ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох, үржлийн мал нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо

🕔 2017/06/02 10:23

ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох, үржлийн мал нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Алексей Самбуевич Цыденов өнөөдөр бараалхаж, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцлаа.

Талууд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа нь худалдааны нийт эргэлт, хөрөнгө оруулалтын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв. Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш хил орчмын бүс нутгийн худалдаа нэмэгдэж, бараа эргэлт нэмэгдсэн нь Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимтэй хөгжих суурийг тавьсан юм.

Цаашид ОХУ-тай ойрын хугацаанд байгуулахаар төлөвлөж буй "Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдвал бүх талын хамтын ажиллагаа одоогийнхоос эрс дээшлэх таатай орчин бүрдэнэ гэж Ерөнхий сайд хэлэв.

 

ОХУ-д, тэр дундаа хил орчмын бүс нутагт мах, махан бүтээгдэхүүн экспортлох, үржлийн мал нийлүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар талууд тохирлоо.

Хил залгаа бүс нутгуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэд бүтэц чухал нөлөөтэй. Одоогоор төмөр зам болон олон улсын автозамаар манай хоёр улс холбогдож байгаа. Цаашид тээврийн дэд бүтцийг сайжруулах, мөн хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол, ОХУ, БНХАУ хооронд байгуулсан "Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг бодит ажил хэрэг болгох талаар ярилцав. Тухайлбал, гурван улсын нутаг дэвсгэрээр хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж байгааг  тэмдэглэлээ.

 

Түүнчлэн эрчим хүчний хангамжийн асуудлаар хоёр талын эрдэмтдийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

скачать dle 12.0

Санал болгох