Гажиг парламент
Аливаа улсын парламентийн бүтэц салбар салбараас төлөөлөлтэй байвал зохилтойг номлосон нь олонтаа байдаг ч бизнесийн бүлэглэлүүд хөрөнгөө өсгөж, хамгаалах гэж суудаггүй юм билээ. Манай парламентад нам, нам дагасан эрх ашгийн нэгдэл бий болоод удаж байна. Үүнээс харвал манай парламентийн бүтэц өөрөө гаж гэж хэлж болохоор. Учир нь Хууль тогтоох дээд байгууллагын танхимд маш олон компанийн эзэд өөрсдийнхөө эрх ашгийг өмгөөлөөд сууж байдаг. Шуудхан хэлэхэд тэд ард түмэн, улс эх орныхоо төлөө бус компанийнхаа эрх ашгийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж суудаг. Ийм байхад улс орны хөгжил дэвшилд эерэг нөлөөлөл хүсээд нэмэргүй мэт. Нөгөө талаар манай парламентад хуульч маш цөөн суудаг. Хуруу дарам хэдхэн хуульчдынхаа үзэл санааг олонхи нь сохроор дагадаг ийм байдал баттай оршсоор байна.
Түүхийн багшаас эхлээд автомеханикч, хуурам димломтой эмч, эдийн засагч хүртэл байлаа. Энэ мэт эрээвэр хураавраас бүрдэх парламентад жинхэнэ хууль тогтоох байгууллагын дэг жаяг үгүй гэхэд болно. Барилгачин, бизнесмэн,яруу найрагч дуучин, эмч, түүхч нар нийгмийн салхийг дагаж, хууль зүйн болон эрх зүйн мэргэжил эзэмшсэн гэх боловч, хуулийн үзэл санаанаас дэндүү хол зөрнө. Тэдний үндсэн мэргэжил нь багш барилгачин учраас дараа нь суралцсан гэх диплом бол зүгээр бэлгэ тэмдэг төдий зүйл. Аливаа хүний үндсэн суурь мэргэжил гэдэг чухал. Түүнээс бус мөнгөтэй эрх мэдэл бүхий болчихоод мэргэжил эзэмшсэн болж диплом өвөртлөх бол хэнд ч хэрэггүй. Естой л өөрт нь хэрэгтэй болов уу. Тэр тусмаа 2016 оны сонгуулийн үр дүнд бүрдсэн парламент бол компанийн нэртэй эзэд болох "АПУ” Г.Батхүү, "Женко” Х.Баттулга, "Бодь” Лу.Болд, С.Баярцогт гэх мэт цэнхэр талын мхөлгөн дээрх хэдэн нөхдийг шахсан болохоос биш бага гарын бизнесмэнүүдээр дүүрчээ. Нөгөө талаар улаан талын хөлгөн дээр аль хэдийн бэрс гарчихсан Сү.Батболд тэргүүтэй бизнесмэнүүд бий. Нүдэн дээр улаан цэнхэр гэх өнгөөр ялгах хэдий ч төрөөс хамааралтай бизнесмэнүүд хэтэвчээрээ өнгө үл хамааран нөхөрлөдгийг ч мэднэ.
Бизнес хийж, амьдрал ахуйгаа өөд нь татаж, улсдаа татвар төлж байгаа нөхдийг муучлах гэсэн хэрэг огт биш. Өөртөө хэрэгтэй зүйлийг өөрөө хийхээс биш улстөрөөр дамжуулж бизнесээ өөд нь татах гэсэн энэ үзэл санаа хэзээ үгүй болох вэ. Үүний өмнөх парламентийн дарга маант автоматик, телемеханикийн инженер хүн байв. Өнөөдөр эдийн засагч хүн байх жишээтэй. Хууль тогтоох дээд байгууллагыг инженер хүн толгойлохоор заавал дутмаг зүйл байж таарна. Дээр нь инженер маань хууль тогтоогчиддоо өөрийнхөө үзэл санааг тулгаад байхаар улс орны ажил урагшаа явна гэж хэлэхэд бэрх. Өнөөх л нам бүлэглэлийн эрх ашгийн төлөөх томилгоо нь ийнхүү Монгол Улсын Төрийг саармагжуулж, бүр үндэс угсааг нь ганхахад хүргэж байна. Бидний байнга хэрүүл хийж байдаг УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно, болохгүй гэсэн маргаан. Уг нь Үндсэн хуулийн 8.2.11. "УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах үндсэн үүрэгтэй, 8.3. УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно” гээд заачихсан учраас яаж ч чадахгүй сууна. Өөрөөр хэлбэл, Өөрөөр хэлбэл, энэ хуулийн заалт дагуу УИХ нь Засгийн газраа хянаж чадахгүй байгаа хэрэг. Энэ хуулийг зориглоод засчих сэтгэлтэй УИХ-ын гишүүн парламентад байхгүй. Яагаад гэхээр бүгд нам дамжсан олигархи бүлэглэлд данстай. Эсвэл нам хамаагүй хэтэвчээрээ нэгддэг тийм бүлэглэл учраас тэр. Хамгийн гол нь тэдэнд хууль зүйн суурь мэдлэг байхгүйгээс ийнхүү хуулийг өөрсдөө уландаа гишгидэг.
Жинхэнэ хуульчдыг УИХ-д олшруулах хэрэгтэйг олон удаагийн сонгууль сануулж байгаа ч өнөөх л олигархи бүтцийнхээ их мөнгөний хөлд өөрийн эрхгүй сөхөрч байна. УИХ-ын суудлыг сүүлийн хорь гаруй жил хэдхэн тооны бизнесмэнүүд удаа дараа эзэгнэсээр ирлээ. Тэд өөрсдийнхөө компанийн эрх ашгийг хамгаалаад зогсохгүй, дараа дараагийн сонгуулийн мөнгөө улстөртэй хавсарч босгодог. Ингэхийн тулд халаас нимгэн нэгнийг өөртөө татна. Улмаар баг болж зүтгэээд гэх зэргээр даамжирч байна. Өнөөдөр хөрөнгөлөг бүлэглэлийн гар хөл, дуу хоолой болж байдаг халаас нимгэнчүүдийн баг ч УИХ-д бий. Тэд мөн л дараа дараагийнхаа улстөрийн үйл ажиллагаа, сонгуулийг бодож, дуртай ч дургүй ч хөрөнгөлөг бүлэглэлийн талд эрх ашгаа нэгтгэдэг. Тэдэнд өөрийн үзэл бодол, ард түмэн, улс орноо гэсэн сэтгэл байлаа ч өөрийн эрхгүй их мөнгөний хөлд сөхөрч унадаг нь нууц биш. Эдгээр мөнгөний эзэд дангаараа хүчирхэг байж чадахгүй учраас бэл нимгэн нэгнээ өөрийнхөө талд дуугаргаж, халаасыг нь зузаалахаас эхлээд тойрогт хамтрагч ядуучуудынхаа сонгуулийн мөнгийг өгч байна. Хөндлөнгөөс үндэсний хэмжээний томоохон пүүс компаниудын эзэд аль хэдийнээ парламентад өөрийнхөө эрх ашгийг тусгачихсан байх жишээтэй. Тэд аанай л халаас нимгэнийг нь мөнгөөр татаж, УИХ-д байх компанийнхаа эзэдтэй эрх ашгаар санаа нэгтгэхээр парламентийн хүч үнэхээр дутаж байна. Тэр ч бүү хэл харийнхны эрх ашгийг ч манай парламентад оруулж ирдэг гишүүд цөөнгүй бий.
Ийм бичигдээгүй гаж тогтолцоо үүсчихсэн парламент манай улсад л бий. Өнөөдөр үндэсний хэмжээний том "Эм Си Эс”-ийн хоёр ч захирал "Эм Си Эс” гэх их айлын ирээдүйг хууль тогтоох дээд байгууллагын танхимд зураад сууж байна. Энэ ч эмгэнэл. МАК-ийн төлөөлөл ч УИХ, Засгийн газарт байна. Үүнийг дурдаад байвал урт дараалал үүснэ.
С.Ууганбаяр
Шуурхай.мн