Дарханчууд оны шилдэг хүүхдүүдээ тодрууллаа
Аймгийн ХГБХХ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг Дархан-Уул аймгийн шилдэг хүүхдүүдээ тодруулдаг "Сүлд модны наадам” өнгөрөгч баасан гарагт/2015.12.25/ боллоо. Тус үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Энхболд оролцлоо.
Мөн Сүлд модны наадамд Хүүхдийн нэгдсэн зөвлөл, Өсвөрийн цагдаа бүлгэм, Өсвөрийн улаан загалмай, Дэлхийн зөн ОУБ-ын дэргэдэх "Гэрэлт ертөнц” зэрэг хүүхдийн оролцооны байгууллагын 63, урлаг спортын манлай 68, ЕБС-ийн болон сумдын төлөөлөл болох 70 орчим нийт 200 гаруй хүүхэд оролцсон байна. Энэ үеэр үеийнхнийгээ урлаг спорт, сурлага хөдөлмөрөөрөө манлайлан "2015 оны шилдэг хүүхэд”-ээр 11 хүүхэд, Монголын хүүхдийн төлөө үндэсний газрын "Авьяа"с алтан медалиар 3 хүүхэд, аймгийн "Тэргүүний сурагч" алтан медалиар 12 хүүхэд тус тус шагнагдлаа. Эдгээр хүүхдүүдэд аймгийн Засаг дарга А.Энхболд шагналыг гардуулсан юм.
Аймгийн шилдэг хүүхдүүдээ тодруулах "Сүлд модны наадам”-д өвлийн өвгөн, цасан охид, ойн бяцхан амьтадтайгаа хүрэлцэн ирж урлагийн тоглолт үзүүлэхээс гадна цугларсан 200 гаруй хүүхдэд бэлэг гардуулан баяр дээр баяр нэмсэн юм.
Уг хүндэтгэлийн үйл ажиллагааны гарын бэлгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар болон Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, "Дархан Ус суваг" ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Эрдэнэбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Эрдэнэтулга нар бэлтгэн өгсөн байна.
Дархан-Уул аймгийн Хүүхдийн шинэ жилийн сүлд модны наадамтай зэрэгцэн Монголын хүүхдийн төлөө үндэсний газраас жил бүр зохион байгуулдаг Оны шилдэг хүүхэд шалгаруулах "Харшийн сүлд модны наадам” Улаанбаатар хотноо болсон. Энэ наадмаар Ерөнхий сайд оны шидэг хүүхдүүдэд батламжаа гардуулдаг уламжлалтай. Манай аймгаас "Монгол улсын 2015 оны онцлох хүүхэд”-ээр Жигүүр цогцолбор сургуулийн сурагч Д.Шинэбаяр шалгарч, Монгол улсын Ерөнхий сайдаас батламжаа гардан авсан. Д.Шинэбаяр нь хоёр жил дараалан "Өсвөр үеийн хамгийн хурдан хүүхэд” болсон төдийгүй Монгол улсад 23 жилийн дараа хөнгөн атлетикийн рекордыг эвдэн 14хөн насандаа Спортын мастер цол авчээ.
Мөн Монгол телевизээс зохион байгуулсан "Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлгийн ялагч С.Жамьянхорол багштай "Эгшиглэнт чимээ” хамтлагийн 35 хүүхэд "Монгол улсын оны шилдэг хүүхэд”-ээр шалгарч, Дарханчууд 36 Монгол улсын "Оны шилдэг хүүхэд”-тэйгээр 2015 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна.