Эрчим хүчний салбарын ажил мэргэжлийн уралдаан хойд бүсээс эхэллээ

🕔 2017/04/18 15:28

Эрчим хүчний салбарын ажил мэргэжлийн уралдаан хойд бүсээс эхэллээ

 

Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд салбарын зүрх болсон инженер, мэргэжилтнүүдийн ур чадварыг сорьсон ажил мэргэжлийн уралдааныг дөрвөн бүсэд зохион байгуулахаар болж, эхний ээлжинд хойд бүсийнхэн Дархан-Уул аймагт өрсөлдлөө. Багууд нийт 7 төрөлд өрсөлдсөн юм. Тухайлбал, IQ түвшин, салбарын аюулгүй ажиллагааны талаарх хууль дүрмийн мэдлэг болон шуурхай ажиллагаа, засвар угсралт, ашиглалтын чиглэлд ур чадвараа сорьсон. Мөн кранчин, оосорлогч-дохиочин болон гагнуурчдаас ур чадварын шалгалт авчээ. Уралдааны нэгдсэн дүнгээр "Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК тэргүүн байр, "Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК хоёрдугаар байр эзэлсэн байна. Нийт 6 баг оролцсоноос ур чадвар, мэдлэг оюунаараа тэргүүлсэн дээрх хоёр баг дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болов.

Эрчим хүчний салбарын 95 жилийн ойг зохион байгуулах комиссын даргаар дэд сайд Т.Гантулга ажиллаж байгаа бөгөөд хойд бүсийн уралдааны нээлтийн үеэр үг хэлсэн юм. Тэрбээр "Эрчим хүч гэдэг бол Монгол Улсын гал голомт болсон онцгой салбар юм. Энэ хариуцлагатай албанд үнэнчээр зүтгэж, лугших судас нь болж яваа инженер, мэргэжилтнүүдийн ур чадварыг сорих уралдаанаар 95 жилийнхээ ойн арга хэмжээг эхлүүлж байгаа нь учиртай. Та бүхний мэдлэг оюун, ур чадвар салбарынхаа хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв. Уралдаан цаашид баруун бүсийн системийн хэмжээнд үргэлжлэх бөгөөд хоёр үе шаттай явагдах аж.

Салбарын 95 жилийн ойн хүрээнд спортын тэмцээн, эрдэм шинжилгээний бага хурал, бөхийн барилдаан, баярын концерт зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу өртөг зардал багатай, төсөвт дарамт учруулахгүйгээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

скачать dle 12.0

Санал болгох