Гацууртыг шийдэх КНОП-ны эзэд хэн хэн байх бэ?
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухайн хуулийн төсөл энэ долоо хоногт чуулганаар эцсийн хэлэлцүүлэгт орно. Засгийн газраас өмнө нь хоёр удаа өргөн бариад буцаагдаж байсан хуулийн төсөл энэ удаа эцсийн хэлэлцүүлэг хүртлээ эрчээ авч, батлагдах дээрээ тулчихаад байгаа юм. Одоо гишүүдийн ямар кноп дарахаас хамааран бүх асуудал шийдэгдэнэ.
Ц.Даваасүрэн: Кноп л бүхнийг шийднэ
Гацууртыг анхнаас эсэргүүцэж байсан гишүүдийн нэг болох Ц.Даваасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.
- Гацууртын асуудал чуулганаар дэмжигдэх нь тодорхой болчихлоо?
- Бие даагчдын зүгээс Гацуурт дээр анхнаасаа эсэргүүцэж байсан байр сууриа эцсийн мөч хүртэл хадгална. Хүч хүрэх хэмжээндээ тэмцлээ үргэлжлүүлж, үгээ хэлнэ гэж бодож байгаа. Ер нь манай улс төрчид бодох хэрэгтэй.
Бид Гацууртаас 200 сая ам.долларын ашиг л хүртэнэ. Оюутолгойн хажууд энэ маш бага мөнгө. Заавал Гацууртыг өгөх гэж улайраад зүтгээд байх ямар хэрэгтэй юм. Улстөрчдөд ихээхэн эрх ашгийн зөрчил байгаа нь л энэ асуудал дээр харагдаж байгаа.
- Гишүүдтэй энэ асуудлаар та уулзаж, санал солилцож байгаа юу?
- Бид гишүүдтэй уулзаж байхдаа "Та нар дэмжих хэрэг байна уу?. Ашигтай юм алга байна” гээд яриад л байгаа. Картаа хийчихээд түр гарсан, эзгүй байгаа гишүүдийг хүртэл "Хөөе, чи ор л доо. Хариуцлагатай ханд” гэхчлэн хэлээд л явсан. Одоо эцсийн хэлэлцүүлгийн үед кноп л бүхнийг шийднэ. Анхны хэлэлцүүлгийг дэмжихэд таван гишүүн эсрэг кноп дарсан бол уначихаар байсан.
- Одоо тийм найдлага байна уу?
- Түүний төлөө л ажиллаж байна. Анхны хэлэлцүүлэг хийх үеэр чуулганд 52 гишүүн оролцож байсан. Хорь гаруй нь дэмжээгүй. Одоо гишүүдийг илүү нухацтай хандаасай гэж хүсэж байна.
Шийдлийн кнопыг хэн хэн дарах бэ?
Тэгвэл Гацууртын ордыг буцаах эсвэл эдийн засгийн эргэлтэд оруулах шийдлийн кнопыг хэн хэн дарах бэ? Засгийн газраас өнгөрсөн зургаадугаар сард Гацууртын асуудал орж ирэхэд Д.Ганбат, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, С.Дэмбэрэл, Д.Зоригт, М.Зоригт, С.Оюун, Ц.Оюунгэрэл, Д.Сарангэрэл, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Ж.Энхболд, Н.Энхболд, С.Эрдэнэ нар дэмжсэн кноп дарж байсан. Эдгээр 15 гишүүнийг улс орноо худалдахаар зэхэгсэд хэмээн цоллож, эсрэг кноп дарсан гишүүдэд иргэний нийгмийн байгууллагууд талархал хүртэл илэрхийлээд амжсан.
Харин энэ удаагийн Гацууртын төсөл дээр АН-ын бүлгээс Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар л эсрэг кноп дарсан. Бусад нь бүгд бүлгийнхээ шийдвэрийг дагаж, хэлэлцэхийг дэмжив. Зургаадугаар сард гацууртыг ухуулахгүй гэж индрээс үгээ хэлж байсан Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, Ш.Түвдэндорж тэргүүтэй АН-ынхан энэ удаа "урважээ”.
МАН-ын бүлгийн тухайд тэд анхнаасаа Гацууртыг гар өргөөд дэмжчихээгүй. Тэр ч утгаараа С.Дэмбэрэл, Л.Энх-Амгалан, нарын цөөн хэдэн гишүүд л Гацууртыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжиж, бусад нь засгийн газарт буцаах кноп дарцгаасан байдаг. Харин өнгөрсөн долоо хоногт энэ байр суурь хүчтэй өөрчлөгдөж, С.Бямбацогт, Д.Оюунхорол тэргүүтнүүдээр дэмжиж байгаа гишүүдийн тоо нэмэгдсэн.
Гэхдээ МАН-ын бас бүгдийг нь хараар будчихаж болохгүй. Ерөнхийдөө анхнаас нь эсэргүүцэж байсан Б.Бат-Эрдэнэ, Д.Хаянхярваа, Д.Тэрбишдагва, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр нар эсрэг кноп дарсан. Бүлгээс сонгуулийн хуулиар найцаалцаж, тодорхой заалтууд дээр тохироо явагдсан тул тэдэнд үг хэлэхийг нь хорьсон гэх яриа явсан. Харин "Шударга ёс” эвслийн бүлгээс Ц.Оюунбаатар урваж, энэ удаа засгийн газрын бодлогоо дэмжсэн. Бусад нь өмнөх байр сууриа хадгалжээ.
Мөнхүү өмнөх долоо хоногт Гацууртыг хэлэлцэх үеэр МАН-ынхны ирц тун чиг байсныг санах хэрэгтэй. Тэгэхээр найдварын гол цэг нь ерөнхийдөө МАН-д байгаа юм. Бүр тодруулж хэлбэл, өнгөрсөн долоо хоногт хурал тасалсан нөхөд. Өмнө нь хэлэлцэхэд эсрэг кноп дарж байсан МАН-ын ихэнх гишүүд өнгөрсөн долоо хоногт хурлаа тасалсан. Тэдний санал ямар хэлбэрээр дарагдах байсныг бас таашгүй юм. Түүнчлэн АН-ын хамгийн хамгийн их хурлаа тасалдаг Х.Баттулга гишүүнийг Гацууртыг хэлэлцэхэд хуралдаандаа суухыг олон нийт уриалсан гэх. Эсрэг кноп дарах гишүүдийн тоог нэмэх гэхдээ Х.Баттулга гишүүнд ажлаа хийхийг олон нийтээс зөвлөж буй нь энэ юм. Түүнчлэн Х.Баттулгыг МоАХ фракцаас ганц гишүүн ч гэсэн чирч ирэх найдлага тавьж байгаа гэх. Бие даагчдын зүгээс ч МАН-ын нэр бүхий гишүүдийг хуралдаа сууж, асуудалд илүү нухацтай хандахыг учирласан гэх бор шуваа нисэж байна.
Гацууртыг эцсийн хэлэлцүүлэгт
Гацууртыг засгийн газарт буцаав /2015.06.19/ бэлтгэхийг дэмжсэн нь /2016.01.14/
Эх сурвалж: www.TODAY.mn Ж.Мядагбадам