Тавь шахсан ч тавьтар суудаггүй Хүрэлсүх Монгол төрийг авах гэж улайрч байна

🕔 2017/07/21 18:26

Тавь шахсан ч тавьтар суудаггүй Хүрэлсүх Монгол төрийг авах гэж улайрч байнаХүрлээ хүү өдгөө 49-тэй. Бараг 50 хүрсэн гэсэн үг. Гэвч тэр тавьтар суух болоогүй ээ. Баярсайханыг шанаадав. Бантсандаа УИХ-ын гишүүнээс татгалзаж, бараг л улстөр одоо ингээд bye bye ухааны юм ярьсан ч тэсэлгүй албан тушаал, өндөр суудлаа санагалзаад жил бололгүй буцаад ирсэн. Яг л би энэ муухай тоглоомоор чинь тоглохгүй гээд тоглоомоо цааш нь чулуудаж, аав ээждээ эрхэлж тунирхсанаа төд удалгүй аав ээжээрээ аргадуулаад буцаад тоглоомондоо эргэж ирдэг нялх хүүхэд шиг. Гэхдээ үүний цаана намаа сонгуульд ялагдуулж, өрөнд оруулж, журмын нөхдөө балласан хүнд ялнаас бултсан сайхан арга чарга байсан нь нууц биш.

Уг нь тэр улстөрөөс явахийм бол явсан шиг явж, өөрийгөө хөгжүүлсэн шиг хөгжүүлж, боловсруулсан шиг боловсруулж, бодож тунгаавал тунгаасан шиг тунгааж, сайтар бэлтгэлээ базаасны эцэст улстөрд яг л Никсон шиг, Путин шиг, Элбэгээ шиг дорвитойхон эргэн ирэлтийг хийсэн бол ард түмэн ч түүнийг хүндэлж хайрлаж, түүний нэр хүнд төдий чинээ өндөр байх байлаа. Гэвч тэрбээр Австралид эхнэрээ эмчлүүлсэн нэртэй жил бололгүй яг л өмнөхөөрөө түүхий гоомой чигээрээ эргэж ирээд Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгээр "Австралид би жил хүрэхгүйн хугацаанд асар ихийг бодож тунгаагаад. Намайг тэнд тагтан дээр сууж байхад тагтаа ирж суугаад”. Бараг л "Би тагтаанаас их зүйл суралцлаа” ухааны юм ярьсаар төд удалгүй өндөр албан тушаал дээрээ буцаад залрах нь тэр.

Харин одоо түүнд Монгол төрийн Шадар сайдын албан тушаал багадсан бололтой Монгол ардын намын даргын албан тушаал. Цаашлаад Ерөнхий сайдын суудлыг сэрүүн зүүдэлж, хороо найруулж, нүхээ аль хэдийнэ малтаж явна. Энэ талаар Монголын нийгмийн сүлжээ, өдөр тутмын сонинууд, цахим ертөнц, улстөрийн хүрээнийхэн жиг жуг бичиж, шуугиж байна. Ухнаагийн Хүрэлсүх дараагийн намын дарга, Ерөнхий сайд уу гэж ирээд л. Хэрвээ найруулж буй хорных нь тун дооз нь яг сайхан таараад хүссэнээрээ намын дарга, Ерөнхий сайд болчих юм бол цааш нь Монгол улсын Ерөнхийлөгч болно гэж зүтгэж чадах л хүн тэр бол.

Ханаж цадахыг мэддэггүй албан тушаалын шуналтай энэ эр төрийн сайдын албыг хоёронтаа хашихдаа хоёуланд нь Онцгой байдлын салбарыг толгойлж ажиллаж байгаа. Харамсалтай нь манай онцгой байдлынхан гэж асч буй түймрийн эсрэг улаан гараараа тулалдсан хэвээр л. Манай хоёр хөрш гэхэд л зориулалтын ус цацдаг онгоц, нисдэг тэрэг, даралттай усаар шүршигч төрөл бүрийн багаж техникийг ашиглаж байна. Харин манай онцгойгийнхонд ийм сүүлийн үеийн техник битгий хэл хүрз зээтүү нь хүрэлцэхгүй шахуу хүй нэгдлийн үеэрээ хэвээр байсаар л.

Хоёр ахиж онцгой байдлын албыг толгойлон ажиллаж байгаа Хүрэлсүх сайдтан та жил бүр олон тэрбум төгрөгийн төсвийг улсаас төсөвлүүлэн авдаг атлаа түймэртэй нүцгэн гараараа тулалдаж байгаа аврагчдынхаа ажиллах орчин, аюулгүй байдал, цаашлаад Монгол төрийн онцгой байдлын албаны нэр нүүрийг бодоод хамгийн сүүлийн үеийн биш юм аа гэхэд ядаж хуучирсан ч болтугай зориулалтын багаж хэрэгслээр хангачихаж яагаад болдоггүй юм бэ. Төсөвлүүлсэн мөнгө чинь хүрдэггүй юм уу. Эсвэл сэтгэл зүтгэл дутаад байна уу. Хэвлэлийнхэнийг дагуулж "халтар” хэдэн гал сөнөөгчидтэй гар барьж зургаа авахуулж газар дээр нь ажиллалаа гэж шоудахаас өөр ажил танд байна уу.

Хүрлээгийн балаг үүгээр дуусахгүй. Одоогоос арваад жилийн тэртээ тэр үеийн төрийн мэдлийн Хадгаламж банкнаас 14.2 тэрбум төгрөг сох дутсан хэрэг гарч, олныг нэг хэсэг шуугиулсан. Энэ мөнгөтэй бохир гараа хутгасан хүмүүс гэвэл "Алтай констракшн” компанийн захирал Х.Бат Эрдэнэ, тус банкны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн, мөн сайд У.Хүрэлсүх нар гэлцдэг юм билээ. Тэд Монгол төрийн энэ их хэмжээний мөнгөөр зарим нь тив дэлхий алгасан казино тоглоцгоож, зарим нь алдартай бөхчүүд, миссүүдийг дагуулан баар, ресторан хэсч идэж ууцгаасан тухай тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай шуугисан. Ингээд зогсохгүй Солонгос болон өөр бусад орны банкин дахь нууц данс руу хэд хэдэн удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгийг шилжүүлсэн гэх баримт тухайн үеийн өдөр тутмын нэгэн сонинд хөдөлгөөнгүй баримттайгаа нийтлэгдэж л байсан.

Төрийн мэдэлд байсан банкны энэ их мөнгөөр гараа угаасан тэдгээр эрхмүүд. Тэр дундаа Хүрэлсүх шүүхээр баахан шалгагдсан ч ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн түүхтэй. Харин одоо тэр ичихгүй төрийн эрхийг барьж байгаа МАН-ын дарга. Цаашлаад Засгийн газрын тэргүүн болно хэмээн ил далд хор найруулж явна. Тавь хүрсэн ч тавьтар суудаггүй. Төрийн ордондоо зодоон хийдэг, казино тоглодог, улсын мөнгө гулруулдаг энэ эрхэм Ерөнхий сайд, эсвэл энэ том намын дарга байх эрхтэй хүн мөн гэж үү.

Хэрэв тэр Ерөнхий сайд, МАН-ын дарга болчих юм бол самарнаа самарна...

Б.Төв


скачать dle 12.0

Санал болгох