Сирид пуужингаар цохилт өгснөө Д.Трамп Конгресст тайлбарлав

🕔 2017/04/10 15:17

Сирид пуужингаар цохилт өгснөө Д.Трамп Конгресст тайлбарлав

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн агаарын цэргийн хүчний баазад далавчит пуужингаар цохилт өгөхийг үүрэг болгосноо зөвтгөсөн захидлыг Конгресст илгээжээ.

Өнгөрсөн бямба гарагт илгээсэн уг захидалд "хэрвээ шаардлагатай гэж үзвэл АНУ нэмэлт арга хэмжээ авах болно” гэжээ.

Сирийн Засгийн газар химийн зэвсэг хэрэглэж байгааг таслан зогсоох зорилгоор пуужингийн цохилт өгсөн гэж Д.Трамп тайлбарласан байна. Түүний хэлснээр, энэ сарын 4-нд Сирийн цэргүүд химийн зэвсэг ашиглан довтолсны улмаас энгийн номхон олон иргэн амь үрэгдсэнийг Америкийн тагнуулын албаныхан олж тогтоожээ.

Пуужингаар цохилт өгөхийг үүрэг болгосныг Конгрессын гишүүдийн ихэнх нь дэмжиж байгаа хэдий ч хууль тогтоогчдын зарим нь "цохилт өгөх тушаал гаргахаасаа өмнө Конгрессоос зөвшөөрөл аваагүй” гэж Д.Трампыг шүүмжилж байгаа юм.

Америкийн хуулиар бол, чухам ямар шалтгааны улмаас цэргийн хүч хэрэглэх гэж байгаагаа Ерөнхийлөгч Конгресст эхлээд тайлбарлах ёстой аж.

Сирид цохилт өгөхийг тушаахаасаа өмнө Конгрессоос зөвшөөрөл аваагүй гэж Д.Трамп дөрвөн жилийн өмнө твиттерээр Ерөнхийлөгч Б.Обамаг буруушааж байжээ. Иймээс тайлбар хүссэн Конгрессын гишүүд Д.Трампт цаашид илүү хүчтэй шахалт үзүүлж магадгүй юм. 

АНУ пуужингаар цохилт өгснийг Сирийн холбоотон ОХУ зэмлэн буруушаажээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ долоо хоногт Москвад айлчлах үеэрээ Сирийн асуудлаар Оросын удирдагчидтай тохиролцоонд хүрч чадах эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

скачать dle 12.0

Санал болгох