АН-ынхан хүүхдийн мөнгөөр “тодрох” гээд тонгоруулав

🕔 2016/01/07 10:14


Эдийн засгийн биеийн байдал таагүй энэ хүнд үед АН-ын удирдлагууд хүүхдийн мөнгийг хуучин журмаар нь олгох албан бус шийдвэрээ танилцуулж иргэдийг баярлуулав. Бас зарим хэсгийг нь бухимдуулав. Монгол төрийн тэргүүн олон нийтэд хандаж "Хүүхдийг ялгалгүй мөнгөн тэтгэмж олгох ёстой” гэсэн байр сууриа ч илэрхийлсэн. Мөн олон нийтийн цахим сүлжээгээр ч энэ тухайгаа "жиргэж” амжлаа. Уг нь твиттер төрийн ажил биш л дээ. Гэхдээ л төгрөгийн ханш 50 гаруй хувиар унасан, бараа таваарын үнэ төдий чинээгээр нэмэгдсэн энэ хэцүү үед хүүхдийн мөнгийг буцаан олгох болсон нь сайхан мэдээ...Одоо энэ тухай мэдээг албан ёсны болгох эсэх нь УИХ-ын мэдэлд ирлээ. Хэрэв УИХ гаргасан шийдвэрээсээ буцаж, хуучин хэвэнд нь оруулбал энэ оны төсөвт тодотгол хийх нь гарцаагүй юм. Учир нь Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг энэ онд зөвхөн Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан I-XVII бүлгийн 823 мянга орчим хүүхэд авах шийдвэрийг УИХ гаргасан. Иймээс төсөвт өртгийг хүртэл 144 тэрбум төгрөг болгон бууруулаад байв. Харин энэ бүхний ард амьдралын боломжтой, амжиргааны төвшин дээгүүр гэсэн ангилал буюу XVIII-XX бүлэгт хамрагдсан айлын 100 мянга орчим хүүхэд сар бүр авдаг байсан 20 мянган төгрөгөө авахааргүй болоод байлаа. Тэгвэл өнгөрсөн оны сүүл сар хүртэл улсын хэмжээнд нэг сая 30 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авч байжээ. Харин Халамж үйлчилгээний газраас энэ онд бүлгээ тодорхойлуулсан 890 мянган хүүхдэд сар бүр олгодог мөнгөө үргэлжлүүлэн өгөх боломжтой гэсэн судалгааг хүртэл гаргаад байжээ. Энэ баримтаас харахад 300 орчим мянган хүүхдийн 20 мянган төгрөгөөр эдийн засгаа аврах алтан боломж байгааг манай улсын удирдлагууд анзаарсан болж таарч байна.

Гэтэл эрх баригчдын энэ шийдвэр нийгмийн бухимдлыг ихээр төрүүлсэн. Дүүргийн нийгмийн халамжийн хэлтсээс эхлээд хороодын байранд багтахааргүй олон хүн "Амьжиргааны төвшин доогуур гэсэн бүлэгт хамруулж өгөөч” гэсэн өргөдөл барьж дугаарлаж байхад нөгөө талд нь нийгмийн бүлгээ тодорхойлуулж, хүүхдийн мөнгөтэй залгах хүсэлтэй иргэд цуварсан өдөр хоногууд үргэлжиллээ. Одоо ч энэ байдалд өөрчлөлт ороогүй байх юм. Харин ч улам бүр ачаалал нэмэгдэж хороо, дүүргийн нийгмийн ажилтнуудыг "Ерөнхийлөгч хүүхэд бүрийг ялгахгүй гээд байхад хүүхдийн мөнгө өгсөнгүй” гэсэн гомдол нэмэгджээ.

Маш товчхондоо өнгөрсөн богинохон хугацаанд санхүүгийн боломж тааруу байгаагаар нь далимдуулан Монголын төр ард түмнээрээ гэмгүй тохуурхаж амжлаа. Чухамдаа энэ их ажлыг Ардчилсан намын удирдлагууд сэдсэн. Цөөн үгээр хэлбэл хэвийн явж байсан нийгмийн бодлогыг өөрсдөө нураачихаад буцаж сэргээх явцгүй ажлыг тэд мэргэн санаа хэмээн харсан бололтой. Бүр нарийн ярьвал 180 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан Үндэсний Аудитын газрын дарга, төсвийн мөнгөөр хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолт үзсэн нийслэлийн удирдлагууд, уулын тахилгад улсын онгоцыг хөлөглөн очсон хурган дарга гэх мэтээс сул зардлыг танаж, нийтийн мөнгийг амин хувьдаа зарцуулсан албан тушаалтнууддаа хариуцлага тооцож чадаагүй атлаа хүүхдүүдээс 20 мянган төгрөг харамлах санааг өнөөгийн удирдлагууд гаргасан. Үүгээр далимдуулж, сонгуулиас өмнө сайн "тодроод” авъя гэж бодсон гэдэг нь ч илэрхий.Тиймээс л ойрын үед Монгол төрийн гурван өндөрлөг хүүхдэд ээлтэй улстөрч болохыг санаархах болжээ. Цаашлаад иргэдээ бодсон, хүнд үед хүүхдүүдээ тэтгэсэн ухаантан болж харагдахыг чухалчилж байна. УИХ, Засгийн газар ямар нэгэн тайлбар хэлээгүй байхад цахим орон зайг ашиглан хувийн тоглолтоо хийсээр байгаа юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагын анхан шатны нэгжийн ачааллыг нэмж, иргэдийн цаг, мөнгөнөөс нь хумсалсан энэ байдлын энгийн нууц ердөө л сонгууль ойртсонтой холбоотой байжээ. Тийм тулдаа "Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох санал гаргалаа”, "УИХ-ын дарга хүүхдийн мөнгийг хуучин журмаар нь олгох нь зөв гэж үзэв”, "Төрийн гурван өндөрлөг хүүхдийг ялгаж болохгүй гэдэгт санал нэгдлээ” гэх мэт мэдээллийг олон нийтийн цахим сүлжээгээр тасралтгүй "нисгэсэн” биз. Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн фэйсбүүк, твиттер хуудаснаа "Энэ асуудлаар олон иргэн надад хандаж хүсэлт ирүүлсний дагуу УИХ-ын дарга болон Засгийн газрын тэргүүнтэй ярилцаж зөвшилцлөө. Бид хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн д а гуу олгох нь зөв гэдэг дээр санал нэгдсэн. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол монголчууд олуулаа, эрүүл саруул өсч бойжиход зориулагдсан төрийн бодлого юм” гэсэн байх юм.

Гэвч олон нийт тэдний бодож байгаа шиг гэнэн биш. Хүүхдийн мөнгөнөөс хумслах тухай шийдвэрийг АН-аас гарган УИХ-аар хүч түрэн баталж, З.Энхболд дарга алхаа цохиж баталгаажуулсныг, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг одонгийн мөнгийг ч хамтад нь хасч, танахаар санал оруулж байсныг жирийн иргэд мартаагүй. Тэгээд ч Монгол Улсын эдийн засаг хүүхдэд сар бүр олгодог 20 мянга, алдарт эхчүүдийн одонгийн мөнгөнөөс болж хямраагүй. Үүнийг ч эрүүл саруул ухаантай хэнээс ч асуусан мэднэ. Харин ч эдийн засгийн хямрал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ажилгүйдэл, амжиргааны төвшин доройтсон энэ байдал засаглалаас үүдсэн болохыг үндэсний эдийн засагчдаас эхлээд олон ул сын томоохон байгууллагын шин-жээчид хүртэл онцолсон нь бий. Гэтэл эрх баригчдын сонгууль угтсан их улстөржилтийн балгаар өрхийн амжиргааны төвшингөө тодорхойлуулахаас эхлээд иргэд чамгүй сандарч, автобус унаанаас эхлээд багагүй мөнгөөр "шатаж” дөнгөв. Цаашлаад I-XVII бүлэгт багтахын тулд хөргөгч, зурагтаа хүртэл ад үзсэн тухай таагүй мэдээллийг хүсвэл дурын цахим хуудсаас хайлт хийгээд харж болох билээ.Д.Ганбаатар

скачать dle 12.0

Санал болгох