Ч.ГАНБАТ, П.БАТ-ЭРДЭНЭ НАРЫГ ИНТЕРПОЛООС ХАЙХ АЖИЛЛАГААГ ЯАГААД ЗОГСООВ

🕔 2017/08/02 08:38

Ч.ГАНБАТ, П.БАТ-ЭРДЭНЭ НАРЫГ ИНТЕРПОЛООС ХАЙХ АЖИЛЛАГААГ ЯАГААД ЗОГСООВ
Төмөр замын хэргээр Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг Интерполоос эрэн сурвалжлахаа зогсоожээ. Хамгийн гол нь тэднийг ямар шалтгааны улмаас эрэн сурвалжлахаа зогсоов гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Уг нь нэр бүхий хоёр этгээдийг Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын төслөөс мөнгө угаасан гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газраас сэжигтнээр татан, Интерполоор эрэн сурвалжлаад нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн юм.

Түүнчлэн өнгөрсөн оны тавдугаар сарын 9-ний өдөр хуулийнхан хэргийг удаашралтай байна хэмээн үзэж тэднийг албадан авч ирэх тухай асуудал үүсч байсан ч УИХ-ын сонгууль давхацсан учраас ажиллагааг хойшлуулж байсан. Гэтэл энэ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад яагаад, ямар шалтгааны улмаас Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг эрэн сурвалжлахаа больсон нь анхаарал татаж буй хэрэг. Уг нь эрэн сурвалжлах хүсэлтийг Монгол Улсын хууль хяналтын байгууллага өөрсдөө гаргаж байсан хэрнээ яагаад болив. Магадгүй энэ бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөө байна уу гэсэн хардлага гадуур явж байна. Учир нь Ч.Ганбат нь Ерөнхийлөгчийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан удаатай.

Тиймээс л ийн хардсан хэрэг. Уг нь дэлхийгээр нэг эрэн сурвалжлагдаж байсан Ч.Ганбатыг Шинэ төмөр зам төсөл, Сайншандын аж үйлдвэрийн паркийн төсөлтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхлэх үеэр гадаад руу оргон зайлсан юм. Харин МТЗ-ын дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын түүхэнд гарч байгаагүй их хэмжээний мөнгөний гэрээ буюу дээрх албан тушаалыг хашиж байхдаа нийтдээ 510 сая ам.долларын гэрээ vзэглэсэн тухайг хэвлэлүүд олонтаа мэдээлж байсан. Хэрвээ нэр бүхий хоёр этгээд тухайн үед дээрх хэргүүдэд холбогдоогүй байсан бол тэднийг дэлхийгээр нэг эрэн сурвалжилж цаг мөнгөө үрэхгүй байсан.

Гэтэл төмөр замын гэх хэргийг хууль хяналтынхан шалгаж эхлэх үед ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилсан сургаар Ч.Ганбат Сингапураас ирэх нислэгээ цуцалж, АНУ-ын иргэний паспортоор хил даван зугтаж байсан түүхтэй. Түүнчлэн энэ асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2016 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр жиргээчидтэй уулзахдаа "Ардаа улс төрийн татуургатай, хамтрагчаа гадагшаа гаргаад зугтаалгачихдаг” гэж нэгэн эрхмийг хэлж байсан. Түүнчлэн тэрбээр "Зарлиг дээр гарын үсэг зурдаг хүн нь би. Ганбат АНУ-ын иргэн болно гэдэг бичиг орж ирээгүй. Хуулиараа Монголын иргэн АНУ-ын иргэн давхар байж болдоггүй. Харин АНУ-ын паспортыг ашиглаад Монголыг доромжилж болно, хулгай хийгээд зугтаж болно гэж бодож байгаа бол санасны гарз. Монголын төр араас нь явах л болно” гэсэн шулуухан хариултыг өгч байсан ч энэ удаад тэднийг эрх мэдэл бүхий албан тушаалтан эрж хайхыг нь зогсоочихлоо.

Тэгвэл тус хэрэгт шалгагдаж буй хүмүүсийн хэн ч өдгөө гэм буруутай эсэхээ дэнслүүлээгүй байхад яагаад тэднийг хайх эрэл зогсов. Угтаа бол хуулийнхан тухайн үед сүр хүчийг бадруулан хоёр иргэнээ дэлхийгээр нэг эрэн сурвалжлуулчихаад одоо болохоор эл ажиллагааг чимээгүйхэн зогсоосон нь хачирхалтай. Хэрвээ үнэхээр хуулийнхан Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг хэрэгт холбогдолгүй гэдгийг нь тогтоож Интерполоор эрэн сурвалжлахаа зогсоосон бол эл асуудлыг олон нийтэд нээлттэй мэдэгдэх ёстой. Ийн хэлэхийн учир нь анх төмөр замын хэрэгт сэжиглэгдэж буй нэр бүхий хүмүүсийг саатуулж цагдан хорихдоо хуулийнхан нийгмийг айдас хүйдэст автуулж байсан. Гэтэл ингэж сүр дуулиан болгосон хэргээ чимээгүйхэн хав дарж байгаа нь магадгүй шинэхэн Ерөнхийлөгчөөс болж эл хэрэг замхархах шатандаа орсон уу гэх хардлага ч гадуур явж байна.

Эцэст нь хэлэхэд энэ мэтээр эдийн засгийн томоохон гэмт хэрэгт холбогдож байгаа этгээдүүд хуулиас дээгүүр эрх эдлээд байвал улсад учруулсан хэдэн тэрбумын хохирлыг хэн төлөх вэ. Түүнчлэн хэн нэгний дохио зангаагаар гэмт хэрэгт холбогдсон энэ мэт нөхдийг хамгаалж хаацайлаад байвал энэ улсын хуульд хэн итгэх вэ.

Өглөөний сонин
Р.Саруул

скачать dle 12.0

Санал болгох