Оффшороос их хөрөнгийн ”хур буух уу”

🕔 2017/07/25 11:57

Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар уриалга гаргалаа. Уг уриалгад " Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна” гэжээ.

 

ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг "оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа аж.

 

Уг нь УИХ-ын хаврын чуулганы эхэнд Оффшорын эсрэг хуулийг баталсан. Энэ хууль эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа билээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зoрчлooс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосон. Тиймээс оффшор бүс дэх банкуудад данстай гэх манай 49 иргэнээс хэдэд нь дээрх хуулийн үйлчлэл хамаарч байгаа нь тодорхойгүй. Учир нь зөвхөн уг хуулинд хамаарах этгээд л оффшор бүсэд данстай байхыг хориглосон. Тодруулбал, хуулийн үйлчлэлд хамаарахгүй иргэд оффшор бүсэд данс эзэмших нь нээлттэй. 

 

Манайд хөрөнгө оруулалт хийсэн гадаадын компаниудын ихэнх нь оффшор бүсэд данстай байдаг. 

Тухайлбал, 1990-2015 оны хооронд манай улсад  гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгджээ. Үүнээс  10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас хийгдсэн байна.  Тухайлбал,  Нидерланд 4.23 тэрбум ам.доллар, Люксембург  1.15 тэрбум, Британийн Виржин Арал 1.1 тэрбум,  Гонконг 229 сая, Бермудын арал 129 сая, Швейцарь 103 сая, Кэймэн арал 74 сая зэргээр жагсаалтыг тэргүүлжээ.   

 

Манайд нийт 110 орны хөрөнгө оруулалт бүхий 13140 хамтарсан болон дагнасан гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэн. Үүнээс  920 компани буюу 7 хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид аж.  Тухайлбал, "Оюу Толгой” болон Энержи Ресурс”-ийн "ММС” компаниудын  толгой компаниуд нь бүгд оффшор бүсэд бүртгэлтэй байна. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай "Ханаду Майнз”, "Волф Петроюм”, "Хүннү Коүл” зэрэг 20 гаруй компаниуд хувьцаагаа "Нью Йорк”, "Гонконг”, "Торонто”, Лондонгийн Хөрөнгийн биржид арилжаалдаг. Тэдгээрийн толгой компани нь мөн адил оффшор бүсэд бүртгэлтэй гэнэ.

 

Холбогдох хуулиар тогтоосон болзол, шалгуурын дагуу сонгогддог, эсхүл сонгуулийн үр дүнд томилогддог албан тушаалд нэр дэвшигч, түүний хамаарал бүхий этгээд нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд нэр дэвшихэд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол холбогдох байгууллагад урьдчилан мэдүүлэх үүрэгтэй.

 

Хэрвээ нэр дэвшигч, албан тушаалд сонгогдсон, эсхүл томилогдсон тохиолдолд тухайн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол гурван  сарын дотор өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх ёстой.

 

Ингэхдээ нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөхг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эхрийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох замаар арга хэмжээ авахаар тусгасан. 

 

Уг хуулийг хэлэлцэх үед хамаарал бүхий этгээд оффшорт данстай байх асуудлаар гишүүдийн дунд нэлээн маргаан өрнөсөн юм. Хамраал бүхий этгээд гэдэгт тухайн хүний аав ээж, гэр бүл, ах дүүс, үр хүүхэд хамаарч байгаагаас гадна ашиг сонирхлын холбогдолтой этгээд ч хамрагдах юм билээ.

 

Гэвч монголчууд хоорондоо ах дүү, хамаатан садан, төрөл төрөгсдийн холбоотой байдаг. Тиймээс ч хэн нэг хамаарал бүхий хүн оффшорт бүст ямар сурах, хөдөлмөрөх, эмнэлгийн тусламж авах зэргээр данс нээлгэсэн байхад холбогдох албан тушаалтанд хамааруулах нь зохимжгүй гэж үзсэн. Нөгөө талаас хамаарал бүхий этгээдээр дамжуулж, оффшорт данс нээлгэх нь буруу гэсэн шүүмжлэлт ч дагалдаж байсан юм. Гэхдээ хуулийг батлах үед тухайн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн улсын банканд данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөхөд хуулийн дээрх хэсэг хамаарахгүй байхаар зохицуулсан байна лээ.

 

Тиймээс Оффшорын эсрэг хуулийн үйлчлэл   нийтийн албанд ажиллаж байгаа 38900 хүн хамаарна. Тэд хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор тухайн улсын банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол АТГ-т бичгээр мэдэгдэх заалттай.   Ер нь оффшор бүсэд данстай гэж нэр нь дурдагдсан эрхмүүд ихэнхдээ тухайн албан тушаалд очихоос нь өмнөх, бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан үеийнх нь асуудал гэж тайлбарладаг. Харин эдүгээ хууль үйлчилж эхэлсэн болохоор холбогдох албан тушаалд дэвшиж байгаа эрхмүүд  ч хуулийн дагуу зохицуулалтаа эртнээс хийх биз.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зoрчлooс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль ердийн журмаар мөрдөгдсөн. Хуульд заасан хугацаа энэ сартай зэрэгцэн дуусгавар болж байгаа юм билээ.

 

Тиймээс Ерөнхийлөгчийн дээрх уриалга хуулийн үйлчлэлийн хугацааг нь сунгаж  "эргийн гадна”данстай  холбогдох албан тушаалтнуудыг хөрөнгөө татахад боломж гэж ойлгож болохоор. Гэхдээ хуульд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш гурван сарын дотор зохицуулалт хийж, АТГ-т мэдэгдэнэ гэсэн болохоос бус хугацааг сунгах заалт байхгүй.

 

Нөгөө талаас АТГ Ерөнхийлөгчийн эрхлэх хүрээний салбарт багтах ч батлагдсан хуулийн хугацааг сунгах эрх төрийн тэргүүнд бий юу.

 

Тиймээс хуулийг хэрэгжүүлэх,  хянах холбогдох газрууд Ерөнхийлөгчийн уриалгыг дагах уу, хуулиа мөрдөх үү гэдэг нь эргэлзээтэй юм. Басхүү оффшор бүсээс хэдий хэмжээний мөнгө Монголд эргэн орж ирэх нь ч эргэлзээтэй юм. Учир нь оффшорт данстай гэх эрхмүүдийн мэдээлэл,  хэр хэмжээний хөрөнгө байгаа нь талаар албан бус мэдээлэл нийтэд цацагдсанаас бус АТГ албан ёсоор баталгаажуулаагүй. Тиймээс ч оффшор бүст Монгол улсын жилийн төсвөөөс хэд дахин их, их өрөө ч тэглэх хэмжээний хөрөнгөө нуусан гэх мэдээлэл ч "цонхны цаанаас чихэр долоолгосон"-той агаар нэгэн. Тэр хэмжээний хөрөнгө байсан гэж тооцоход ч хууль батлагдахаас өмнө зохицуулалт хийгдсэн биз.

 

Оффшороос их хэмжээний хөрөнгө Монголд орж ирнэ гэж сэрүүн зүүдэлснээс гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголдоо хэрхэн татах бодлогоо сайжруулах нь бодит тусгалаа өгмөөрсөн.

Н.Энхлэн

скачать dle 12.0

Санал болгох