Шүлхийдээ дарлуулсан Монголчууд
Монгол хүний эрүүл аж төрөх байдал малаас шууд хамааралтай. Мал нь эрүүл байвал хүн ам эрүүл байна гэсэн үг. Тиймээс улсын хэмжээнд өнгөрсөн хавар шүлхий болон цэцэг өвчний голомтот бүс нутгийн мал сүргийг вакцинжуулж арга хэмжээ авсан ч дахин таван аймагт дэгдлээ.
Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сум, Хэнтий, Дорнод, Дундговь, Дорноговь гэсэн аймгуудад шүлхий өвчин газар авсан бол мялзан өвчин ч бас дэгджээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Сүмийн хөндийд өвчилсөн хоёр янгираас цусны дээж авчээ. Нэг нь янзага байсан бөгөөд нүд нь нуухдаж, чацга алдсан, амьсгаадсан шинжтэй байсан бол нас бие гүйцсэн янгир мөн адил шинжтэй байсан ажээ.
Эдгээр шинж тэмдэг нь бог малын мялзан өвчний шинж бөгөөд байгаль хамгаалагчид аймгийн мал эмнэлэг, байгаль орчны газруудад мэдээлсэн байна. Мөн янгир өвчилсөн тохиолдол Ховдын Дарви сумын нутагт ч гарчээ. Өөр олон газар янгир өвчилсөн байх магадлалтай бөгөөд энэ талаар малчдаас мэдээлэл байнга ирж байгаа аж. Бог малын мялзан өвчин зэрлэг амьтдад халдах байдал зунаас гайгүй болно гэж өнгөрсөн хаврын их дэгдэлтийн үеэр мэргэжилтнүүд онцлон хэлж байсан ч харамсалтай нь, уг өвчин зуны дэлгэр цагт ч амьтдад халдварлах нь зогсохгүй байгаад мэргэжилтнүүд сэтгэл түгшиж байна.
Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний "А" ангилалд багтдаг бөгөөд маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай төдийгүй эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин. Адуунаас бусад мал буюу салаа туурайтай зэрлэг амьтад уг өвчнөөр өвчилдөг байна. Өвчний нууц үе 1-14 хоног аж. Тэгвэл, малын гэх тодотголтой шүлхийн вирус хүнд ч халдварладаг тухайг бид өмнөх нийтлэлдээ дурдаж байсан.
Монголчууд бид өөрсдийгөө байгалийн эрүүл, "ориг" хүнс хэрэглэдэг гэж дөвийлгөдөг. Гэтэл бидний өөрсдийн хайхрамжгүй, хэнэггүй зангаас болоод иддэг мах маань хүртэл өвчин үүсгэх аюулд хүрч болзошгүй байна. Ялангуяа мал эмнэлэг хувьд шилжсэнээс хойш малаа угаалгадаг, вакцин тариулдаг, урьдчилан сэргийлэх үзлэгт оруулдаг малчин ховордсон.
Үүнээс болоод таван хошуу малын эрүүл мэнд сөрөг нөлөө учирч байгаа нь нууц биш. Бруцеллёзгүй мал олоод ир гэвэл өдрийн од шиг л болж. Шүлхий, боом, адууны ханиад гээд мал амьтны онц аюултай халдварт өвчин социализмын үед бараг байдаггүй байлаа. Одоо бол зүгээр л гарч л байдаг үзэгдэл мэт болтлоо газар авсан ч энэ өвчнийг нэг мөр дарж чадахгүй байгаа нь харамсалтай.
Уг нь салбар яамны зүгээс шүлхий, мялзан өвчнийг хавар бүрэн зогсоож чадсан ч сая ийнхүү дахин дэгдлээ. Түүнчлэн өнгөрсөн сарын 31-ны өдөр СХД-т малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан өвчний голомтыг таслан зогсоох зорилгоор тус дүүргийн нэгдүгээр хорооны 11 дүгээр хэсгийн долоон өрхийн 106 толгой үхрийг хүн амын нягтрал суурьшлын бүсээс шилжүүлэх арга хэмжээг авч мал амьтдыг гаргасан билээ.
Шүлхий өвчинтэй тэмцэх гол арга нь тухайн бүсэд тэр чигээр нь хорио цээр тогтоон, халдвар авсан сүргийн малыг өвчтэй, сэжигтэй гэж ялгахгүйгээр бүх малаа устгаж, ойр орчны малд хяналтын шинжилгээ хийж эерэг урвалтай мал илрээгүй тохиолдолд гурван сарын дараа "эрүүл” гэсэн статусаа сэргээдэг байна. Тэгвэл шүлхий өвчин дараах замаар халдварладаг байна.
Халдварлах зам:
Шүлхий өвчтэй мал, амьтантай шууд хавьтал болох, ялангуяа өвчтэй малын сүүг буцалгаж хэрэглээгүйн улмаас хүнд халдварладаг.
Тархвар судлал:
Өвчний эх уурхай нь өвчтэй ,мал, амьтан юм. Өвчтэй мал амьтдын шүлс, сүү, өтгөн, шингэнээр шүлхий өвчний вирус ялгардаг. Эдгээрээс хамгийн аюултай нь өвчтэй мал, амьтны шүлс бөгөөд вирус хамгийн ихээр агуулагддаг. Хүнээс хүнд халдварладаггүй. Ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн, тэр вирусийн дархлаа 1.5 cap хүртэл хугацаанд тогтдог.
Эмнэл зүй:
Халдварын нууц үе 3-8 хоног. Өвчний эхэн үед 38-39 хэм хүртэл халуурах, толгой өвдөх зэрэг томуу өвчинтэй төстэй шинж тэмдгүүд илэрч байснаа гарын арьс, амны салстад цэврүү гарах шинж тэмдэг илэрнэ.
Урьдчилан сэргийлэлт:
Судалгаагаар хүний шүлхийгээр өвчлөгсдийн 65% нь халдвартай малын сүү ууснаас, 1% нь халдвартай сүүгээр бэлтгэсэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс, 34% нь халдвартай малтай ойр хавь ажилласнаас халдвар авдаг нь тогтоогджээ. Халдвартай сүүг таван минут буцалгахад шүлхийн вирус үхдэг.
Иймээс:
- Малын сүүг заавал буцалгаж цай ундандаа хэрэглэх
- Махыг баталгаатай газраас худалдан авч, сайтар чанаж хэрэглэх
- Гашилсан сүү, тараг, хоормог, цөцгийн тос, мах зэрэгт шүлхийн вирус тодорхой хугацаагаар амьд байх чадвартай тул халдварын голомттой газрын малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийх, сайтар боловсруулан хэрэглэхийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.
Ямартай ч тогтоож чөдөрлөж чадахгүй алдчихаад байгаа шүлхий өвчнийг хэзээ бүрэн зогсоох вэ гэдэг нь малчдын шүдний өвчин болчхоод байна.
Эх сурвалж: