"Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудан оролцоог хангах нь" чуулган боллоо
"Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах нь" сэдэвт үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэхдээ "Хар тамхины хэрэглээ түүний хор хөнөөлийг таслан зогсооход хүн бүрийн сэтгэл, зүтгэл, оролцоо хэрэгтэй" гэж онцолсон.
Энэхүү чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын үүрэг, оролцоог тодорхойлох, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог өрнүүлэх зорилготой.
Чуулганд Монгол Улсын Их Хурал түүний харьяа байгууллага, Монгол Улсын Засгийн газар, ХЗДХЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, ХНХЯ, ГХЯ, БСШУСЯ, УДШ, ТЕГ, ШШГЕГ, ХСИС, ГЕГ, МХЕГ, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, илтгэл хэлэлцүүлэн санал солилцов.
"Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах нь" сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулснаар дараах үр дүнд хүрэх юм. Тухайлбал, -Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд төрөөс баримтлах бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлыг нарийвчлан тодорхойлно.
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд хууль сахиулах, хяналт тавих ажлыг төрийн нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангах, чиг үүрэг бүхий байгууллагын үүргийн давхардалыг арилгах, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр ахиц гарна.
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар иргэдийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бий болгоход эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын асуудал эрхэлсэн байгууллагуудын хамтын ажиллагаанд ахиц гарна.
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг судлах, тэдгээрийг арилгах арга замыг оновчтой болгох замаар урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлнэ.
Цагдаагийн байгууллагаас гаргасан улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо бүртгэлээр сүүлийн арван жилийн хугацаа буюу 2006-2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188, 192-196 дугаар зүйлд заасан /мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэх/ гэмт хэрэг 388 бүртгэгдэж, 1112 хүн холбогдон шалгагдсанаас 138 хүнд холбогдох 74 хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэж торгох ялаар 3, баривчлах ялаар 34, 1 жил хорих ялаар 42, 1-3 хүртэл жил хорих ялаар 33, 3-5 жил хүртэл хорих ялаар 1, 5-8 жил хүртэл хорих ялаар 3, 10-15 жил хүртэл хорих ялаар 22 хүн шийтгэгдсэн байна.
Энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх тутам нэмэгдэж, хэрэглэгчид болон холбогдогчдын тоо өсөж буйг 2017 оны нэгдүгээр улирлын тоо баримт батална. 2017 оны 1-р улирлын байдлаар 100 хүнд холбогдох, 75 үйлдэлтэй, 30 эрүүгийн хэрэг шалгагдсан нь өмнөх оны мөн үеэс 6 хэргээр буюу 25 хувиар, холбогдогч 23 хүнээр буюу 44 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Мансуурах дон туссан буюу хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг 247 сая хүн дэлхий дээр амьдарч байгаагийн 29 сая нь хар тамхины хамааралтай, донтсон зургаан хүн тутмын нэг нь эмчилгээнд хамрагддаг гэдэг нь НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны /UNОDС/ 2016 оны тайланд дурджээ.
Харин Монгол Улсын хувьд, НҮБ-ын Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын 2010 оны тайланд дурьдсанаар Монгол Улс нь хар тамхи, мансууруулах бодис дамжин өнгөрөгч улс гэж дүгнэж байсан бол дөрөвхөн жилийн дараа буюу тус албаны 2014 оны тайланд манай улсыг хэрэглэгч улс орон болсон гэжээ.
Хүн төрөлхтнийг нөмрөөд байгаа аюулт тахалд дэлхийн нийтээр анхаарал хандуулж байна. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба /UNODC/-наас гишүүн орнууддаа хар тамхи хэрэглэж байгаа иргэд болон борлуулагч, тээвэрлэгч, бүлэглэлүүдийн эсрэг явуулж буй тэмцэлээ улам чангатгах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг гаргасан.
Монгол Улсын Засгийн газраас "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан ажиллаж байгаа бөгөөд Чуулганыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газраас Үндэсний чуулган зохион байгуулж уг хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх тухай хэлэлцлээ.
Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, ирээдүйгээ хамгаалахад төрийн болон ТББ, иргэд, хувь хүмүүсийн буюу таны, миний дуу хоолой, оролцоо тун чухал. Мансууралгүй ирээдүйн төлөө хамтдаа...