АНУ-ЫН ШИНЭ ХОРИГ ХЭНД АШИГТАЙ ВЭ?
АНУ-ын Конгресс ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах хуулийн төслийг дэмжжээ. Гэхдээ хуулийн төсөлд Ерөнхийлөгч Трамп гарын үсэг зурсан цагт шинэ хоригийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
Энэ удаагийн хориг "Nord Stream-2” байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтыг зогсооход оршиж байна. Ингэснээр Европын байгалийн хийн зах зээл рүү Америкийн занарын хийг нийлүүлэх нөхцөл бүрдэх юм. Энэ бол АНУ-ын хувьд маш чухал. Тэд Оросын "Газпром” компанийн нийлүүлдэг байгалийн хийн дийлэнх хэсгийг Америкийн занарын хийгээр орлуулах саналыг Европын улс орнуудад тавьж байна. Гэхдээ Америкийн занарын хий 1.5-2 дахин үнэтэй. Энэ тохиолдолд тэд маш үнэтэй хий худалдан авч, улмаар Европын аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар уналтад орно. Харин Америкийн эдийн засаг өсч, үйлдвэрлэгчид нь давуу эрхийг эдэлж эхлэх юм.
Хэрвээ АНУ шинэ хориг арга хэмжээгээ ОХУ-д хэрэгжүүлж эхэлбэл, Европчууд Америкийн занарын хийг худалдан авахаас өөр аргагүйд хүрнэ. Улмаар Европ болон АНУ-ын хооронд хийх гадаад худалдааны тэнцэл сайжирна гэж Трамп харж байна. Мөн тэр Америкийн занарын салбараа дампуурлын ирмэгээс аварч чадах юм. Энэ мэтчилэн, Америкчууд Европын нөхцөл байдлыг ашиглан дотоод асуудлаа шийдэхийг хичээж байна.
Энэ хориг арга хэмжээнээс хамгийн их хохирох улс бол Герман, Австри юм. Учир нь Зүүн Европын улс орнууд Америкийг дэмжиж байна. Франц, Испани, Португали зэрэг улс Оросын байгалийн хийг худалдан авахгүй. Балкан болон Итали улс "Turkish Stream” хоолойн бүтээн байгуулалтад найдлага тавьж байна. Иймээс АНУ-ын зүгээс ОХУ-д тавьж буй шинэ хориг арга хэмжээнээс Герман болон Австри хохирох өндөр магадлалтай байгаа.
Улмаар Европын Холбоо АНУ-ын хооронд зөрчилдөөн үүсч буй ажээ. Цаашид энэ нь хурцдах магадлалтай байна. Гэхдээ Европын холбоо дээрх асуудлыг зөвшилцлийн замаар хэлэлцэж, шийдвэрээ гаргахаар болжээ. Хэрвээ Трамп Европын холбоотнуудаа ятгаж дөнгөхгүй бол мөрийн хөтөлбөрийнхөө нэг хэсгийг хэрэгжүүлж чадахгүй байдалд орно. Мөн Трамп АНУ-ыг дахин хүчирхэг болгох гэхээсээ илүүтэй Обамагийн түүнд үлдээсэн өвийг алдахад хүрнэ.
Иймээс АНУ ялагдахгүйн тулд ямар ч арга хэрэглэж мэднэ. Улмаар "Газпром” Европын зах зээлд нийлүүлдэг байгалийн хийн экспортоо АНУ-д алдахад хүрэх магадлалтай.
Харин асуудлыг шийдэх цор ганц, үр дүнтэй арга бол Украины байгалийн хийн тээврийн маршрутыг хаах явдал гэж талууд харж байна. Өнөөдрийн байдлаар Украины байгалийн хийн маршрут "Газпром”-ийн нийлүүлж буй байгалийн хийтэй харьцуулахад дөнгөж тал хувьд нь нийлүүлж байгаа ажээ. Гэхдээ энэ бол бага тоо биш.
Украины байгалийн хийн маршрутыг зогсоох тийм ч хялбар бус. Үүнд Европын холбооноос гадна Киевийн ашиг сонирхол бий. Киев тус маршрутын транзит тээврээс жил бүр хоёр тэрбум ам.долларын орлого олж байна.
Мөн Украин Европын эрчим хүчний үйл ажиллагааны дүрмийг дэмжиж, бүхий л тээврийн өрсөлдөх чадварыг энэ маршрутаар хангаж байгаа ажээ.
Мөн Москва болон Брюсселийн ашиг сонирхол нэгдсэн тохиолдолд "Газпром” өрсөлдөөнөөс ангид үлдэх нь ойлгомжтой.
Иймээс Украины байгалийн хийн маршрутыг хаах нь хамгийн найдвартай цор ганц арга юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Украинд эмх замбараагүй байдлыг бий болгох нь чухал гэж талууд харж байгаа ажээ.
Э.УРАНЦЭЦЭГ https://www.news.mn/?id=6116