Сэтгэл, зүтгэл байхад амжилт аяндаа ирдэгийг өөрийн хөдөлмөрөөрөө үлгэрлэж явна

🕔 2015/12/10 08:53


Ишгомбо 2010 онд онд Мэргэжил сургалт үйлдэвэрлэлийн төвийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний ангийг төгсчээ. Мэдсэн сурсанаа амьдралд хэрэгжүүлэн ажил хөдөлмөр эрхлэх гэж 2 жил гарангийн хугацаанд нилээн хэдэн байгууллагын үүд хаалгыг сахин сууж өргөдөл хүсэлтээ өгсөн ч хөгжлийн бэрхшээлтэйн улмаас түүнийг авах газар олдоогүй юм байна.

Харин 2014 онд талх нарийн боовны нэг сарын сургалтанд хамрагдан чадамжийн гэрчилгээтэй төгссөн нь түүнд урам зориг өгч улмаар жижиг үйлдвэрлэл эрхлэх үүд хаалгыг нь нээсэн гэж түүний ээж Б.Гомбодой ярилаа. Оросын лисва плитканд өдөрт 5,10 талх хийн айл хөршийнхөндөө зарж хоолны мөнгөндөө нэмэр болдог байсан 2 жилийн өмнөхтэй харьцуулахад байдал арай өөрчлөгдөн одоо өдөрт тэр 30-40 талх үйлдвэрлэн худалдаанд гаргадаг болжээ.

Ишгомбо үйлдвэрлэлээ өргөжүүлэн бүтээгдэхүүнийхээ гарцыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж авахаар Дархан сумын Сум хөгжүүлэх сангаас 3 сая төгрөгийн зээлийг энэ онд авсан. Авсан зээлээ зориулалтаар нь ашиглан өдөрт 100 талх үйлдвэрлэх боломжтой шарах шүүгээг ийнхүү авсан нь одоо түүний үйлдвэрлэлд ашиглагдаж байна. Талхнаас гадна амтат печень, үзэмтэй, эрдэнэ шишийн үртэй гээд олон төрлийн булочкыг ч тэр хийж байна. Бүтээгдэхүүнийхээ бүх түүхий эд материалыг Улан-Үдээс өөрөө явж авч ирдэг гэв.


Аманд орсон бүхэн амьтай холбоотой учир амттай, чанартай бүтээгдэхүүн хийж хүмүүст хүргэхийг зорьдог түүний сэтгэл амжилтанд хөтлөх алхам болж тэрээр Монголын Абилимпын холбооноос зохион байгуулсан ХБИ-ийн мэргэжлийн өндөр ур чадварын анхдугаар тэмцээний бялуу үйлдвэрлэлийн төрөлд 1-р байр эзэлж ирэх оны 3-р сард Франц улсад болох олон улсын тэмцээнд оролцох эрхээр давхар шагнагджээ.


Түүний амжилт зөвхөн нарийн боов үйлдвэрлэлээр зогсоогүй. 2016 оны пара олимын наадамд оролцуулах бэлтгэлийг хангах тамирчдын тоонд багтаж түүнийг сонгогдсон тухай албан ёсны мэдээллийг Хөх хотоос ирүүлсэн байна. Бие эрхтэний хувьд хөгжлийн бэрхшээлтэй гэж бусдаас ялгарах ч бүрэн бүтэн, эрүүл саруул хэрнээ архи уун гудамжинд хэвтэх хэн нэгнээс хол илүү нэгэн ийнхүү бидний дунд ажиллаж хөдөлмөрлөж амьдралынхаа их замыг сэтгэлийнхээ галаар гэрэлтүүлж явна.


Ээж хүү 2 т илүү ихийг хийх хүсэл тэмүүлэл бий. Харин тэдэнд хийсэн бүтээгдэхүүнийг нь худалдан авч хөдөлмөрийг нь дэмжин хамтран ажиллах аж ахуй нэгж байгууллага, ард олных нь дэмжлэг үгүйлэгдэж байна.


скачать dle 12.0

Санал болгох