Онгоц уналаа, Зам тээврийн сайд хариуцлагаа хүлээж огцрох уу
Бидний нэрлэдгээр "Царцаа ногоон” буюу шинэчлэн сайжруулсан АН-2 онгоцтой болсноо Зам тээврийн яамныхан хэдхэн хоногийн өмнө сүржин мэдэгдэж байв. Орон нутагт нислэг үйлдэх чадвартай энэхүү онгоцыг Ерөнхийлөгчийн сонгууль угтаж оруулж ирлээ гэх яриа тухайн үед дэгдэж байсан. Өөрөөр хэлбэл, МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчид үйлчлүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж эхэллээ гэх хардлага байсан юм.
Тэгвэл ОХУ-аас оруулж ирсэн хоёр онгоцны нэг нь Буянт-Ухаагаас хөөрөх гэж байгаад осолджээ. Нислэгийн бүрэлдэхүүнд нисэх баг болон албаны хүмүүс, сэтгүүлчид байсан гэх мэдээлэл байна. Одоогийн байдлаар бэртэж гэмтсэн хүн байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Дашрамд дурдахад, саяхан Боловсролын сайдаа "Математикийн шалгалтын тест задарсан” гэсэн үндэслэлээр огцруулсан эрх баригчид энэ удаа онгоц осолдуулсан Зам тээврйин сайддаа хариуцлага тооцох болов уу гэсэн асуулт хариулт нэхэж байна. Нислэгийн зурваст онгоц осолдсон нь ЗТЯ-ныхны ажлын хариуцлага сул байгааг илтгэж байгаа хэрэг юм. Мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулсан нь энэ салбарыг эмзэг болгосон талаар мэргэжилтнүүд ам уралдан шуугидаг нь ийнхүү нотлогдож байгаа бололтой.
Тэгээд ч бодлого хэрэгжүүлдэг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг биш бодлого боловсруулдаг Ж.Батсуурь сайдыг огцруулсан нь цаанаа мөнгө төгрөгтэй холбоотой гэж хэд хэдэн их хурлын гишүүн ил цагаан шүүмжилсэн билээ. Тэгэхээр хариуцлагад ноогдуулсан шийтгэл үү, мөнгөнд ноогдуулсан шийтгэл үү гэдгийг эрх баригч намын цаашдын үйл ажиллагаа нийтэд харуулах болж байгаа энэ үед онгоц унасан нь бас нэг сорилт болж байна.
Харин дөнгөж сая Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албанаас "ОХУ-ын "RA-2099G” бүртгэлийн дугаартай "TBC-2MC” маягийн хөнгөн онгоц Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд үзүүлэх нислэг үйлдэхээр Чингис хаан Олон улсын нисэх буудлын зурваст гүйлт хийх үедээ тодорхойгүй шалтгаанаар зурвасаас гарч далавч, дугуйндаа гэмтэл авсан болно. ОХУ-ын нисгэгчтэй экипаж, Ерөнхий зориулалтын агаарын тээврийн тасгийн ажилтнууд тус агаарын хөлөгт үзүүлэх нислэгийн бэлтгэл хангаж ажиллаж байсан. Онгоц зурвасаас гарах үед хүн бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Зурвасаас онгоц гарсан шалтгааныг тогтоохоор Нислэг, техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба шалгаж байна" гэж мэдээллээ.
Г.Ганаа
http://mongolcom.mn/read/48257