МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ 15 ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН ИХ ХЭРҮҮЛ ЭЦЭС БОЛОВ УУ

🕔 2017/05/29 10:26

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ 15 ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН ИХ ХЭРҮҮЛ ЭЦЭС БОЛОВ УУ

 

Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит тавдугаар "Их-эе” хурал хурал өчигдөр /2017.05.28/ боллоо. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдаж буй энэ хурлаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнийг солих тухай асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар Үндэсний Бөхийн Холбоог 'Гацуурт' компанийн ерөнхий захирал Л.Чинбат тэргүүлэхээр сонгогдсон байна. 


Тэрбээр өмнө нь Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.Холбооны тэргүүний сонгуульд дөрвөн хүн өрсөлдсөн боловч Х.Баянмөнх, А.Сүхбат, н.Хүдэрбаатар нар нэрээ татсанаар Л.Чинбат ийнхүү 100 хувийн саналаар сонгогджээ.

Өмнө нь хэд хэдэн удаа болохоор зарлагдсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилж  байсан уг хурлаар ямартай ч холбооны тэргүүнээ  сонголоо. Харин энэхүү шийдвэрийг Монголын үндэсний бөхийн холбооны одоогийн удирдлагууд хүлээн зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж ээлжит бус "Эх эе” –ийг хууль бус хэмээн мэдэгдэж, бөхчүүдийг тус хуралд оролцохгүй байхыг сануулж байсан билээ. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард уг хурал зарлагдахад тэрбээр дараах зүйлийг ярьж байсан юм.

"Аварга Х.Баянмөнх, А.Сүхбат тэргүүтэй хүмүүс  Монгол бөхийн өргөөнд 14 жил шунаж  хэл ам хийж байна.  Энэ хугацаанд над руу маш олон удаагийн дайралт хийсэн.  "Их эе”-ийн хурлыг хуулийн дагуу зохион байгуулна хэмээн ярьж байна.  Шүүхийн өмнө баримт бүрдүүлэх гэж маш олон хуурамч бичиг баримт үйлдсэнийг нь нотлох баримт надад бий.  Тиймээс УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат, болон түүний гар хөл болон ажиллаж байгаа Цагдаагийн дэд хурандаа Эрдэнэбат нар жинхэнэ хууль бус үйл ажиллагаагаа зогсооно уу” хэмээж байсан.

Харин нөгөө талд УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат тэргүүтнүүд "Р.Нямдорж гэдэг хүн Монгол бөхөөр 26 жил тоглолооо, самарлаа одоо болоо юм биш үү. Та одоо бөхийн холбооноос гараа татаж авах болсон. Таны үед  шударга ариун байх ёстой  Монгол бөх хээл хахуульдаа идэгдэж дууслаа. Өнөөдөр сумын заан цол авахын тулд таван сая, аймгийн арслан 50 сая, улсын начин цол 500 сая төгрөгийн хахууль төлж байна.  Монгол бөх цэвэр ариун байвал Монголын төр цэвэр ариун байна гэж би боддог. Тиймээс энэ байдлыг засаж, ард түмэндээ шударга барилдаан үзэхийн төлөө бид тэмцэж явна. Үүнийг боогдуулж байгаа хүн нүгэлтэй шүү гэдгийг хэлмээр байна” хэмээн ярьж байсан билээ.

Ямартай ч  сүүлийн 15 жил үргэлжилсэн Монголын үндэсний бөхийн холбооны их хэрүүл  шинэ тэргүүн сонгогдсоноор төгсөх шатандаа орж байх шиг байна. Тэртээ 2002 оноос эхлэлтэй уг хэрүүл ийн 15 жил үргэлжилж байгаа нь цаанаа нэлээдгүй том эрх ашиг явж байгаа мэт гэх харыг дагуулж байсан. Гэвч ямарч эрх ашиг бай гэсэн энэ бүхний хамгийн том золиос нь бөхчүүд болж байгааг бөх сонирхогчид хэлсээр ирсэн. Өнөө цагт бөхчүүдийн нэр хүнд газарт унаж байгаа ч гэсэн Монгол бөх гэдэг хэдэн  олон зуун жилийн түүхтэй бөхийн өв соёлыг өөрийн биед тээн яваа бөхчүүдийн эрх ашиг хамгийн ихээр хохирч байна.
 
Маргалдагч талууд бөхчүүдийг нутаг усаар нь хуваан авч Хэнтийгийн бөхчүүд Б.Бат-Эрдэнэ аваргыг дагаад Р.Нямдоржийн талд орчихоод байдаг, харин Өвөрхангайнхан Д.Сумъяабазар аваргыг дагаад А.Сүхбатын талд ордог хэмээн ярьж суусан удаа ч бий. Одоо харин энэ талцал, тэмцэл үгүй болж Монгол бөхийн хөгжил шат ахих ёстой гэсэн их хүлээлт бөх сонирхогчдын дунд үүслээ.

Б.Сансар
olloo.mn
скачать dle 12.0

Санал болгох