ЗАМ, 00-ЫН АСУУДЛАА ШИЙДЧИХВЭЛ Ч

🕔 2017/08/07 10:16

ЗАМ, 00-ЫН АСУУДЛАА ШИЙДЧИХВЭЛ Ч

Монголчууд нэг үеэ бодвол амарч, зугаалж, салхинд гарах нь эрс нэмэгдсэн. Үндсэндээ дотоодын аялал жуулчлал нэмэгдэж, хөгжиж байна  гэсэн үг. Иргэд Монголынхоо үзэсгэлэнт сайхан байгалийг үзэх гэж цаг зав, мөнгө төгрөгөө зориулдаг болж. Монгол орон хэчнээн өргөн уудам билээ.

Гэвч тэр бүхнийг үл харгалзан монголчууд бүхий л хязгаарт очиж байна. Харин иргэд дотооддоо жуулчлах нь эрс нэмэгдсэн ч зам харгуй, дэд бүтэц, зохион байгуулалт хаана ч нэмэг­дэхгүй байсаар л. Ту­хайл­бал, Өвөрхангай айм­гийн Уянга суманд байр­лах Хүйсийн найман нуур. Сүүлийн жилүүдэд ир­гэд Найман нуур руу маш их очиж, үзэж, амардаг болж.

Тэдний нэг адил энэ зун Найман нуурыг зорилоо. Очиход зам нь бартаа ихтэй. Нуурынхаа урд даваан дээрээс доошоо буухад хэцүү. Жижиг машинтай бол нуурынхаа эрэг дээр очилтгүй юм билээ. Том жийптэй хүмүүс нь л даваа давж уруудаад, нуурынхаа эрэгт очих юм. Гэхдээ зам нь маш хэцүү.

Ганцхан машин л явах боломжтой. Машин зөрнө гэсэн ойлголт байхгүй. Нуурынхаа эрэгт очоод бие засах газар байхгүй. Ганц амралтын газар байгаа нь бие засах газартай л юм билээ. Гэхдээ тэнд буудаллаагүй хүмүүст хамаагүй. Ингээд л очсон иргэд ой мод руу нь ороод, хаа сайгүй бааж, шээгээд, 00-ын цаасаа хаячихсан. "Хүний аргал”, урт урт 00-ын цаасаар л нуурын хажуугийн ой мод дүүрчихэж. Очсон иргэдийн буруу гэж хэлж болохгүй. Байгалийн сайхныг тольдох гээд л очиж байгаа.

Ямар бие засахгүй байлтай биш. Тийм болохоор Уянга сумын удирдлагууд энэ асуудалд жаахан анхаарал хандуулах хэрэгтэй байна. Найман нуурыг жишээ болгож байгаа болохоор Уянга сумын удирдлагууд гэж дурьдаж байгаа юм. Юуны өмнө хөрөнгө мөнгө шийдээд, Найман нуур хүрэх замыг сайхан засаад, сайжруулсан болгочихмоор юм билээ. Ямар засмал зам тавих гэж байгаа биш жигтэйхэн их хөрөнгө мөнгө орж юу шалиа аж.

Тэгээд даваа уруудсан замыг хусаад, хоёр машин зөрөхөөр болгоод, янзалчихмаар юм билээ.  Дээрээс нь нуурын эрэг хавиар 3-4 бие засах газар баримаар байна. Боловсон 00 барьж чадахгүй байж болно. Аятайхан, цэвэрхэн, дөрвөн хаалгатай, эрэгтэй, эмэгтэйгээрээ орчихдог 00 байхад яах вэ дээ.

Тэгээд зам дээрээ нэг пост гаргаад, машин бүрээс 20 мянган төгрөг хураачих хэрэгтэй. Түүгээрээ нэг байгаль хамгаалагч цалинжуулаад, нуурын ойр орчмыг харж хандуулж, аялагчдад шаардлага тавиулж, хог шороог нь цэгцлээд байхад болохгүй юмгүй. Бас тодорхой хэдэн төгрөгийг нь сум орон нутгийн төсөв рүү татсан ч болно. Дээрээс нь замаа үе үехэн арчлаад байхгүй юу. Ингэж л аялал жуулчлалыг хөгжүүлмээр байна.

Бүр цаашилбал Бат-Өлзий сум талаасаа Найман нуур руу ирдэг аятайхан замтай ч болчихмоор юм билээ. Тэгээд бас хураамжаа аваад, 00-ын асуудлаа шийдээд явчихвал аяллын маш гоё маршрут болмоор санагдсан. Одоо бол Найман нуур, Улаан цутгалан гээд морьтой аялдаг маршрут байсан. Гэхдээ тэр болгон хүн морьтой яваад байж чадахгүй. Тийм болохоор замыг нь аятайхан засчихмаар байна.

Ингэж л бодлогоор аялал жуулчлалыг хөгжүүлбэл дотоодын жуулчдаас олсон орлогоороо л сум, орон нутаг хөгжих боломж бас байна. Цаашлаад гадаадын жуулчдын ч Монголыг харах өнцөг өөрчлөгдөнө, ам сайтай болно. Тэр хэрээрээ жуулчдын тоо нэмэгдэнэ. Хаа газрын сум, орон нутгийн удирдлагууд ийм л ажлыг санаачлаад хийгээд, хөрөнгө оруулалтыг нь олчих сэтгэлтэй, чадвартай байх хэрэгтэй байна.

Ядаж л сайжруулсан зам тавьдаггүй юм гэхэд том чулууг нь зайлуулаад, хусчих хэрэгтэй шүү дээ. Тэгээд хэдэн төгрөгийн хураамж аваад, тэр хөрөнгө оруулалтаараа дараа дараачийнхаа ажлыг хийсэн ч болно. Бид өөрсдөөсөө эхлээд л аялал жуулчлалаа хөгжүүлмээр байна.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

скачать dle 12.0

Санал болгох