А.Бакей: Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН-д даатгаж болохгүй

🕔 2017/08/14 11:54
А.Бакей: Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН-д даатгаж болохгүй
ШУА-ийн гишүүн, академич, УИХ-ын гишүүн асан А.Бакейтай ярилцлаа.

-АНаас Үндсэн хуульд оруулах өөрчлөлттэй холбогдуулан Ажлын хэсэг байгуулснаа зарласны дотор таны нэр дуулдсан. Та бүхэн ямар чиглэлээр ажиллах юм бэ? 

-Намын бүлгээс саяхан утасдаад "Ажлын хэсэг байгуулж байна, бүрэлдэхүүнд орох уу” гэж санал авахад нь "оръё” гэсэн. Яаж ажиллах талаар одоогоор нарийн мэдэхгүй байна. Би бодохдоо одоогийн өргөн баригдаад хэлэлцүүлэг хийж байгаа төслийн талаар Ардчилсан нам байр сууриа илэрхийлэхэд эхлээд нам дотроо байр сууриа нэгтгэх, өөрчлөлтийг батлах нь зүйтэй, эсэхэд дүгнэлт гаргах үүрэгтэй болов уу гэж бодож байна. Ойрын үед цуглаж ярилцах байх. 

-Тэгвэл хуулийн өөрчлөлтийн талаарх таны хувийн байр суурь юу вэ? 

-Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал шинэ зүйл биш. Маш олон жил яригдаж байгаа сэдэв. Миний мэдэхийн сүүлийн гурван парламентын хугацаанд гол сэдэв болж  ирлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу гэдэгт би өмнө нь ч байр сууриа хэвлэлээр илэрхийлж байсан, ийм шаардлага бий. Гагцхүү цаг хугацааны хувьд, хэзээ өөрчлөх вэ гэдэг нь гол асуудал юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь олон нийтийн, улс төрийн намуудын, Их хурал дахь  намын бүлгүүдийн гэхчлэн бүх талын оролцоог хангасан, аль болох зөвшилцөлд тулгуурласан, нийтлэг эрх ашигт нийцсэн байдлаар хийгдэх ёстой. Гэтэл одоогийн Их хурлын бүрэлдэхүүн  хэт нэг нам дээр суурилсан учраас энэ цаг хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зөв үү, буруу юу гэдэгт зөвхөн би ч биш, нийгмийн эргэлзээ байна. 

-Харин ч нэг нам олонх үед зоригтой хийе гэж зарим улс төрийн хүчин үзсэн байсан?

-Яагаад гэвэл, нэг нам толгойлсон цаг үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар тэр нь зөв болж чадах уу, буруу болох уу гэдэгт эргэлзээ байгаа юм. Уг нь бид өнгөрсөн УИХ-ын бүрэн эрхийн  хугацаанд  бас л ялгаагүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын  тулд том Ажлын хэсэг томилон дүгнэлт гаргаж, төслөө бэлэн болгож асуудлаа ярья гэхэд бараг л жадлан эсэргүүцсээр байгаад огт  хийлгээгүй. Зөвхөн Үндсэн хууль ч бус Төрийн албан тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Мэргэжлийн хяналттай холбоотой хууль тогтоомжийг өөрчилье гэхэд  болоогүй. Тэгэхээр одоо Үндсэн хуулийн  өөрчлөлттэй холбоотой асуудлыг маш сайн хянаж байж хийхгүй бол тийм амархан нэг намд найдаад өнгөрч болохгүй. Өнгөрсөн УИХ-ын  бүрэн эрхийн хугацаанд хүчтэй сөрөг хүчинтэй, хүчний харьцаа харьцангуй тэнцвэртэй байсан шүү дээ. Тэр үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн бол илүү боломжтой байсан. Гэхдээ тэр цаг хугацааг бид ашиглаж чадаагүй. Сөрөг хүчнээс тийм боломж олгоогүй. Гэтэл одоо 76 гишүүний 65 нь нэг намаас бүрдсэн ийм Улсын Их Хурлаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийг би буруу гэж бодож байна.

-Үндсэн хуульд оруулахаар ярьж байгаа саналуудын талаар?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байгаа асуудлуудыг ерөнхийд нь зүйтэй гэж үзэж байгаа. Тухайлбал, төрийн албыг зөв төлөвшүүлэх үүднээс Төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн байгууллага болгох тухай асуудал гарцаагүй  чухал. Өнөөдөр манайд аль нь төр, аль нь нам бэ  гэдэг ялгагдахгүй болсон. Үндсэндээ төр ч биш нам л улсыг удирдаж байгаа. Үүнийг засах ёстой. Иймд төрийн албыг Үндсэн хуулийн байгууллага болгон статусыг нэмэгдүүлж, хараат бус, нам, улс төрийн хүчний нөлөөнөөс ангид байлгах нь нэг номерын асуудал гэж бодож байна. Дээр нь эрх мэдлийн хуваарилалтыг эргэж харах асуудал яах аргагүй  байгаа. Засгийн газрын чадамжийг бэхжүүлэхтэй холбоотой саналыг  би дэмжиж байна. Жишээ нь, Японы Засгийн газар гэхэд л байсхийгээд  өөрчлөгдөж байгааг та бүхэн харж байгаа байх. Түүнтэй адил ямар нэг асуудлаар ажил нь урагшлахгүй байгаа салбарын сайдыг хамгаалаад суугаад байх биш, Засгийн газрын тэргүүн өөрөө танхимаа бүрдүүлээд, гишүүддээ хариуцлага тооцдог уян хатан байх нь гарцаагүй чухал,  зөв зүйтэй чиглэл гэж  бодож байна. Манайд шийдвэр хэтэрхий удаан гардаг. Зарим асуудлыг 20-25 жил ярьж, одоо болтол шийдэхгүй явж байна. Тэр дотор эдийн засгийн том асуудлууд цөөнгүй. Энэ юуг харуулж байна гэвэл, эрх мэдлийн хуваарилалт, харьцааны тэнцвэрт байдал алдагдсаных. Бие биеэ гар хөлийг нь бариад хөдөлгөхгүй байна шүү дээ. Үүнтэй холбоотойгоор ялангуяа  эдийн засгийн чиглэлийн шийдвэрийг Засгийн газар гаргаж явах, энэ нөхцөл боломжийг олгохтой холбоотой  өөрчлөлтийг зөв гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах үйл явцыг шуурхай болгочихвол хөгжил гэдэг зүйл түүнээс шууд хамаарч байна. Шийдвэр маш удаан гарч байгаа учраас тэр хэрээр бид хүрэх ёстой эдийн засгийн хөгжил, боломжоо алдаж байна. Тиймээс энэ асуудлыг эргэж харж, засах нь зүйтэй. Дээр нь мэдээж, аймаг, сум, дүүргийн Засаг даргыг томилох уу, үгүй юу, эсвэл сонгох уу гэдэг ч үүнтэй холбоотой. Бас давхар дээлний асуудал байна. Ялангуяа Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашдаг явдлыг болиулах хэрэгтэй. Энэ механизм заавал Үндсэн хуульд тусгагдах ёстой. Ийм цөөн тооны асуудлаар  яах аргагүй зарчмын шинжтэй өөрчлөлтүүд хийх хэрэгтэй. Түүнээс биш бүх асуудлыг эргэж харж, нэмэлт өөрчлөлт биш шинэчилсэн найруулга маягтай болоод явбал  холион бантан болно. Тиймээс Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг харьцангүй цөөн асуудлын хүрээнд хийх хэрэгтэй. 

-Лу.Болд гишүүн "Үндсэн хуульд оруулсан дордуулсан долоон заалтыг хүчингүй болгосны дараа өөрчлөлтийн тухай ярь” гэсэн. Бас шинэ хуулийн төсөл боловсруулсан улс төрийн хүчин бий. Олон хувилбарыг яаж авч үзэх ёстой вэ?

-Үндсэн хуулийг өөрчлөх талаар маш олон санал, хувилбар яригдаж байгаа. Зарим нам Үндсэн хуулийн шинэ төсөл боловсруулан  зэрэгцүүлээд хэлэлцүүлэг явуулж  байна. Тухайлбал, МАХН шинэ төсөл боловсруулж хэлэлцүүлээд явж байгаа. Тэр болгоны давхцал нь хаана байна гэдгийг бид бодох хэрэгтэй л дээ. 2000 онд Үндсэн хуульд хийсэн долоон өөрчлөлтийн зарим нь хэрэгтэй, мөн хэрэггүй нь ч бий. Хэрэггүй гэдэг дотор "Давхар дээл” болон намуудын зөвшилцлийн асуудал байгаа. Энэ дашрамд хэлэхэд, намын байр суурийг бэхжүүлсэн заалт дордуулсан гэх долоон өөрчлөлтийн нэгэнд явж байгаа. Дээр нь Их Хурлын чуулганы хуралдааны ирцийг  багасгасан асуудал орно. Тэгэхээр яах аргагүй, Лу.Болд гишүүний ярьж байгаа үнэн л дээ. Үндсэн хуулийн цэц тэдгээр заалтыг хүчингүй болгосон байхад тухайн үед төрийн эрхэнд нэг нам дангаараа олонх байсан учраас хүч түрээд хэрэгжүүлээд явсан. Энэ хүрээнд 2000 оноос хойш бүхэл бүтэн 16 жилийн дотор Үндсэн хуулийн тэр  өөрчлөлтийн дагуу төрийн бүх үйл ажиллагаа явсан учраас гаргасан хууль, тогтоомж, шийдвэрийг бүгдийг   эргэж харах, хүчингүй болгох асуудал гарна. Миний түрүүнд хэсэн болгоомжлолын нотолгоо энэ юм. Нэг нам давамгай байр суурьтай байхад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах  нь үнэхээр буруу. Энэ асуудлаар бараг дараагийн УИХ-ыг хүлээх нь зөв байх.

-Хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих гэж байна гэх боллоо. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Манайх засаглалын хэлбэрийн хувьд парламентын засаглалтай орон. Тэгэхээр тэр хэв шинжээ хадгалах нь зүйтэй. Гэхдээ төрийн институци хоорондын ажлын,чиг үүргийн уялдаа холбоо, харилцан хяналт тавих  механизмыг үгүй хийж болохгүй. Энэ дотор мэдээж Ерөнхийлөгчийн  эрх үүрэг, тэр дотор одоо хэрэгжиж байгаа зарим асуудал Үндсэн хуулиас болж байна уу, эсвэл органик хуулиудад оруулсан өөрчлөлтөөс шалгаалж байна уу гэдэгт асуудал бий. Яг нарийндаа бол Үндсэн хуультай холбоогүй, органик хуульд өөрчлөлт оруулж янз бүрийн чиг үүрэг нэмээд байсан тал бий. Үүнийгээ эргэж харах ёстой болохоос Үндсэн хуулиас боллоо гэж болохгүй. Нийт ард түмнээс сонгогдсон субьектийн хувьд байх ёстой чиг үүрэг нь байх ёстой. Гэхдээ түүнийг Үндсэн хуулийн үзэл санааны дагуу органик хуулиар бий болгосон уу, зарчмыг эвдэж нэмэгдүүлсэн үү гэдэгт судалгаа хийх хэрэгтэй байх.

-"Асуудлыг дараагийн парламентад үлдээе” гэсэн саналаас гадна өөрчлөлтийг одоо хийчи­хээд хэрэгжих хугацааг 2020 он гэж хуулиа баталъя гэх нь ч байна?  

-УИХ дахь нэг намын 65 гишүүн ямар ч асуудлыг өөрчлөх бүрэн боломжтой байна шүү дээ. Зөвөөр ч тэр, буруугаар ч тэр. Тийм нөхцөлд би иргэний хувьд итгэхгүй байгаа. Тухайн намын эрх ашигт нийцсэн өөрчлөлт оруулахыг байг гэхийг үгүйсгэхгүй. Иймд Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоо хэлэлцүүлж байгаад хэлэлцүүлгийн явцад гарсан санал, дүгнэлтүүдийг нэгтгэж, сайн гарын авлага үлдээх нь л зүйтэй болов уу. Дараа нь хэрэг болно шүү дээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох