Хэн юу хэлэв: Нэр дэвшигчдийн онцлох ишлэлээс

🕔 2017/06/06 09:42

Хэн юу хэлэв: Нэр дэвшигчдийн онцлох ишлэлээс

 

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн  талаар янз бүрийн санаа бодол хөвөрч байна. Харин манай сайт хэн нэгний үг эсвэл нотолгоогүй эх үүсвэрийн мэдээгээр  бус нэр дэвшигчдийн өөрсдийнх нь Ерөнхийлөгчийн сонгуулийн гараагаа эхэлсэн үгндээс түүвэрлэн хүргэж байна. 

МАН-ын нэр дэвшигч М.ЭНхболд  

/Намынхаа Бага хурлаас нэр дэвшээд хэлсэн үг/

-Улс орон, ард иргэдийн маань амьдрал тааруухан байна. Хэн ийм болгосон, юу тиймд хүргэсэн талаар олныг ярьж, хойшоо харахыг би хүсэхгүй байна. Бид одоо зөвхөн урагшаа харах ёстой.

-Бидэнд, надад хэрвээ буруу бий бол түүнээ засъя.Зөв бас байгаа бол түүнээ баталгаажуулъя.Илүү олшруулж, өсгөн үржүүлье.

-Бид нэг буурин дээрээ мэтгэлцэж, маргалдсаар хэтэрхий уджээ.Тиймээс одоо нэгдмэл байр суурьтайгаар урагшлан зүтгэх цаг болсон. Болохгүй бүтэхгүй, буруу хазгай бүхнээ буурин дээрээ орхиод урагшилцгаая.

-Монголчууд нэг зорилго, нэгдмэл эвтэй байсан цагтаа л хүчирхэг байсан. Энэ цаг үе биднээс зөвшилцөл ойлголцлыг, эв нэгдлийг, улс гэрийнхээ дотор үймж бужигнахгүй, тогтвортой тохинуун байхыг шаардаж байна. Ингэж чадвал бид ирээдүйн сайн сайханд түүртэх юмгүй хүрнэ.

Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваад хэлсэн үгээс

-Ээдрээ төвөгтэй нийгмээ илааршуулж, унаж доройтсон эдийн засгаа сэргээж, сөргөлдөж талцсан улс төрийг эвд нь оруулах явдал энэ цагийн Монгол Улсын, Монголын ард түмний захиа даалгавар болоод байна

- Нэгдүгээрт, би ЭВТЭЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ нэр дэвшлээ

Улс төрийн бүх нам, хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагынхан, байгууллага, иргэн бүр нь эвтэй, эх орныхоо амин эрх ашгийн аливаа асуудал дээр нэгдэж чаддаг НЭГ СЭТГЭЛТЭЙ МОНГОЛ-ыг бий болгохын төлөө би нэр дэвшиж байгаа юм.

- Хоёрдугаарт, би ХЯМРАЛЫГ ЯЛАХЫН ТӨЛӨӨ нэр дэвшлээ

Өр хямралаас улсаа бүрэн гаргах амлалтаа бид заавал биелүүлж, ард түмэндээ нүүр бардам тайлагнана.Ажлын байр олноор бий болгож, жижиг дунд үйлдвэр, бизнесийг дэмжиж, том төсөл хөтөлбөрүүдээ гацаанаас гаргаж, хөгжил рүү урагшлах замыг нээхээр би нэр дэвшиж байна

- Гуравдугаарт, би ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨРИЙН ТӨЛӨӨ нэр дэвшлээ

Монгол айл гэр, монгол хүн бүр ямагт ноймор нэг байх төрийг төлөвшүүлэхийн төлөө би нэр дэвшиж байна. Би иргэн нь төрөө дээдэлдэг, төр нь иргэнээ энэрдэг тогтолцоог бүрдүүлэхийг хүсч байна.

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга

/Намынхаа Их хурлаас нэр дэвших эрхээ баталгаажуулаад хэлсэн үгээс/

-Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж гэх төрийн дууллын үг бол бидний зарчим. Бид эрх тэгш, шударга харилцааг л эрхэмлэнэ. Үүнийг ойлгож, энэ нөхцлийг хангах хэнтэй ч болов монголчууд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нь дэмжих, ажиллах нөхцөлийг бүх талаар хангахад бэлэн байдаг. Би үүнийг бодит хэрэг болгох, энэ зарчмыг Төрийн үйл хэрэгт хэм хэмжээ болгохын төлөө Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх гэж байна.

-Монголын эрх ашиг, монголчуудын сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл бол миний чигийг заагч, замыг гэрэлтүүлэгч эрхэм дээд хүч юм.

-Монгол газар шороон дээр монгол хүн цээж дүүрэн амьсгалж, толгой өндөр, нүүр баатар, элбэг хангалуун амьдарч, ажиллах тэр цагийг наашлуулахын төлөө би чадах бүхнээ хийх гэж улс төрд орсон.

-Шийдвэрлэх цаг мөч тулж ирлээ. Би бие сэтгэлээрээ бэлэн байна.  

-Би ялвал монгол ялна. Бие бөх бол сэтгэл бөх. Бид хамтдаа чадна аа. Ард түмэн, монголчууд ялсан сонголт байгаасай. Монголчууд нийтээр тэгш жаргах цаг ирнэ ээ. Монголчууд ялна аа.

Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваад хэлсэн үгээс

-Монгол Улс 30 хүрэхгүй гэр бүлийн төлөө юу, гурван сая монголчуудын төлөө юу” гэдэг шийдвэрийг гаргахад сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Хүч тэнцвэргүй тулаан болно.

-Бидэнд эрх мэдэл, хөрөнгө мөнгө, гадаадын зөвлөхүүд бүгд байхгүй ч эгэл монголчууд, ардчилагчид байна. Тиймээс энэ сонгуульд бид ялна, монголчууд, Монгол ялна”

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар

/Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваад хэлсэн үгээс/

-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар өнөөдөр СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ албан ёсоор гардан авлаа.

- Бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байгаа. Улс орноо цэгцтэй, хөгжилтэй болгох Үндсэн хуулийн төсөл бий.

-МАН, АН-ын дарангуйллыг хазаарлахаар нэр дэвшиж байна.

- Мөнгөний сонгууль хийхээ больё.

-Жирийн ажилчин хүмүүсийн төлөөлөл, эздийн холбоо, бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллагын хүчирхэгжүүлнэ. Барьцаалагдсан УИХ-ыг хазаарлана.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж олгосон МАХН-ын дарга Н.Энхбаярт талархал илэрхийлж, түүний хийсэн үйл хэргийг үргэлжлүүлэх болно.

скачать dle 12.0

Санал болгох