Зам тээврийн ослоор амиа алдагсдын 82,5 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй...

🕔 2017/04/17 17:15

 

2016 онд зам тээврийн осолд өртсөн, холбогдсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 64,4 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй, 19,1 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 16,5 хувь нь хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарсан байна.

Харин амь насаа алдсан хүмүүсийн хамгаалах бүсний хэрэглээнээс харахад 4,2 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 82,5 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй, 13,3 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй, тогтоогдоогүй гэсэн судалгаа байна.

Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нар нь хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүйгээс, эсвэл хамгаалах бүсний үйлчлэх шинж чанар нь өндөр хурднаас хамаарч үр дүнгүй болсноос онхолдох, мөргөлдөх үед автомашины жолооны хүрд, хянах самбар, салхины шил, хаалга цонхыг мөргөснөөс толгойдоо хүнд гэмтэл авч амь насаа алддаг байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дах хэсэгт "Жолооч нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй” гэж заасан боловч жолооч өөрөө хамгаалах бүс зүүчихээд зорчигчдод хэрэглэхийг шаарддаггүй байдал нь орон нутгийн замд осол гарахад нөлөөлөн хохирол учруулж байна.

Иймд жолооч, зорчигч та автомашиндаа суугаад аюулгүйн бүсээ заавал бүслээрэй. Айдасгүй, аюулгүй амьдрал таны гарт...


скачать dle 12.0

Санал болгох