон” гэж хувь хүнийг нь ялган буруутгахгүй, УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд нь халдахгүй.
Харин хэрвээ бид улсаараа хөгжье л гэвэл буруу жишигтээ цэг хатгаж, засаглалын тогтвортой байдлыг хадгалах, тогтолцоогоо улам боловсронгуй болгох, Үндсэн хуулийнхаа зүйл, заалт бүрийг чанд сахин мөрдөх цаг болжээ гэдгийг хэлэх гэсэн юм.” хэмээгээд өнгөрсөн хугацаанд ажиллахад улс төр,нийгэм, эдийн засгийн ямар бодлого боловсруулан ажиллаж, ямар сорилтуудыг давснаа ч мөн хэллээ.
Түүнчлэн "Журмын нөхөд минь алдаа гаргасан хариуцлагыг нь би хүлээхэд бэлэн байна. Бид улс төржихгүй талцахгүй ажиллах хоёр жилийн хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд том төслөө хөдөлгөх үлдээд байна. Бид зүгээр суугаагүй. Том төслөө алдагдалгүй хөдөлгөх таатай цаг үеийг хүлээсэн. Хөдөлгөсөн нэр зүүхийн оронд алдаа гаргахгүй ажиллах тохиромжтой цаг үеийг хүлээсэн юм.
Намайг сайд нарт концесс хувааж өгсөн гэх асуудалд манай Засгийн газарт нэр холбогдсон нь үнэн. Гэхдээ концессын гэрээ өмнөх Засгийн газрын үед хийгдэж, ажил нь хүртэл эхлээд байсан. Манай Засгийн газрын үйл ажиллагаанд алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хуулийн нэг ч зүйл заалт зөрчөөгүй. Шадар сайдыг тагнасан, чагнасан гэх асуудал миний хувьд байж болшгүй асуудал. Би аргагүй эрхэнд хуулийн байгууллагад хандсан юм.
Шадар сайдаа тагнах ёс суртахуун, хүмүүжил байхгүй. 60 тэрбумын асуудлаар хэвлэлээр яваад байгаа мэдээллээс илүү зүйл байхгүй. Би албан хаагчийг томилохдоо нэг ч төгрөг аваагүй.” гэсэн.
Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлж дуусаад, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн Байнгын хорооны саналыг дэмжих эсэх асуудлаар санал хураасан. Ингэхэд хуралдаанд оролцогч нийт 73 гишүүн санал өгсөн бөгөөд дээрх саналыг дэмжихгүй хэмээн 41 гишүүн буюу 57.5 хувийн саналаар Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн.
Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн гишүүд:
- Т.Аюурсайхан
- С.Батболд
- Ж.Батзандан
- Б.Батзориг
- О.Батнасан
- Б.Баттөмөр
- Л.Болд
- Х.Болорчулуун
- Ж.Ганбаатар
- Д.Гантулга
- Ц.Гарамжав
- Ц.Даваасүрэн
- Д.Дамба-Очир
- Б.Жавхлан
- С.Жавхлан
- Г.Занданшатар
- Д.Мурат
- З.Нарантуяа
- Х.Нямбаатар
- Ц.Нямдорж
- М.Оюунчимэг
- Л.Оюун-Эрдэнэ
- Б.Пүрэвдорж
- Ш.Раднаасэд
- Я.Санжмятав
- Д.Сарангэрэл
- Я.Содбаатар
- Г.Солтан
- Д.Сумьяабазар
- А.Сүхбат
- Д.Тогтохсүрэн
- Ч.Улаан
- Ч.Хүрэлбаатар
- Д.Цогтбаатар
- С.Чинзориг
- Л.Элдэв-Очир
- Ж.Энхбаяр
- Л.Энхболд
- Б.Энх-Амгалан
- С.Эрдэнэ
- Д.Эрдэнэбат
Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн гишүүд:
- Н.Амарзаяа
- Ё.Баатарбилэг
- Х.Баделхан
- Б.Бат-Эрдэнэ
- Ж.Бат-Эрдэнэ
- М.Билэгт
- С.Бямбацогт
- Д.Ганболд
- Б.Дэлгэрсайхан
- Д.Лүндээжанцан
- Л.Мөнхбаатар
- Ж.Мөнхбат
- Г.Мөнхцэцэг
- Ц.Мөнх-Оргил
- Н.Номтойбаяр
- Н.Оюундарь
- Д.Оюунхорол
- Б.Саранчимэг
- О.Содбилэг
- Г.Тэмүүлэн
- Б.Ундармаа
- А.Ундраа
- Д.Хаянхярваа
- Ц.Цогзолмаа
- Н.Цэрэнбат
- Б.Чойжилсүрэн
- М.Энхболд
- Н.Энхболд
- Ө.Энхтүвшин
- Л.Энх-Амгалан
- Ж.Эрдэнэбат
Эх сурвалж: Өглөөний сонин