Жамц баян буюу бидний алдсан боломж

🕔 2017/05/15 15:06

Жамц баян буюу бидний алдсан боломж

 

Эдийн засгийн ухаанд алдагдсан боломж /opportunity/  гэх нэр томьёо байдаг. Энэ нь нөөцийн хомсдолт байдлаас шалтгаалан нэг хувилбарыг сонгоход цаана нь үлдэж байгаа буюу сонгож аваагүй хамгийн сайн хувилбарыг хэлдэг юм байна. Энгийн ухаанаар бодоход "Хүргэн хүү” киноны Жамц баяны  дүр өөрийн эрхгүй санаанд буулаа. Авдрынхаа хажуугийн цоорхойг л бөглөчихсөн бол хамаг мөнгөө хулганы хөеө болгуулахгүй л байсан даа. Эсвэл хорин сайхан шараа ижил сүрэгт нь "амьд сэрүүн” байлгасан бол тааваараа нэг байж, хэдэн цаас болж хоёр гуравхан хулганад "зооглуулахгүй” байлаа гэж бодохоор инээд ч хүрэх шиг.
Хэдийгээр харамсавч "Энэ зэргийн юманд хотойх баян биш” гэж хэнэггүй мэт царайлж суудаг Жамц баяны үе эрт өнгөрч, өнөө цагийн нүүрэнд олон боломжийг алдсан монголчуудаа бодохоор инээх ихдэж, ханиах багадаад байх боллоо.
Тэр боломжийн нэг нь мөнөөх Тавантолгойн орд газар юм. Монголчуудыг маань хэдэн үеэр нь тэжээж тэтгэх их нөөцтэй гэгддэг Тавантолгойн орд дахь "хар алт”-ны их нөөцийг ашиглах талаар 10-аад жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч улстөржилтийн их шуурганд цөөнгүй ширвэгдэж, хэдэн Засгийн газар дамжсан ч бодит ажил хэрэг болсонгүй өдийг хүрлээ. 2015 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлж байсан ч шийдвэр гаргах төвшинд гацаж, яриа хэлэлцээр зогссон байдаг.Түүнийг тууштай үргэлжлүүлэн эцэслэн баталчихсан бол Тавантолгойн бүтээн байгуулалт эхэлж улмаар төмөр замаар нүүрсээ тээвэрлэснээр экспортын хэмжээ нэмэгдэж, татварын орлого тодорхой төвшинд өсөхөөр байсан юм.
Дээр хэлсэнчлэн энэхүү алдагдсан боломжийн өртгийг тооцож үзвэл 6.4 тэрбум ам.доллар буюу 12 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх байлаа. Энэ талаар уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар "Бид цаг хугацаа  их алдаж байна.
Энэ нь эдийн засгаа өсгөх боломжийг тавиад туучихаж байна гэсэн үг.Тодруулбал, алт, зэс, нүүрсний үнэ өндөр байх үед томоохон төслүүдээ хөдөлгөж чадсан бол хөрөнгө оруулалтаар 10 тэрбум, борлуулалтын орлогоор 15-20 тэрбум ам.доллар олох байлаа” гэсэн юм.Улс орны эрх ашигт нийцсэн том бодлого, хөтөлбөрийг ойлгодоггүй юмуу үл ойшоосон эсвэл, гадаад, дотоодын монополь компанийн захиалгаар улстөрчид энэ асуудлыг унагаж байгаа тухай эдийн засагч Ч.Ганхуяг халаглаж байсан.
Өнөөгийн амьдралд буцааж эс чадах дөрвөн зүйл байдгийн нэг нь цаг хугацаа, нөгөө нь алдагдсан боломж гэдгийг судлаачид онцлон анхааруулсаар байдаг.Гэтэл бодлого боловсруулж, тодорхойлдог хүмүүсийн энэ мэт шийдвэргүй алхам, хууль эрх зүйн орчны тогтворгүй байдлын улмаас гаднын хөрөнгө оруулалт бараг үгүй болсон. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулж, "Рио Тинто” компани Монголын алт, зэсийн томоохон ордын лицензийг барьцаалж, гадаадын санхүүгийн арваад  байгууллагаас 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар авахаар болж, Оюутолгойг хөдөлгөж байгаагаас өөр дорвитой санхүүжилттэй бүтээн байгуулалт үндсэндээ байхгүй. АН-ын Засгийн газрын үед үйлдвэржүүлэлтийг эрчимжүүлэх зорилт тавьж, Аж үйлдвэрийн яамыг тусгайлан байгуулж, олон тэрбум ам.долларын хөрөнгө босгож, зээл авсан ч тодорхой ахиц гарсангүй. "Чингис” бондын 5-10 жилийн хугацаатай 1.5 тэрбум, 10 жилийн хугацаатай "Самурай” бондын 290 сая ам.долларын зарцуулалт тодорхойгүй.
Дээрээс нь Хөгжлийн банкны 580 сая, Хятадын Хөгжлийн банкны 162 сая, Кредит свисс банкнаас авсан 185 сая, Диссам бондын 175 сая ам.доллар гэхчилэн зээлийн тоо, хөрөнгийн хэмжээ хэдэн тэрбумаар хэмжигдэх боловч ард түмний амьдралд "наалдаж”, ахуй байдлыг нь дээшлүүлчихсэн нүдэнд харагдаж, гарт баригдахуйц өөрчлөлт тун ч маруухан байна. Тэгсэн атлаа АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээсээ эхлээд намын дарга, тэр байтугай нийслэл, аймаг, сум, багийн намын даргад нэрээ дэвшүүлж "уралдахад” ч мөнгө төлдөг босготой болгосныг бодоход Монгол Улсын эдийн засгийн алдагдсан боломжуудыг тус намынхан "алтан бугуйл”-аар бугуйлдаж, өөрсдөдөө аваад ашиглачихсан юм биш үү гэх хардлагыг өөрийн эрхгүй  төрүүлнэ.
Ямартай ч, Жамц баян шиг хотойхгүй их хөрөнгөтэй биш ч гэлээ "бүх ард түмний мэдэлд байдаг” газрын доорх баялгаа ашигласан шиг ашиглах цаг болжээ.Үүний тулд дэд бүтцээ сайжруулах, юуны түрүүнд төмөр замаа барихаас өөр аргагүй.Товчхондоо, Тавантолгой зэрэг алдагдсан боломжоо эргүүлэн ашиглах зам /хууль эрх зүйн орчин/-аа засах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй байна.
Д.Мөнхжаргал
"Монголын үнэн”
скачать dle 12.0

Санал болгох