МОНГОЛ УЛС СОЛОНГОСЧУУДЫН ЧИНГЭЛЭГНИЙ ХАР ЗАХ БОЛЖЭЭ
-Хамгийн гол нь, манай хяналтын байгууллагуудыг хуураад байна уу, эсвэл манайхан тэдэнтэй сүжрээд байна уу гэдэг нь ноцтой асуудал-
"Төр оршихуй дор татвар буй, татвар оршихуй дор төр буй”. Татвар бол төрийн орших үндэс, гүн утгаараа улсын тогтнох суурь билээ. Тийм учраас аливаа улсын татварын бодлого нь Үндсэн хуультайгаа тэнцэхүйц үнэ цэнтэй, ач холбогдолтой байдаг. Нэг үгээр шударга татварын бодлоготой байж гэмээнэ төрийн ажил жигд урагшлах бичигдээгүй хуультай.
Харин манай улсад татварын тогтолцоо, ногдуулалт, хяналт шударга гэдэг нь хамгийн ойлгомжтой үнэн болжээ. Тодруулбал, татварын хяналтыг гартаа барьдаг төрийн байгууллагууд зорилтот байнууддаа хэр оновчтой хүрдэг вэ гэдгийг манай сонин цувралаар сурвалжилж, асуудлыг ил гаргахаар ажиллаж байна.
Энэ ажлын эхлэл болгож, гаднын хөрөнгө оруулалттай, дундаж компаниуд манай улсад хэрхэн татвараа төлж байгааг БНСУ-ын тээвэр зуучийн нэгэн компаниар жишээ болгоё. Өмнөд Солонгос улс манай улсын эдийн засагт багагүй үүрэг гүйцэтгэдэг. Албан бус тоогоор 100 гаруй монгол иргэн тус улсад ажиллаж, амьдарч байгаа ба үүнтэй холбоотойгоор Монгол, Солонгосын дунд мөнгөн гуйвуулга, бараа бүтээгдэхүүний тээврээр дагнан үйл ажиллагаа явуулдаг цөөнгүй компани бий болсон.
Харин эдгээрийн нэг болох "Сеожүүн ложистикс Монголиа” компани манай улсад татвар огт төлдөггүй гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Үүнийг нэхэн сурвалжилбал, БНСУ-аас карго байдлаар бараа зөөвөрлөдөг энэ компанийнхан Монгол руу оруулж ирсэн чингэлэг /контейнэр/-ийг буцаалгүй энд шууд зардаг болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Уг нь хууль, журамд зааснаар бараа агуулж ирсэн чингэлгүүдийг буцаах ёстой аж. Харин "Сөожүүн ложистикс Монголиа” компани эдгээрийг Монголд хууль зөрчин борлуулж, үлэмж хэмжээний ашиг олдог хэдий ч сохор зоосны татвар төлдөггүй юм байна.
Дүн мэдээллээс харахад, тус компани зөвхөн 2016 оны нэгдүгээр сарын 4-нөөс арванхоёрдугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд 380 гаруй удаагийн гаалийн бүрдүүлэлт хийж, тэр хэрээр чингэлгүүд оруулж ирж заржээ. Хамгийн гол нь каргоны чингэлгүүдийг буцаана гэх утгатай гаалийн бүрдүүлэлт хийлгэдэг гэдэг нь тодорхой болсон юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, зөвхөн нэг удаадаа л гэхэд 1-99 ширхэг хоосон, эсвэл хуучин чингэлгийг оруулж ирдэг байна. Үүнийг хар ухаанаар тоймлоход "Сеожүүн ложистикс Монголиа”-ийн оруулж ирсэн зарсан чингэлгийн тоо ганцхан жилд мянга мянгаар тоологдохоор болжээ.
Үүнд үндэслэн дахин нэг тоо бодъё. Одоо чингэлгийн ченжийн ханш хэр байгааг сонирхоход, 20 тонных нь 1.6 сая, 40 тонных нь 1.9 сая төгрөгийн үнэд хүрч байгаа ажээ. Тэгвэл зөвхөн гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн дүн буюу 380-аар тоймлон бодоход 700 орчим сая төгрөг болж байна. Харин үүнийг мөнөөх 1-99 ширхгийн дунджаар бодоход, жилд барагцаагаар 2,500 чингэлэг манайд борлуулагдаж байгаа бол 175 тэрбум төгрөгийн орлого олчихсон байгаа гэсэн үг.
Энэ компани хаа хаанаас чингэлгүүдээ оруулж ирж байгааг бид сонирхсон. Тэгэхэд Япон, БНСУ, Хятад, Оросын компаниуд дуулдсан бөгөөд эдгээрийг "Seo Joong Logistics” Co.,ltd, "Шандоног Интернатионал Транспорта”, БНХАУ-ын "Shanghai Hyundai Elevator”, "Дуншен”, "Тяньжин SJ мөждународное транспортное агенство”, "Экспедиторская ком.с ограниченной Ответственностью”, "Шандоног Ландбридже Интернатионал Транспорта”, "Тяньжин международное транспортное агент”, БНСУ-ын "Such-jou”, "Shinji” Co.,Ltd, "Shinji Global” Ltd, "Sits Logi Korea” Co.,Ltd, "Artsanr” зэргээр тоймлогдож байна.
Ямартай ч "Сеожүүн ложистикс Монголиа” компани нь манай улсад 1998-2012 оныг хүртэл БНСУ-д бүртгэлтэй "SJL” компанийн төлөөлөгчийн газар нэртэйгээр анх байгуулагдаж байсан ажээ. Улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлж өдгөө тээвэр зуучийн бизнес эрхэлж байгаа нь энэ. Хамгийн гол нь, манай хяналтын байгууллагуудыг хуураад байна уу, эсвэл манайхан тэдэнтэй сүжрээд байна уу гэдэг нь ноцтой асуудал.
Нөгөөтээгүүр Монголыг элдэв хориотой бизнесийн дамжин өнгөрөх бааз болчихсон гэх яриа ч иймэрхүү байдалтай холбоотойг үгүйсгэхгүй. Бид энэ талаар нарийн сурвалжилж, дахин мэдээлэх болно.
Өглөөний сонин
С.Уул