Азгүй “цахлай” ба Антони Кнокерт

🕔 2017/08/08 12:55

Азгүй “цахлай” ба Антони Кнокерт

Хэдхэн хоногийн дараагаар Английн Премьер лигт анхны тоглолтоо хийх "Брайтон энд Хоув Альбион” буюу "цахлайнууд”-д нэгэн олны анхаарлыг татсан тоглогч бий. Тэр бол Антони Кнокерт. Намхан нуруутай /173 сантиметр/, 25 настай энэ франц хагас хамгаалагч залуу нас биендээ баймгүй ихийг үзэж яваа нэгэн.

Өнгөрсөн улиралд тэрбээр Чемпионшип лигт 15 гоол оруулж, 8 гоолын дамжуулалт өгч гялалзсан бөгөөд лигийнхээ шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. "Брайтон”-ы амжилтын нэгэн чухал хэсэг.

Гэхдээ өнгөрсөн жил Кнокертэд дандаа амжилт, аз жаргал авчраагүй юм. Хагацал зовлон нэмсэн үе бий. Өнгөрсөн жилийн намар аав нь өөд болжээ. Хүүгийнхээ тоглолтыг үзэхээр Англид ирсэн эцэг нь стадионы шат өөдөө ч өгсөж чадахааргүйгээр бие нь муудсан байж. 

"Аравдугаар сарын 29-нд "Норвич”-той тоглосны дараагаар би дасгалжуулагчаасаа чөлөө гуйсан. Аав минь эмнэлэгт хэвтсэн тухай надад хэл дуулгасан болохоор тэр. Ходоодны хорт хавдар гэсэн оноштой. Би аавыгаа хэзээ ч тийм байхыг хараагүй. Намайг очсоноос хойш дөрвөн хоногийн дараа өөд болсон. Эмч нар хэлэхдээ "Хэт оройтож эмнэлэгт иржээ” гэсэн. Өөрийгөө аврах хугацаа аавд минь байгаагүй. Хоёрхон долоо хоногийн өмнө л Англи дахь гэрт минь ирж, хөлбөмбөг ярьж суусан хүн шүү дээ..." гэж Кнокерт өгүүлжээ.

"Брайтон”-ы хувьд "Норвич”-ийн дараахь тоглолтод өрсөлдөгчөө буулган авахад гоол оруулсан Стив Сидуэлл багийнхаа андаа хүндэтгэн, сэтгэл санаагаар дэмжиж түүний өмсгөлийг өргөсөн юм билээ.

Харин дараа нь "цахлайнууд” бүтэн багаараа Францын хойд хэсэгт орших Лерс хотод болсон Кнокертийн эцгийн оршуулгын ёслолд очиж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэж, багийн андаа сэтгэл санаагаар дэмжсэн юм. 

Эхэндээ Антони Кнокерт эцгийнхээ ажил явдалд багийн дасгалжуулагч Крис Хьютон болон ахлагч Бруно Сальтор хоёрыг ирэх байх гэж харж байж. Гэвч багийнхан нь бүгдээрээ очих хэрэгтэй шийдсэн юм.

"Дасгалжуулагч ирнэ гэдгийг би мэдсэн. Харин бүгдээрээ ирнэ чинээ огт бодоогүй. Тэгэхэд маш хэцүү байсан ч гэсэн би багийнхандаа баярласан. Нэг талаараа найз нөхөдтэй гэдгээ хамгийн ойроор мэдэрсэн мөч минь тэр байлаа. Гэр бүлийнхэн минь манай багийнхнаар, надаар бахархсан. "Брайтон”-ынхон ямархуу залуус вэ гэдгийг тэгэхэд бүгд харсан. Тиймээс ч би энд үүрд үлдэхэд бэлэн” хэмээн Антони Кнокерт өгүүлжээ.
Эцгээ алдана гэдэг түүний амьдралын ганц хагацал биш. Үүнээс өмнө түүнийг 17 настай байхад ах нь унтаад дахин сэрээгүй гэнэ. Зүрхний шигдээс гэж эмч нар тогтоосон аж. 

Хөлбөмбөгчийн замналын тухайд ч Антони Кнокертод "асуудал” бий. 13 настайд нь түүнийг "Ланс” академиасаа хассан байна. "Намайг хэт намхан гэсэн. Өсвөр насандаа ийм үг дуулсан хүүхэд "Өө, бүтэхгүй юм байна” гэж бодох нь их биз. Гэвч миний эцэг бууж өгөөгүй. "Ийм насанд чинь чамайг ирээдүйд хэн болохыг хэнбугай ч хэлж мэдэхгүй. Миний хүү дахиад шаргуу сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгвэл тэгээд аяндаа л зам чинь нээгдээд ирнэ” гэж аав надад хэлсэн. Тэгээд яг хэлснээр нь болсон доо” гэж хөлбөмбөгч дурсан ярьсан байдаг.

Аав нь эцсийн амьсгалаа татахынхаа өмнө хүүдээ ингэж хэлж. "Зүгээр л миний төлөө үүнийг хийчих” гэж. Энэ бол "Брайтон”-ыг Премьер лигт гаргачих гэсэн үг байлаа. "Цахлайнууд" сүүлийн арваад жилд гурав дөрвөн ч удаа Чемпионшип лигт дээгүүр давхиж, Премьер лигийн эрхийн төлөөх плей-оффт өрсөлдсөн ч аз өм дутаад байлаа. Тиймээс л хүүдээ хэлсэн үг нь энэ.

Улирлын төгсгөлд Чемпионшип лигт аман хүзүүдэж, "Брайтон” Премьер лигийн эрх авахад Антони Кнокерт "Аав аа, тандаа зориулья. Таны төлөө бид үүнийг хийж чадлаа. Амгалан нойрс доо” гэж майк дээрээ бичснээ харуулсан юм. Энэ бол Чемпионшип лигийн улирлын шилдэг хөлбөмбөгчийн намтар гэдгийг дахин дурьдсу.

Антонигийн адармаатай амьдрал үүгээр дуусахгүй. 

Дөрвөн жилийн өмнө Английн хөлбөмбөгт "галзуу хоёр минут” гэх үйл явдал болсон юм. Үүний эзэн нь, эзэн нь ч гэж дээ, энэ галзуу хоёр минутыг эхлүүлэгч нь Кнокерт. 

Тэгэхэд тэрбээр "Лестер”-т тоглож байлаа. "Лестер”-"Уотфорд”-той Чемпионшип лигийн плей-оффын хагас шигшээд таарсан. Эхний тоглолтод "Уотфорд” 1:2-оор хожсон байв. Хариу тоглолтод "Лестер” 2:1-ээр хожиж явж. Тоглолтын 96 дахь минут. Шүүгч "Уотфорд”-ын хаалганд пенальти заах нь тэр. Цохилтыг Антони Кнокерт гүйцэтгэнэ. Хэрвээ энэ гоолыг оруулбал "Үнэгнүүд” плей-оффын финалд шалгарах нь тодорхой болно. Гэтэл Кнокертийн цохилтыг Альмуниа хаалаа... Ойж ирсэн бөмбөгийг Кнокерт дахиад нэмсэн ч гэсэн мөн хаачихав. Бөмбөгийг урагш цөлсний дараагаар "Уотфорд”-ынхон шуургалан дайрч, Трой Дини сөрөг довтолгоогоор тоог 2:2 болгож, "Уотфорд” финалд шалгарчих нь тэр. Антони Кнокерт тэгэхэд нулимсаа арчин зогсчээ... 

Гэвч одоо бол Кнокерт Премьер лигт тоглох гээд пүүзээ илбэж, тоглолтоо бодож, бөмбөгтөө тэсэн ядан хүрч суугаа биз. Ирэх улиралжингаа энэ залуугийн тоглолтыг бид харах боломжтой. Антони Кнокерт болон Английн хамгийн азгүй багийн нэг гэгдсээр ирсэн "Брайтон”-ы аз улам шовойх биз ээ.

скачать dle 12.0

Санал болгох