Сонгууль болдгоороо болж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ

🕔 2017/06/03 14:50

 

Сонгууль болдгоороо болж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ

 

Яасан хаширдаггүй хүмүүс, сурдаггүй улс төрчид, сэргээж боддоггүй ой ухаантай юм бэ бид. Одоогоос арваад жилийн өмнө Монгол улс улаан шарыг тунаруулсан урт шар дээлтэй, урдаа гаргаж тахисан амьд бурхантай байв. Бүгд л тахин шүтэж, намалзан бөхөлзсөн. Намбарын Энхбаяр бол Наамбор вон гээд л бүгд дагаж давхисан. Үндэсний удирдагч, үйлийн үргүй сайн хүн гэж бүгд л магтаж байлаа.

 

Яг найман жилийн өмнө Н.Энхбаяр Eрөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөгчөө Хятадын эрлийз хэмээн суртал ухуулга явуулсан. Бүр Ховдын Зэрэгээс ярилцлага хийлгүүлж, баахан хүнийг яриа өгүүлэн гэрчлүүлж Монголын төрд хятад гарч ирэх нь гэж сүр бадруулсан. Хятадуудыг Монголд бүү хэл дэлхий дээр багтахгүй болтол муулсан. Үр дүнг нь бүгд мэднэ. Үндэсний удирдагч маань үнсэнд хаясан шалз шиг л гээгдсэн. Шоронд орж, ял сонсож, бор оймстой л үлдснийг санаж байгаа байх. Н. Энхбаяр өнөөдөр ч үүнийхээ горыг амсаж байгаа. Н. Энхбаяраас гадна түүнийг дагагсад талцаж хийрхэгсэд монголыг урж тасдах шахан хэрэлдэж, биe биeнийхээ дээр гарах гэж өөрсдөө доошоогоо унасан. Н.Энхбаяр муу байсан муухай байсан байж болно.

 

 

Гэхдээ түүнийг ингэж доошоо ортол нь нугачин дарах ажилд түүний дайснууд буюу хятадын тусгай албаныхан ч гар хөлөө дүрсэн байхыг үгүйсгэх аргагүй. Эцэг эх удам судар үр хүүхдээ доромжлуулсан Ц.Элбэгдорж гомдлоо тайлсан. Өөрийг нь үзэн ядагч өөдөө дээшээ гарахыг тэд зүгээр хараад суухгүй. Гэтэл одоо Н.Энхбаярын энэ алдааг Х.Баттулга дахиад л давтаж, эхнэрээ загнах гээд хөршийн хүүхнийг зодов гэгчийн үлгэрээр л аашилж байна. Түүний эхлүүлсэн хятадыг үзэн ядах ажлыг биднээс гадна өөр олон хүмүүс харж байгаа. Та хаалгаа дэлгэж байгаад хажуудаа амьдардаг хөршөө муулж, зүхэж, харааж загнаад үз. Хэдэн хүүхдээ тал нь минийх, тал нь хөршийн савсаг залуугийн хүүхэд гээд ялга. Зүгээр сууж байсан хөрш чинь ямар ааш гаргахыг хар. Eрдөө л энэ.

 

 

Нөгөө талаар Х.Баттулга бол Н.Энхбаярыг бодоход хэтэрхий их но той хүн. Н.Энхбаяр бол хуучин байрны ганц орц өөртөө авсан хэргээр дээлээ нөмөрч байсан. Х.Баттулгын үрэн таран хийсэн Шинэ төмөр замын төсөл, Сайншандын парк гээд толгой эргэм их мөнгө түүнтэй холбогдож байгаа. Х.Баттулга яллагдагчаар татагдан шалгагдаж, хамтран зүтгэгчдийнх нь тал нь шоронд орж, тал нь гадагшаа дүрэвсэн ийм үeд нэр дэвшиж байна. Тэр айж байгаа. Тиймээс сонгуульд ялахын тулд юу ч хийхээс буцахгүй байгаа.

 

 

Гэхдээ хоёр улс төрчийн хэрүүлээс болж хотол Монголчууд талцах хэрэггүй. Сонгууль болдгоороо болж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ.


Tsoojchuluuntsetseg Bayanmunkh


скачать dle 12.0

Санал болгох