О.Баасанхүү хэлэлцээ хийх эрх өөрт нь шилжсэнийг зарлав

🕔 2017/04/12 14:16

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тов ойртохтой зэрэгцэн улс хөрийн халуун тогоонд дуулиан, шуугиан дэгдэх нь нэг их гэнэтийн сэдэв, тохиол биш юм. Учир нь, нэр дэвших эрх 45 насаар эхэлж, улс төрийн намын гишүүнчлэлээр баталгааждаг хойно AH, MAH, МАХН гэсэн гурван намын гишүүн бүрт энэ эрх бий гэсэн үг. Харин хэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч болох вэ гэдэг нь дараагийн асуудал. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарах учраас тэр.

 

Тэгвэл сонгуулийн чимээ ойртохтой зэрэгцэн зарим нэг улстөрчдийн улс төрийн үнэлгээ өсч, хэлэх үг, хийх үйлдэл нь асуулт үлдээх болжээ. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн буюу 2012-2016 оны УИХ-д хувь улстөрчийнхөө хувьд багагүй бэрхшээл, хатуурхлыг амссан. Үүнийг нь Н.Энхбаярын улс төрийн хамгаалалт, хана цайз болсон МАХН-аас УИХ-д сонгогдсоных нь торгууль хэмээн нэрийдэж ч болно. Гэхдээ зөвлөх, хурган дарга гэх мэт нэр бүхий хүмүүсээс нь хатуу үг, ухамсрын шанаа хоёрыг хайр гамгүй хүртсэнийг нь заавал тодруулах шаардлагагүй. Гол нь энэ бүхэн болоод өнгөрсөн.

 

Харин 2016-2020 оны хугацаанд бүрэн эрх нь үргэлжлэх УИХ-ын хувьд өөр. Тэрбээр яг л бие даан УИХ-д сонгогдсон гишүүн шиг АН-тай ч, МАН-тай ч хэлэлцээ хийх бүрэн боломжтой. Юу яасан Н.Энхбаяр. Юу яасан МАХН. Тиймээс ч тэрбээр сошиалд өчигдөр ‘Төрийн тусгаар тогтнолыг гурван үеэрээ хамгаалж, баталгаажуулсан түүхэн гавьяатай, сүүлийн арван жил Монголын улс төрийн үйл явдал хийгээд амьдралд оролцоогүй хүн Монгол Улсын Ерөнхийлөгч болох ёстой. Тэр хүнийг өнөөдөртөө зарлахгүй. МАХН-аас Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлэх талаар ярьж байгаа ч манай намын дотоод дүрмээр Бага чуулганд 45 хүрсэн ямар ч нэр дэвшигч өөрийн нэрийг дэвшүүлж, өрсөлдөх эрхтэй. Харин миний хувьд дээрх үзүүлэлтийг хангасан хүнийг дэмжинэ” гэх өөрийн үгийг хэлэв. Магадгүй түүний энэ үгийг үл тоож, О.Баасанхүү Н.Энхбаяргүйгээр хол явахгүй хэмээх өөрийнхөө дүгнэлтэд итгэх нэгэн байхад эргээд буух буулт нь Монголын улс төрийн тодорхой төвшинд донсолгох боломжтой гэдгийг тааварлах нь ч олон л байгаа болов уу. Тэр дундаа Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн үйл явдлыг нэхэн санавал шүү.

 

Тодруулбал, энэ үед МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нэр дэвшсэнээр МАН-ын нэр дэвшигчид ирэх байсан саналыг хуваасан. Энэ тухай УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүсэлтээр нэр дэвшүүлсэн гэдэг мэдэгдлийг хожим нь хийж байсан. Шалтгааныг нь санал хуваалт мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ашиг сонирхол гэдгээр тайлбарласан.

Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүн О.Баасанхүүд энэ мэт улс төрийн тоглолт хийх бүрэн эрх бий гэсэн үг. Гэхдээ тэрбээр Н.Энхбаярын төлөө бус өөрийнхөө төлөө. Харин МАХН түүний эрх ашигт хавчуулагдана. Үүний тайлбар бас л тодорхой. Тэрбээр УИХ-д МАХН-ыг төлөөлж ярих эрхтэй, МАХН-д УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд бага ч атугай хуулийн дагуу санхүүжилт олгуулж байгаа ганц гишүүн нь. Ийм байхад Н.Энхбаяр урьдын адил О.Баасанхүү рүү "агсрах”, хуурай дүү нараараа алганы амт үзүүлэх боломжгүй юм.

 

Түүний энэ мэдэгдэл ч үүний баталгаа. Тэр ганцаараа чанга дуугарах эрхтэй учраас эрхээ эдэлж байгаа нь тэр.  Ялалт, ялагдлын зөрүү гэдэг энэ юм.  Товчхондоо, энэ удаагийн мэдэгдлээрээ тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хэлэлцээг Н.Энхбаяртай бус өөртэй нь хийх естой гэдгииг зарлалаа.


Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

скачать dle 12.0

Санал болгох