Хэлж амжаагүй…

🕔 2017/04/03 21:22
 
 Хэлж амжаагүй…

Хажуугаар нь итгэл дүүрэн, нүүрэндээ үл мэдэг инээмсэглэл тодруулсаар түүний дэргэдүүр зөрж өнгөрлөө. Дэргэдүүр нь гарахдаа 10 жилийн нууцхан бөгөөд гэнэн шохоорхол минь үүрд баяртай гэж дотроо аяархан боловч итгэлтэй шивнэж билээ.

Хэлж амжаагүй…

Би 18 нас хүрэх нилээн дөхсөн байлаа. 9 дүгээр ангид элсэн ороод л шинэ сургууль, шинэ анги, шинэ хамт олон, шинэ багш нар гээд бүх л зүйл нь надад шинэхэн, миний 8 жил сурсан сургуулиас бүх л юмаараа өөр байлаа. Тэр дундаа охидууд нь тэс өөр. Бүгд нүүрэндээ инээмсэглэл тодруулан сургуулийн хана даган алхалдана. Шинэ сургууль орчиндоо дасан танилцах гэж эхний долоо хоногийг завгүйл өнгөрүүлэв. За тэгээд нэг юм анги хамт олонтойгоо дасаж шинэ ангийн хэмнэлд дасан зохицож нэг ангийхан боллоо.

Намрын нар зөөлөн ээсэн эхний сар дуусан гадаа жихүүн салхи сэвэлзэж ирэхэд биеийн тамирын хичээл зааланд ордог боллоо. Тамирын хичээл зааланд ордог болсоноос хойш би долоо хоногийн эхний биеийн тамирын хичээлийг тэсэн ядан хүлээдэг боллоо. Гүйж харайх дуртайдаа биш төгсөх ангийн нэг хөөрхөн охиныг харах гэж л яардаг байсан юм. Тэр охины анги долоо хоногийн эхний өдрийн эхний цаг дээр манай ангитай цуг биеийн тамир ордог байлаа.

Тэр охин ангийн дарга. Ангийн журналаа энгэртээ тэврээд үүдний хаалгаар алхан орж ирээд заал хүртэл намуухнаар алхана. Алхах нь яг л хөвөх шиг хөнгөн, нүдээрээ даруухан инээмсэглэл тодруулж хацар нь яагааран гэрэлтэж царайнаас нь гэрэл цацарч байгаа мэт надад харагддаг байлаа. Анги нь манай ангиас нээх холгүй эсрэг талын буудаг шатны хажууд байдаг юм. Манай ангид бол баруун талын буух шат ойрхон боловч би түүнтэй таарахын тулд зүүн талаар нь буудаг байлаа. Түүний царайг харсан өдрийгөө азтайд бодож тэр өдөртөө л нэг л баяртай хүн. Иймэрхүү байдлаар түүнийг доод ангийнх нь хөвгүүн нууцхан харсаар бараг хагас жилийн нүүр үзлээ. Долоо хоногт аз байвал царайг нь 3 удаа хэдхэн секунд харна. Хажуугаар нь зөрхдөө зүрх догдлож хөл чичирдэг байлаа. Үнэр нь их хурц дотно санагдаж коридорт явж байхад нь бараг үнэрээр нь танина. Тэр тийм ч өндөр биш. Гэхдээ намханд бол орохгүй. Хөөрхөн том алаг нүдгүй, байдаг л нэг нүдтэй. Жинсэн өмд пүүз өмсдөг, нүдээ бүдэгхэн буддаг, уртавтар хар үстэй охин. Байгаа байдал нь хэнэггүй ихэвчлэн ангийнхаа хөвгүүдтэй явж харагддаг эршүүд маягийн тэр нь түүнийг улам хөөрхөн харагдуулдаг юм шигээ.

Орой заримдаа түүний дэргэд байгаагаар төсөөлнө. Нэг өдөр багш нарын өрөөнөөс энгэртээ ваартай 3-н цэцэг тэвэрсээр гарч ирлээ. Би хувиар харахаар багш нарын өрөө рүү явж байсан зорилгоо мартан түүнийг хараад гацчихлаа. Дотроо би өргөөд явья гэж хэлэх гэсэн ч бие, хэл, хөл 3 хөшчихөөд юу ч хэлж хийж амжаагүй байтал ангийнх нь нэг шаврын хаалт болсон хөвгүүн ирээд цэцэгнээс нь аваад явчихдаг байгаа. Дотроо их харамсан хэсэг тэндээ юу хийхээ мэдэхгүй зогсож байтал ангийн багш мөрөн дээр гараа тавиад хонх дуугарчихлаа анги руугаа орооч гэсэн дуу сонстов гэнэт ухаа орон анги руугаа гүйчихвээ би. Тэр өдрөөс хойш түүний царайг бараг олж харсангүй.

Хаврын шалгалт эхлэх цаг болж төгсөх ангийн хүүхдүүд шалгалтандаа бэлдэж сургууль бөөн бужигнаан. Төгсөх болоогүй бид нарыг багш нар тоож анзаарах сөхөөгүй нөгөө амь амьдрал нь шийдэгдэх гэж байгаа хэдэн хэнэггүй толгойнуудтай зууралдаж ангийн дарга нарч ангийнхаа хөвгүүдийг гайгүй авч гарах гээд завгүй байлаа. Ингэж өдөр хоногууд заримд нь завгүй зарим нь хийх юмгүй байсаар нэг мэдэхнээ зун цаг хаяанд ирж сургууль амрах цаг болжээ. Гэнэт ингээд л төгсвөл царайг нь ахиж харж чадахгүй гэснээ ухаарсанч юм уу өглөө хичээлдээ гарахдаа үсээ гельдэж кетээ ботинкоор солиод цагаан цамцан дээрээ формынхоо хар пиджакыг биш баяраар өмсдөг саарлыгаа өмсөн гэрээсээ гарлаа. Хичээл ороод л, тоо бодоод л, залхуутай хичээлүүд ээлжилсээр. Хурдан хонх дугараасай гэж яарна. Явахаас нь өмнө бүтэн жил нууцхан харснаа хэлэх гэж догдлоно. Ийнхүү таван цаг тамалсны эцэст хичээлийн хонх час хийтэл дуугарч би бараг хамаг юмаа шүүрээд л ангиас багштай уралдан гарлаа.

Ангийнх нь хаалганы хажууханд очоод цонхны дэргэд гарч ирэхийг нь хүлээн зогслоо. Гэтэл нүдэндээ ч итгэхээргүй нэгэн сонин хар салхи шиг зүйлийг олж харлаа. Нөгөө хөөрхөн нууцхан харж байсан охин минь ангийхаа нэг өндөр хөвгүүнтэй хөтлөлцөөд гараад ирдэг байгаа. Юу хийхээ мэдэхээ болисон би яахаа мэдэхгүй хэсэг тэндээ суув. Тэр үед ёстой л уншсан ромиантик хайрын ном, үзсэн савангийн дууриуд нүдэнд харгдаж хайр гэдэг ийм тэнэг байдаг юм уу гэж өөртөөгөө ярьж, эмгэнэлт хайрын дуурийн гол дүр мэтээр өөөрийгөө төсөөлөн суув. Тэгсэн ангийн хөвгүүн ирээд манай ангийн хөвгүүд тэрний ангийнхантай зодоон хийх гэж байна гэсэн чихэнд чимэгтэй ч юм шиг нэг бодлын муухай ч юм шиг мэдээ хүргэв. Ухас хийтэл босоод гомдсон уурласан сэтгэлээрээ зодолдож билээ. Өөдөөс нь эгцэлж ч харж үзээгүй мөртлөө харамлаж, харж явдгаа хэлж зүрхлээгүй мөртлөө уурлаж билээ. Тэр өдрөөс хойш түүний царайг олж харсангүй.

Зуны гурван сар түүнийг үе үехэн зүүдэлж хааяа нэг бодон харамсдаг байлаа. 10 дугаар ангид орж ангийн охидууд бүгд л хөөрхөн харагдана. Нүд ирмэхийн зуур ахиад л нэгэн хавар ирж төгсөлт хаяанд иржээ. Хөөрөн догдолж, харамсан хорогдож байсан ч цаг өнгөрсөөр 10 жилийн сурагчийн ширээнээс оюутны амьдралд хөл тавин шинэ амьдралтайгаа золголоо миний бие. Цаг хугацаа өнгөрсөөр нэг мэдэхнээ би эрийн цээнд хүрэх нас минь нэгэнтээ болжээ. Хүүхэд насны гэнэн мөрөөдөл, хийсвэр сэтгэлгээ тэртээ хол үлджээ.

Дүн өвлийн нэгэн цас бударсан өдөр 3 дугаар цаг завсарлан цай уухаар хоёр давхараас уруудан гарах хаалганы зүг дөхлөө. Гэтэл нэг л дотно харсан царай. Зог тусан хэн билээ гэж бодтол 10 жилдээ хэлж амжаагүй нууцхан шохоорхол тэр зогсож байлаа. Энэ удаад би яах вэ…

 Хажуугаар нь итгэл дүүрэн, нүүрэндээ үл мэдэг инээмсэглэл тодруулсаар түүний дэргэдүүр зөрж өнгөрлөө. Дэргэдүүр нь гарахдаа 10 жилийн нууцхан бөгөөд гэнэн шохоорхол минь үүрд баяртай гэж дотроо аяархан боловч итгэлтэй шивнэж билээ.


скачать dle 12.0

Санал болгох