Ц.БАЯСГАЛАН: ЯКУТАД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ӨМӨӨРЧ ТОГЛОНО

🕔 2017/06/16 08:40
Ц.БАЯСГАЛАН: ЯКУТАД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ӨМӨӨРЧ ТОГЛОНО
УДЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 24,25-ны өдрүүдэд Якут улсын П.А.Ойунского-ийн нэрэмжит Драмын Эрдмийн театрын урилгаар тус улсад "Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжгийг тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ. Энэ үеэр "Чөлөөт хос” жүжгийн гол дүр Ц.Баясгалантай ярилцлаа.
 
-"Чөлөөт хос”-ынхон Якут улсыг зорих нь ээ. Аялан тоглолтынхоо тухай сонирхуулаач?
 
- Якут улсаас УДЭТ-ын уран бүтээлчдийг олон жил урьсан юм билээ. Энэ жил энэ урилгыг хүлээж аваад "Чөлөөт хос” жүжгийг тоглохоор бэлтгэж байна.  Зардал мөнгөний асуудалтай холбоотойгоор цөөн бүрэлдэхүүнтэйгээр явна. Хэрэв машинаар явахаар бол 8000 км гэсэн байх шүү.  Иймээс өргөн бүрэлдэхүүнтэйгээр тоглолт хийнэ гэдэг хүндрэлтэй учраас хамгийн цөөхөн хүний бүрэлдэхүүнтэйгээр драмын театрын нэр хүнд, Монголын тайзны урлагийн чансааг харуулж чадах бүтээл гэдэг үүднээс "Чөлөөт хос” жүжгийг сонгосон. Багийг МУГЖ Г.Урнаа ахалж байгаа. Айлчлан тоглолтын бүрэлдэхүүнд МУУГЗ Д.Цэрэнсамбуу-УДЭТ-ын захирал, СТА жүжигчин Э.Тодгэрэл, жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, дууны найруулагч А.Од-Эрдэнэ нар багтсан. Тус тоглолтын зорилго нь ОХУ-ын Якут улсын П.А Ойунского-ийн нэрэмжит драмын эрдмийн театрын үйл ажиллагаатай танилцах, хоёр орны театрын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцах, монголын драмын театрын уран бүтээлийг гадаадад сурталчлахад оршиж байгаа.
 
-"Чөлөөт хос” жүжгийн Антониагийн дүрээр та 2015 оны "Гэгээ МУЗА" наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийг хүртэж байсан. Дүрийнхээ тухай?
 
-Энэ жүжгийн Антониягийн дүр миний уран чадварыг өсгөсөн, маш олон ажилтуудыг авчирсан. Энэ дүрээрээ би Боловсрол соёл шинжлэх ухааны яамны 2015 оны "Мөнгөн мод” шагналыг авсан. Энэ дүрдээ хайртай миний нэрийн хуудас болсон дүр.
 
-Таны "Чөлөөт хос” жүжигт эмэгтэйчүүдийг өмөөрч дүрээ бүтээлээ гэх ярилцлагыг уншсан л даа?
 
-Үнэхээр тийм. УГЗ Ч.Найдандорж найруулагчийн хүсэл нь ч энэ. Анх 2014 оны аравдугаар сард "Чөлөөт хос” жүжгийг тайзны бүтээл болгож тоглосон. Эмэгтэйчүүд бид чинь их өрөвдөлтэй ш дээ. Эрчүүд жоохон л анхаарал тавихад л баярлаад, гэрэлтээд ирдэг. Харин эсрэгээрээ эмэгтэй хүнд эрэгтэй хүний хайр халамж дутаад, араар тавьж, өөр хэн нэгнээр өөрийг нь орлуулах  үед цөхрөнгөө бараад амиа хорлох  хүртэл зовлон шаналалд ордог байна л даа. Ийм үед эмэгтэй хүн яаж өөрийгөө татаж авч, өндөрлөгт аваачиж, энэ бүх зовлонг яаж даван туулж гарч чадах вэ? Яг л энэ тухай өгүүлсэн.  Эр эм, эхнэр нөхөр хоёрын харилцааны асуудлыг хөндөн гаргасан жүжиг. Энэ жүжгийг хаана ч очоод тоглосон хэнд ч ойлгомжтой жүжиг. Бид энэ хавар хөдөө орон тоглосон. Энд жүжиг сексийн тухай маш их яригддаг боловч хүмүүст маш их хүрдэг. Ч.Найдандорж найруулагч маань энэ жүжгийг маш гайхамшигтай тавилттайгаар хийж чадсан.
 
-"Чөлөөт хос” жүжгийн үзэгчид жүжиг үзсэнийхээ дараа сэтгэгдлээ ямар байдлаар хуваалцаж байна вэ?
 
-Үзэгчдийн зүгээс "Маш их ухаарлыг авлаа, энэ яг л миний амьдрал байна” гэдэг. Энэ түүх нь гэрлээд хамт амьдраад 20 жил гэр бүлийн хоёрын амьдрал. Гэтэл хүнтэй суугаад ганц хоёрхон жил болсон охидууд энэ жүжгийг үзээд "миний амьдрал яг энэ” гэж хэлж байгаа нь маш их эмзэглэлтэй санагдсан. Эхнэрээ дөнгөж жирэмсэн болонгуут л нөхөр нь өөр хүүхэн лүү явдаг үзэгдэл маш их болж. Яг ийм үед тухайн эмэгтэй хүн хүүхэддээ хангалттай анхаарал тавьж чадахгүй, маш их сэтгэлээр унаж, хөл алддаг юм байна л даа. Жүжгийг маань үзчихээд "Бид өөрсдийгөө "шалдан” орхичихдог юм байна. Ингэж л болохгүй юм байна, бид өөрсдийгөө өөд нь татаж авахгүй бол бүх эсрэгээрээ эргэх магадлалтай байдаг юм байна” гэх байдлаар маш олон охид бүсгүйчүүд санал бодлоо хуваалцаж байсан. Мөн  эрчүүд жүжгийг маань үзсэний дараа манай гэр бүлд ийм ийм өөрчлөлт гарлаа гэх байдлаар сэтгэгдлээ хуваалцдаг. Тэр дундаас нэг залуу эхнэртэйгээ "Чөлөөт хос” жүжгийг  үзчихээд юу ч ярихгүйгээр алхаж яваад нэг ресторан луу орчихсон. Тэнд ороод ганц ганц пиво уугаад ярилцсан байгаа юм. Тэр хоёр алдаагаа олж харсан, ойлголцсон тухай сэтгэгдлээ хуваалцаад "манай гэр бүлийн амьдрал маань их гоё болсон” гэж ярьж байсан. Миний зүгээр баяр хүргэсэн. Уран бүтээлч хүнд уран бүтээл маань хүнд хүрээд хүний амьдралд нөлөөлөөд тэндээс гэр бүлээ хайрлаж, элэг бүтэн байлгах ухаарал авч үлдэж байна гэдэг чинь бидний тайзан дээр гарсны үр гарна шүү дээ.
 
-Та бол моно жүжгийн төрлөөр маш амжилттай ажиллаж байгаа уран бүтэээлч. Моно жүжгийн төвийн сонин сайхнаа хуваалцахгүй юу?
 
-Жүжигчин хүний хувьд хамгийн хүч шавхсан төрөл тайзны урлаг буюу жүжиг байдаг. Тэр дундаа моно жүжиг хамгийн хүнд нь. Жүжиг эхлэхээс төгсөх хүртэл гол дүрийн жүжигчин нь хэд хэдэн дүрд хувирах, эсвэл үзэгчидтэй, эсвэл ямар нэгэн амьгүй биет, эсвэл хэн нэгэн төсөөллийн хүнтэй, нэг бол өөрийнхөө дотор хүнтэй хөөрөлдөх, ярилцах зэргээр жүжиглэдэг ба гол төлөв сэтгэлзүйн асуудлыг хөнддөг, нарийн мэдрэмж шаардсан, жүжгийн урлагийн нэгэн онцгой төрөл юм. 2014  моно жүжгийн төвийг байгуулсан. Энэ байгууллага маань  2015, 2016 онуудад Олон улсын моно жүжгийн фестивалийг эх орондоо зохион байгууллаа. Өнөө жил ч фестиваль маань болно. Хүн харахад жижигхэн арга хэмжээ мэт санагдаж болох ч миний хувьд маш том ажил.  Энэхүү арга хэмжээнд дундад ази болон Европын орнуудаас жүжигчид ирж оролцдог. Энэ жил ч мөн гадаадаас жүжигчид ирнэ. Гаднаас хоёр шүүгч, Монголоос нэг шүүгч оролцоно. Монголоос сонгогдох шүүгчийн хувьд гадаад хэлтэй, драмын урлагийн тоглолтыг шүүж мэдэхүйц хүнийг сонгоно. Одоогийн байдлаар фестивалд оролцохоор зургаан орны жүжигчид мэдүүлгээ өгсөн. Уралдаанд тэргүүн байр эзэлсэн уран бүтээлчийг 1000 ам.доллараар шагнана.  Монголд моно жүжгийг хөгжүүлэх гээд л чадан ядан зүтгэж байна даа.
 
-Зуны амралтаа хэрхэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна вэ?
 
-Наадмын дараа манай театрынхан амардаг. Би Увсынх. Улаангом хотын уугуул.  Энэ жил миний төгссөн хоёрдугаар арван жилийн ой болно. Мөн бага ангидаа сурч байсан сургуулийн ой болно. Чадах ядахаараа хандиваа өргөсөн. Цаг зав гарвал ойн арга хэмжээндээ оролцоно. Ирэх долоо хоногт нэг ажлын шийд гарна. Тэр төлөвлөгөөний шийд гарчихвал, гарахгүй бол гэдэг байдлаар дараагийн ажлуудаа төлөвлөнө дөө.
 
 
 
Эх сурвалж: П.ГОО 
Оллоо.мн 

скачать dle 12.0

Санал болгох