Н.Мадурогийн айдас

🕔 2017/06/14 11:04

Н.Мадурогийн айдас

-Венесуэлийн хувьсгалд цэргийнхэн оролцох уу-

Туркийн Ерөнхий сайд Р.Тайип Эрдоган нэгэн үе үзэл бодол таарахгүй бараг хүн бүрийг "төрийн эргэлт хийх гэлээ” хэмээн харддаг байсан билээ. Түүний энэ сэжигч занд ихэвчлэн цэрэг армийнхан өртдөг байсан. Тэгвэл түүний халааг  Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро авсан бололтой. 

Н.Мадуро сөрөг хүчний хооронд мөргөлдөөн үүсээд хоёр сар гаруй болж байна. Энэ хооронд аль, аль тал нь амжилт ололгүй "өөх ч биш, булчирхай ч биш” байгаа. Тэгвэл энэ тэмцэлд нэгэн шинэ гаргалгаа гаргасан талаар Испанийн "El Confidencial” сонины Венесуэль дэх сурвалжлагч Алисия Эрнандес мэдээлсэн байна. Тодруулбал, Ерөнхийлөгч Н.Мадуро цэргийн алба хаагчидтайгаа таарамжгүй харилцаатай байх болж, саяхнаас армид нийтийг хамарсан "цэвэрлэгээ” явуулж эхэлсэн гэнэ. Тэрээр өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр үндэсний телевизийн эфирээр "Төрийн эргэлт хийх оролдлогыг илчилсэн” хэмээн мэдэгдээд удалгүй армийн 14 өндөр тушаалын офицерыг нэгэн зэрэг огцруулсан аж. Үүний дараа цэргийнхний хүрээнд Ерөнхийлөгчийг эсэргүүцсэн яриа гарч эхэлжээ. Улмаар халаа сэлгээ улам гаарсанд энэ эсэргүүцэл нь багтаж ядах болсон байна. Энэхүү дургүйцлээ илэрхийлэх хэлбэр, хамрах хэмжээ нь ямар байж болохыг А.Эрнандес тодорхой бичээгүй байна. 


Армиас халагдсан өндөр тушаалын офицеруудын тоо өнгөрсөн долоо хоногт 85-аар тоологдож байсан бол одоо 100 давсан ч байж магадгүй гэнэ. Гэхдээ А.Эрнандесын хэлснээр бол тоо чухал бус, харин Ерөнхийлөгч цэргийнхнээр "оролдсон” гэдэг л чухал гэнэ. Учир нь Венесуэлийн улс төрд цэргийнхний нөлөө маш их, одоо байгаа танхимын 29 сайдын 10 нь урьд нь армид ажиллаж байсан албан тушаалтан аж. Тэднийг А.Эрнандес "Одоо ч цэргийн зүтгэтнүүд хэвээрээ, хувцсаа солиод л Засгийн газарт ороод ирчихсэн улс” хэмээн тодорхойлсон байна. Нөхцөл байдал эвгүйтвэл тэд Н.Мадурогийн үгэнд орохоо болино.  Өөрөөр хэлбэл, тус улсад үүсээд байгаа улс төрийн хямралт байдалд цэргийнхэн оролцож магадгүй болсон гэсэн үг.


"Төрийн эргэлт хийх гэж байна” гэсэн хардалт Н.Мадурогийн хувьд анхных биш.Ерөнхийлөгч болоод хагас жил ч болоогүй байхдаа сөрөг хүчнийг хоёр ч удаа "Төрийн эргэлт хийх гэж байна” хэмээн буруутгаж байсан удаатай. Хоёр дахь удаагийн хардлагынх нь талаар тус улсын Дотоод явдлын яамны сайд Родригес Торрес телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох үедээ олон нийтэд анх зарлаж, "Энрике Каприлесаар толгойлуулсан сөрөг хүчин Ерөнхийлөгч Николас Мадурог буудаж устгаад дараа нь стратегийн ач холбогдолтой объектуудыг эзэлж авахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөг 2013 оны долдугаар сарын 24-нд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан, зохион байгуулагчид нь Колумбийн Ерөнхийлөгч асан Альваро Урибе, Гондурасын Ерөнхийлөгч асан Роберто Мичелетти болон Кубын Карильесын алан хядах бүлэглэл, АНУ-ын ТТГ-ын нэр бүхий ажилтнууд” хэмээн мэдэгдэж байсан юм. 


Гэвч сэтгүүлч Р.Торресоос баримт шаардахад "Байгаа” гэхээс өөр үг хэлээгүй бөгөөд энэ чухал ажлыг яагаад шууд эфирээр олон нийтэд цацах болсон талаархи асуултад хариулж чадалгүй эвгүй байдалд орж байв. 


скачать dle 12.0

Санал болгох