Энэ хүнийг таних уу? Эсвэл Гумилев гэж мэдэх үү?

🕔 2017/08/01 16:29

Энэ хүнийг таних уу? Эсвэл Гумилев гэж мэдэх үү?

ЗХУ болон Оросын холбооны улсын нэрт эрдэмтэн Л.Н.Гумилев нь 1912 оны 11 сарын 1-ний өдөр Оросын нийслэлийн дэргэдэх үе залгамжилсан язгууртнуудын оршин суудаг ” Царское село” гэдэг хотод хоёр их яруу найрагчийн ганц хүү нь болон төржээ. Балчир насаа эмээ ээж А.И.Гумилева гуайн гар дээр өнгөрөөхдөө түүхийн холбогдолтой номонд их дуртай байжээ. Их сургуульд анх орох гэхэд нь язгууртан гаралтай гээд аваагүй байна. Чухам энэ үеэс л эхлэн амьдралынхаа туршид маш хатуу ширүүн, шудрага бус байдалтай тулгарч, түүнийг бие, сэтгэлийнхээ хатаар даван туулаад зогссонгүй, дэлхийн шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулаад буцжээ. Дээд сургуульд суралцаж байхдаа хэд хэдэн удаа хөөгдсөн ч, биеэн дайчлан, өөрийнхөө мэдлэг чадвараа хурцлан, анги дэвших шалгалтуудыг шууд өгч, ичнээгээр шахуу төгсөхдөө, шууд л эрдмийн зэрэг хамгаалах бүтээлээ танилцуулж байжээ.

Сталин багш нас барж, Хрушевийн богинохон эрин эхлэхэд Хүннү,|1960|, Хазарийг нээсэн нь-1966, Эртний түрэгүүд-1967 номуудаа хэвлүүлж амжсан бөгөөд ялангуяа "Эртний түрэгүүд” ном нь Монгол, Дундад Ази, Сибирийн газар нутаг руу хятадууд өнгөлзөж эхэлсэн үед гарснаар ихээхэн ач холбогдолтой болж, улмаар хятадуудыг газар нутгийн хийрхэлээсээ татгалзахад хүргэж, цаашид илүү, дутуу юм ярихаа больжээ. Энэ үе бол түүний хувьд борооны дараах солонго шиг ховорхон тохиолдол байлаа.


Шинжлэх ухааны нэг гол бүтээл болох "Тайна вымышленного царства” буюу "Цуу ярианаас үүдэлтэй хаант улсын эрэлд” гэдэг дундад зууны монголчуудын ээдрээтэй түүхийг оюун ухаанаар шүүн тунгаасан алдарт ном 1970 онд цөөхөн тоогоор хэвлэгдэн гарсан ч, тухайн үеийн сэхээтний давхрагын дээд түвшингийн сэтгэл санааг эзэмдэж чадсан байдаг.


Дэлхийн ард түмний түүх, соёлын толь нь болсон энэ хүн угсаатан зүйн хөгжлийн нууцыг тайлах асуудалд бүх насаа зориулж, "Дэлхийн угсаатан зүй ба шим мандал" гэсэн агуу бүтээлээ 1989 онд туурвижээ. Тэрээр байгалийн нөхцөлдөх хүн төрлөхтний амьдрах үндсэн хэлбэр бол угсаатан гэж үзэхдээ нэг угсаатан нөгөөгөөс төрх, хэл соёл, шашин шүтлэгээрээ бус, харин оршин амьдарч буй тухайн газар нутгийнхаа гадаргуугынхаа орчинтой хамгийн сайн дасан зохицох зорилготой, үе залгамжлан уламжлагддаг зан үйлийн дадлын бүрдлээр тодорхойлогддог гэж үзжээ.


Угсаатан үүсэх, хөгжих, устах үйл явдал нь байгалийн үзэгдэл бөгөөд угсаатны доторх писсионарность энергийн хуваарилалтай шууд холбоотойг онолын хүрээнд тайлбарласан хүн. Өөрөөр хэлбэл аливаа угсаатан дотор хувийнхаа амьдрал, өөрийнхөө аз жаргалыг үл тоомсорлож, илүү дээд зорилгод өөрийгөө зориулах хүсэлтэй хүмүүс байдаг байна. Ийм хүмүүсийг Гумилев гуайн пассионар, харин угсаатны энэхүү чанарыг пассионарность гэж үзээд "Чухамдаа өөртөө гай авчирч, бүхэнтэй зөрчилдөн, туулын зорилгодоо хүрэх гэсэн эл хүсэл эрмэлзлэлийг "пасионарность” шинж гэж тодорхойлжээ.


Угсаатаны пасионарность түлхэц нь байгалийн үзэгдэл боловч энэ нь сансар огторгуйтай ч холбоотой аж. Харин угсаатны тэсрэлт үүсэхэд дараах нөхцөл бүрэлдсэн байх хэрэгтэй аж. Үүнд: Тодорхой газар нутагт угсаатан үүсч эхлэхдээ хүрээлэн байгаа орчинтой маш сайн дасан зохицсон зан үйлдлийн дадлыг эзэмшссэн, тэр нь угсаатныг цаашид өргөжин тэлэх нөхцлийг бүрдүүлж чадахуйц байх. Хоёрдугаарт угсаатны тэсрэлтийн эхэн үеийн төрөлх нутаг нь пассионарнасть түлхэцийн бүсэд байрласан байхаас гадна газрын гадаргуугийн ялгаа нь хоёр ба түүнээс дээш бүсчлэлтэй байх шаардлагатайгаас гадна хоёр ба түүнээс дээш угсаатнаас бүрэлдсэн байх ёстой аж. Учир нь дэлхийн угсаатны түүхээс аваад үзэхэд дэлхийн бөмбөрцөгийн төвөөр татсан бүсийн эргэн тойрондох бус нутагт л пассианорность түлхэц давамгайлах байдлаар илэрч байжээ. Мөн нэгэн хэв маягийн газрын гадаргуутай бүсэд угсаатны түлхэж үүсдэггүй байна. Дэлхий дахинд нэгэн зэрэг пассионарность түлхэц илэрч байсан үе тохиолдож байжээ.


Хүмүүс гадаад орчноос хүртэх биохимийн эрчим хүчнийхээ хэмжээгээр өөр өөр байдаг байна. Нэгдүгээрт биохимийн илүүдэл эрчим хүч хуримтлуулсан хүмүүс нь түүхийн хөдөлгөгч хүч болдог бөгөөд илүүдэл эрч хүчээ эх дэлхий, эх орноо өөрчлөх үйл хэрэгт зарцуулдаг ба угсаатны доторх эдгээр хүмүүсийн харьцаанаас угсаатаны хөгжлийн үе шат ч ихээхэн хамааралтай аж.


Хоёрдах бүлэг хүмүүс нь пассионарность чанарыг агуулдагч, тэр нь хүрээлэн байгаа орчинтойгоо л тэнцвэртэй харьцаатай байх, сэтгэл хангалуун амьдрахад хангалттай тул угсаатны хүрээнд ийм хүмүүс зонхилсон үед нийгэмд тогтвортой байдал үүсч, урлаг соёл, шинжлэх ухааныг илүү хөгжүүлдэг аж. Харин гуравдах бүлэг хүмүүс нь пассионар чанараар сул дороо учраас залхуу хойрог, бусдын нөлөөнд хэт автамтгий, хүнийг шулж амьдрах, урваж шарвах сонирхолтой байдаг ба угсаатны задрал, мөхлийн үед ийм хүмүүсийн тоо толгой давамгайлж, хээл хахуул газар авч, эх орноо худалдахад хүртэл санаа зовдохгүй болдог аж. Чухам энэ үед л хууль цаажаа дээдэлж, шудрага ёсыг хэрэгжүүлэхгүй бол угсаатны мөхөл хурдасдаг байна. Түүхэн цаг хугацааны явцад эдгээр гурван бүлэг хүний тоо угсаатны дотор буюу популяцид өөрчлөгдөж байдгаар угсаатны хөгжлийн үе шат буюу фазын илэрхийлэл нь болж, тухайн угсаатны пассионарнать шинж чанар нь түүнээс шалтгаалдаг байна. Тэгэхлээр монгол угсаатан ямар фаздаа байгааг амархан олж харж болно.


Аливаа нэгэн угсаатан нь тоо толгойн хувьд цөөхөн, хүрээлэн байгаа орчинтойгоо ихээхэн нэгдэл нягтралтай байж байснаа, гэв гэнэт угсаатны дотор пассионарность хүмүүсийн тоо олширч эхэлдэг. Эдгээр хүмүүс амьдралын идэвхтэй байр суурийг баримталж, нэгдэж нягтрах, хүчээ сэлбэх, хаяа зэргэлдээ угсаатныг байлдан дагуулах зэрэг үйл явдлуудыг эхлүүлж угсаатны баатарлаг шинж чанарын илэрхийлэл нь болдог аж. Энэ үеэс эхлэн угсаатны өсөлтийн үе эхэлдэг бөгөөд түүний дараа "акматик” фаз буюу популяцид байгаа пассионар бодьгалуудын тоо дээд зэрэгтэй хүрч, илүүдэл энергээ өөр хоорондоо дайтахад хүртэл зарцуулахаас өөр арга болдог аж. Энэ үе бол угсаатан нь өөрийнхөө түүхэн хөгжлийн оргил үедээ хүрснийг гэрчилдэг.


Их шаталтын дараа бүлээсэлтийн үе эхэлдэг бөгөөд энэ үед эрч хүчтэй бодгалиуд олноор үрэгдснээр угсаатны пассионарнасть шинж чанарын уруудалтын үе эхэлдэг байна. Чухам энэ үеэс л пассионар чанараар дунд зэргийн хүмүүсийн тоо популяцид олширч, "надлом” гэсэн үеийг эхлүүлдэг бөгөөд угсаатны пассионарность шинж чанар нь шууд буурч эхэлдэг. Үүний дараахнаас "инерци”-ийн үе эхэлдэг бөгөөд соёл боловсрол, эд материалынхаа баялгийг бүтээдэг байна. Дараа нь обскурац үе буюу угсаатан задарч, эргээд л нөгөө гомеостаз буюу анхдагч тогтмол байдалдаа буцаж очихоос өөр аргагүйд хүрдэг байна. Үүнийг л угсаатны түүх гэдэг байна. Аливаа угсаатны түүх нь байгалийн үзэгдэл тул эхлэл, төгсгөл гэж байх ёстой бөгөөд дунджаар 1200 жилийн настай байдаг . Гэхдээ угсаатны пассионарность шинж чанарыг илэрхийлдэг үе шатууд нь тодорхой цаг хугацааны дотор явагддаг бөгөөд нэг үе нь ойролцоогоор 300 жилийн насжилттай аж.


Харин амьдрал дээр бол угсаатны хөгжлийн дэс дараалсан үе шатыг бүрэн туулсан түүх бараг байдаггүй аж. Учир нь угсаатан нь хаяа зэргэлдээ олон угсаатнуудтайгаа харьцаж амьдрахаас өөр аргүйд хүрдэг бөгөөд эдгээр угстаатнууд нь дээр авч үзсэн угсаатны харилцан адилгүй үе шатандаа байдаг. Чухамдаа угсаатныхаа хөгжил нь ямар үе шатанд байгаагаас шалтгаалаад нэг угсаатан нөгөөгөө ялах, эрхэндээ оруулах, эсэргээр ялагдах болон устаж алга болох зэрэг нь байгалийн суурь үзэгдлийн гадаад илрэл нь болдог байна.


. Пассионар энергийг хэмжих боломгүй ч, зөвхөн хүмүүсийн пассионар шинж чанарын илэрлээр нь 7 ангилсан байдаг. Мөн угсаатан зүй нь дотроо маш олон ангилал, ялгаатай байдгийг энд авч үзсэнгүй. Тэгэхлээр хөгжлийн янз бүрийн түвшинд байгаа угсаатангууд өөр хооронд тулгарч, хэл үгээ ололцоогүйгээс дайн дажин үүсч, хүчтэй нэгэн нь хүчгүйгээ сөгдөөж, мөхөөх, эс аваас эзлэгдсэн ард түмэнтэйгээ нэгдэж нэгдмэл шинэ угсаатныг бүрдүүлэх байдлаар хүн төрлөхтөн хөгжиж иржээ. Чухам иймд монгол угсаатан үүсч, зохих үе шаттайгаар, гэхдээ аливаа хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр шахуу тасалдалгүй өнөөг хүртэл хөгжиж яваа нь Л.Г. Гумилев гуайн онолын хувьд лабораторийн цэвэр туршилттай адилхан олзуурхууштай үзэгдэл байв.


Гумилев гуайн тодорхойлсноор монгол угсаатны пассианор түлхэц нь XII зуунд эхэнд тохиосон ба бид одоо 800 жил наслаад байна. Чухам иймд ”Гадны аливаа нөлөө орчихгүй бол монгол үндэстэн оршин тогтноход 500 жил үлдлээ” гэж бидэнд сануулсан. Угсаатан зүйн онолыг нь огт мэддэггүйгээс энэхүү анхааруулга монголчуудад таалагддагүй. Хамгийн гол нь монгол угсаатан үүсч бий болохдоо эх орныхоо газрын гадаргууд хамгийн сайн дасан зохицсон зан үйлийн дадлыг олж аван, өөрийгөө илэрхийлсэн язгуур үнэлгээ, түүний дагаж үүссэн нүүдэлчдийн соёл, бахархал, түүгээр хүмүүжиж ирсэн монгол уламжлал, соёлоо ойлгохоо болчихсон, монгол гэдэг алдартай түүхэн нэрнээс өөрөөр ямар ч монгол үнэргүй ард түмэн болж хувирахыг хэлж байгаа юм. Хамгийн гол нь маш өвөрмөц эмзэг тогтоцтой байгаль-экологоо хайрлаж хамгаалаалдаг ёс заншил, сэтгэлгээний дархлаа алга болж, эвдэж сүйтгэх, бусдыг бишрэн сүтэх сэтгэлгээтэй,байгалынхаа гадаргуутай ихээхэн зохицолдлогоо муутэй соёл иргэншлийг тахин шүтсэн шинэ үндэстэн үүсч бий болох нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Харин түүний цаашдын хувь заяа чухам яаж хэрхэхийг хэнч мэдэхгүй.


Энэ хандлага бол аль эрт бидний өвөрт минь орж ирчихсэн байгаа. Их эрдэмтэн маань гадны орны зориудын нөлөөллөөс монгол угсаатны түүхэнд хазайлт гарч, хугацаанаас өмнө мөхөж магадгүй л гэж эмээж байсан юм. Гэвч энэ нь монгол үндэстэн бидний өвөр дотроос нь урган гараад ирчихсэн байгаа. Өнөөдөр бусдыг магтан дуулж, түүх, соёлоо уландаа гишгэж, түүнээс аль болох түргэн салсан байдлаар өөрийн боловсролын түвшинг үнэлэх гэсэн дуулал нь цаг үеийнхээ далбаа нь болон мандаж байна. Энэ бол хамгийн аюултай. Дайсан чинь өөдөөс харж байх юм бол өөр хоорондоо нэгдэж, тодорхой зорилгод өөрийгөө зориулдаг. Харин дотроосоо бол хорт хавдар шиг сөнөөдөг.


Л.Н. Гумилев гуай бол орчин үеийн шинжлэх ухаанууд нь өөр өөрийн гэсэн өвөрмөц хөгжлийн замыг хөөж, хэт нэг чиглээлээр хөгжиж, маш их амжилтанд хүрсэн ч, шийдвэрлэвэл зохих асуудал нь шинжлэх ухааны эхэн үеэс дутахааргүй байгааг сануулаад, орчин үед шинжлэх ухаануудын уулвар, нийлэгжилтэн дээрээс асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй болсныг анх удаа сануулсан хүн. Чухам иймд түүх, газар зүй, байгалийн судлалын ухааныг нэгтгэн авч үзэх нь зүйтэй гэж үздэг .Шинжлэх ухааныхаа энэхүү байр сууринаас хэзээ ч хазайж, бас нэг их эргэлзэж байгаагүй байдаг. Чухам иймд шинжлэх ухааны тодорхой салбарын эрдэмтэд түүний бүтээлийг хүлээн авч чаддаггүй, шүүмж маргааны хэвлэлээр их өрнүүлдэгч, дэндүү ухаалаг хариултандаа дандаа бууж өгсөн байдаг.


Чухамдаа Евразийн түүхэнд шал өөрөөр хандаж, Евразийн ард түмэн болох монгол, түрэг, хүннүчүүд гэсэн угсаатнууд соёл боловсролтой гэгддэг европ, хятадын ард түмнүүдээс оюун ухааны чадвараараа юугаар ч дутуугүй байсан бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц давтагдашгүй соёлыг бий болгож, эр зориг, үерхэлдээ үнэнч байдлаар бусад угсаатнуудаас ялгагддаг байсан тул дэлхийн хамгийн хүчтэй гүрнүүдийг түүхэндээ байгуулж байсан гэж үзжээ.


Нөгөө талаас эдгээр ард түмний түүхэнд байгаль-цаг уурын нөхцөл маш эерэг, сөргөөр нөлөөлтэй байсан ч хамгийн гол нь хүн амаар маш олон, өөрсдөөсөө бусдыг хүлээн зөвшөөрдөггүй Хятад л эдгээр гүрнүүдийг мөхөөхөд чухал нөлөөтэй байсан ба Хятад нь дэлхийг эзлэх санаанаас хэзээ ч ухарч байгаагүй гэжээ. Бусад улс үндэстнүүд өөрийнхөө соёл боловсролоо хөгжүүлэхэд зарцуулсан цаг хугацаа, угсаатныхаа энергээ маш олон хүн амтай, зальтай хятадаас өөрийнхөө тусгаар тогтнолыг хамгаалахад зарцуулжээ. Иймд соёл боловсролтой гэгддэг европчууд нүүдэлчдийг зэрлэг-бүдүүлэг,соёл боловсролгүй,хар амиа хичээсэн гэсэн үндэслэл муутай дүгнэлтийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй гэсэн үзэл бодлыг 1960 оны эхээр дэвшүүлж, энэхүү байр суурин дээрээ бат зогссоор бурхан болжээ.

Л.Н.Гумилев гуайн шинжлэх ухааны гол гол бүтээлүүд нь анх бичигдснээсээ хойш олон арван жилийн дараа буюу зохиогчийг бурхан болсноос хойш нийтийн хүртээл болсон ч, тэр дороо л Төв болон Дундад Азийн ард түмний хайртай хүн болоод зогссонгүй, Оросын ард түмний өнөө үеийн агуу эрдэмтэний нэг гэж үзэхэд хүргэжээ


Тэрээр бүх дэлхийн түүхэн хөгжлийн нууцыг тайлах өөрийн арга барилыг гарган тавьснаар дэлхийн шинжлэх ухааныг халз тулаанд дуудахад хүргэсэн гэж болно. Түүний амьдралд тохиосон ганцхан том нийгмийн хүлээн зөвшөөрөлт бол Угсаатан зүй хийгээд дэлхийн түүхэн хөгжлийн талаарх уншсан лекцүүд нь байлаа. Энэ талаар "Манай оронд өндөр хөгжилтэй физик,биологи, геологи гэх мэт байгалийн шинжлэх ухаануудад өргөн хэрэглэгдэг судалгааны арга барил, шалгах хандлагыг түүхийн шинжлэх ухаанд хэрэглэснээрээ түүхийн ухааныг байгалийн шинжлэх ухааны түвшинд тавих гэсэн миний чармайлт буюу байгаль, хүмүүнлэгийн ухааны нийлэгжилтийг илэрхийлэх гэсэн үзэл санааны дэмжлэг байсан юм” гэжээ.


Л.Н.Гумилев гуайн намтараас харахад түүний хувийн амьдрал, шинжлэх ухааны зам нь үнэхээр зовлонг туулах байдлаар өнгөрөөсөн ч, хэзээ ч энэ талаар гуншигнаж байсангүй. Гэхдээ "Амьдарлынхаа хамгийн хүнд үедээ ч гэсэн шинжлэх ухааныг ганц минут ч орхиогүй, орхиж чадахгүй байв. Учир нь миний амьдралд байсан цорын ганцхан таашалтай зүйл байлаа” гэж хэлсэн байдаг.


Орчин үед Гумилев гуайн пассионарность онолыг нийтээр зөвшөөрөөгүй байгаа ч, жилээс жилд бишрэн шүтэгчид нь олширсоор байна. Тэгээд ч угсаатны хөгжлийг бодитойгоор тайлбарласан өөр онол сураггүй байна. Гэхдээ угсаатны түүх бол нийгмийн түүхийг оролж чаддаггүй, харин ганц талыг хэт баримталсан хандлагын үеийн шууд үр дагавар болон гарч ирдэг "хоосон орон зай” үүсэхэд түүнийг дүүргэдэг гэж тэрээр үздэг байлаа. Түүхэн хөгжлийн бүх ээдрээтэй замналын цаад суурь нь угсаатны хөгжлийн үе шат болохыг нотолж чаджээ.


Ер нь шинжлэх ухаанд нээлт хийх, шинэлэг ойлголтыг бий болгоход илэрдэг нийтлэг хандлага бол "Яагаад ч ийм байж болохгүй - магадгүй байж ч болох юм болов уу- эцэст нь ерөөсөө ийм л байх ёстой юм байна” гэсэн үе шатыг дамждаг. Чухам иймд Л.Н.Гумилев гуайн ЗХУ-ын эрдэмтэдтэй хийсэн ил, далд дайн буюу маргааныг нэг бүрчлэн авч үзэхгүй. Энэ нь шинжлэх ухааны маш өндөр түвшингийн ажил бөгөөд түүнийг нас барснаас хойш ч үргэжилсээр байгаа юм.


Горбачевийн өөрчлөн байгуулалт эхлэнгүүт ЗХУ-ын ард түмэн Гумилев гэдэг эрдэмтэн байдгийг мэдэж, ихэнх хэсэг нь шагшин магтаж байхад, зарим эрдэмтэн нь монголчууд болон Төв Азийн нүүдэлчдийг хэт өмөөрсөн, Оросын ард түмнийг доромжилсон тул оросын ард түмнийг үзэн ядагч гэж хүртэл үзэж, Оросын хэт үндсэрхэг үзэлтэнгүүдийн дургүйг хүргэж, тэднийг нэгдэж нягтрах нэг нөхцөл болж байсан бол бүтээлүүд нь олон нийтийн хүртээл болсны дараа Гумилев гуай шиг эх оронч хүнгүй болж, харин ч бүтээлүүд нь үндсэрхэг үзлийг хэт дэвэргэсэн, европчууд болон жүүдийг үзэн ядсан хандлагатай байдаг нь фашизмыг Орост хөгжүүлэх хөрс болж магадгүй гэсэн нийтлэл ч гарах болжээ. Тэгэхлээр эрдэмтэн маань асуудлуудад үнэхээр өөр түвшингөөс хандсан нь тодорхой байна. Чухам иймд Гумилев гуайн эрдэм шинжилгээний бүтээл, түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэрийн талаар шүүмжлэлтэй авч үзэхэд адаглаад энэ хүнтэй нэгэн түвшинд сэтгэдэг байх хэрэгтэй. Энэ бол хэр баргын аавын хүүд заяадагүй байна. Харин энэ хүн яагаад монголчуудын хайртай хүн болов гэдэг талаас хэдхэн үг хэлье.


1980 оны дунд үеэр түүний "Нева” сэтгүүлд нийтлүүлсэн "Апокрифическийн диалог” нэртэй хүүрнэлийг нь Аким гуай "Цэцэрхсэн шастир” гэж хөрвүүлэн хэвлүүлж гаргаснаас хойш олон хүний амнаас энэ хүний нэрийг сонсож болох байлаа. Энэ нь ч монголчуудын үндэсний ухамсарын сэргэн мандалтын шинэ эрин үетэй давхцав. Чухам тэр үед, энэхүү нийтлэл гарсанаар Л.Гумилев нь монголчуудын хайртай хүн болсон юм. Дараа нь Хүннү, Хар домог номнууд нь монгол хэл дээр хэвлэгдэн гарч, бас л олны таашаалыг хүлээсэн.


Л.Гумилев гуайн шинжлэх ухааны тулгуур бүтээл болох "Дэлхийн угсаатан зүй ба шим мандал” гэсэн номыг Ж.Роозон гуай 2007 онд орчуулан гаргажээ. Л.Гумилев гуайн бүтээлүүдээс харахад монголчууд хийгээд Монголын улсын ээдрээтэй түүхийн талаарх нийтлэлүүдээ бичиж хэвлүүлэхдээ өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлан үзэл суртлын хатуу хяналтын системийн үл тоомсорлон нөгөө л ” Чухамдаа өөртөө гай авчирч, бүхэнтэй зөрчилдөн, туйлийн зорилгодоо хүрэх гэсэн эл хүсэл эрмэлзлийн" илэрхийлэл нь байлаа. Чухам иймд монголчуудын хайртай хүн болсон нь тохиолдлын бус байлаа.


Католик шашинтай европчууд нь монголчуудтай шууд дайнд бараг орж байгаагүй боловч чухамдаа католикийн ертөнцөд монголчуудыг үзэн ядах үзэл дээд зэрэгтээ хүрсэн байдлыг гарган тавихдаа тэрээр мөн зохих түүхэн тайлбарыг өгсөн байдаг. Маш товчоор дурьдахад Дундад зууны үед католик шашинтай европын орнууд нь христийн шашины номлолын туган дор нэгдэж, дэлхийн загалмайлсан аян дайн өдөөж, дэлхийг эзлэх уур амьсгал зонхилж, уг арга хэмжээг эхлүүлсэн боловч онцын амжилт олоогүй бөгөөд чухам энэ үед Алс дорнодод монголчуудын сүр жавхлан мандан бадарч, тэдний загалмайлсан аян дайныг үргэлжүүлэхэд саад хийх болсноос гадна монголчуудтай хамтран лалын дайчдын эсрэг байлдах үйл хэргээсээ хүртэл ухарч, өөрсдөө ялагдал хүлээж дэлхийг эзлэх хүсэл мөрөөдлөө гээж, түүхийн тавцангаас хальсны дараахнаас тэдгээрийг гэсгээн цээрлүүлэх ажил өрнөхөд |тамплиерууд-Исусийн үнэнч европ цэрэг|| монголчууд гэдэг чинь хамгийн адгийн шаар, чөтгөр гэсэн суртал ухаалгыг тарааж, тэр нь 500 жилийн турш хөгжилтэй гэгдэх Европ-д ноёрхсноор монголчуудыг үзэн ядах үзэл дээд цэгтээ хүрч хүний хамгийн муухай өвчинг хүртэл "монгол” гэж нэрлэхэд хүргэжээ.


Гэтэл 1917 онд Орос оронд хувьсгал гарч шинэ нийгэм цогцлон байгуулахад үзэл суртлын ажил шаардлагатай байснаас гадна ЗХУ-ын бүрэлдэхүүнд дундад зуунд Монголын эзэнт гүрэнд багтаж байсан улсууд хамрагдах орсноор Чингис хааныг үзэн ядах үзлийг Сталин багш цаагуур нь өөгшүүлэн дэмжсээр Чингис хааны явуулсан байлдан дагуулалтын талаар Европын улсуудаас дутахааргүй нөхцөл байдал үүсч эхэлж байх үед Л.Н. Гумилев гуай Монголын байлдан дагуулалтыг өмгөөлж хамгаалсан, Орос орон Монголын дарлалд олон зуун жил болсон гэсэн асуултанд өөрөөр хандаж, улмаар Дундад зууны нүүдэлчдийн түүхэн үйл явдлыг үнэн бодит байдлаар харуулах зорилгоор хэд хэдэн түүхэн бүтээл туурвисны дотор "Цуу ярианаас үүдэлтэй хаант улсын хайгуулд” ном нь томоохон байр суурийг эзэлдэг. Одоо та бүхэн энэ агуу номыг төрөлх хэл дээрээ унших боломжтой боллоо.


Орчин үед Монголын түүхийг мэддэггүй, энэ талаар юм бичдэггүй хүн ховор болжээ. Гэхдээ Л.Н. Гумилев гуай л Монголын түүх, соёлыг 1960 оноос эхлэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өмгөөлж, зарим талаар магтан дуулж байсан байдаг бөгөөд энэхүү байр суурь нь хэзээ ч ганхаж байгаагүй тул монголчуудын төлөө хийсэн агуу гавьяа гэж үзэхээс өөр арга алга байна. Орчин үед Казахстан улсад Гумилевын нэрэмжит олон улсын дээд сургууль байхаас гадна Дундад Азийн улсуудад Гумилев гуайн онолыг дээд сургуульд заадаг байна.


Монгол бол Евразийн улс бөгөөд түүний түүхэн гол төлөөлөгч болохын хувьд энэ онолыг мэдэж байхад яав ч илүүдэхгүй билээ. Энэ жил агуу эрдэмтэний маань 100 жилийн ой болж байна. Чухам иймд Чингис хаан одонг Л.Н.Гумилев гуайн 100 жилийн ойг тохиолдуулан нэхэн олговол Монголын ард түмэн ардчилсан Ерөнхийлөгчиддөө их баярлах байх даа.


Ер нь Гумилев гуайн угсаатан зүйн онолыг бид их сайн судалж үзэх юм бол монголчуудад тулгарч байгаа өнөөгийн асуудлууд хийгээд ирэйдүйгээ харахад ихээхэн ач холбогдолтой болмуу. Харин уг онолыг практик амьдрал дээр буулган ойлгох нь тун амаргүй болно. Чухам иймд энэ ном уг асуудлыг ойлгоход ихээхэн тус дэм болно гэдэгт итгэлтэй байна.


Доктор Г.Төмөрхадуур

скачать dle 12.0

Санал болгох