Ардчиллын ард “Түгжил”-үүд нуугдаж байжээ
Монголчууд ардчиллаар "амьсгалаад” 27 жил болж байна. Энэ цаг хугацаанд Монгол Улс алдсан, бас оносон.
Өнөө цагт 1990-ээд оны ардчилсан хувьсгалыг өмчилдөг ганц нам нь АН юм. Олон намын нэгдэл, ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан хүмүүс энэ намд харьяалагддаг учраас тэр эрхийг хөнддөг зүйл үгүй. Жирийн гишүүд нь ч өнөөдрийг хүртэл итгэл үнэмшилдээ үнэнч явлаа.
Харин сүүлийн үед тэрхүү ардчилагчид, ардчиллыг өмчлөгчид баахан доройтсон юм даг уу даа. Ганц сонгуульд навс ялагдаад ингэтлээ дор орлоо гэвэл үнэнээс зөрөх байх. Тэгээд ч энэ хэмжээний түүх бичсэн нам ийм зэргийн ялагдалд сөхрөх учиргүй юм.
Гэхдээ ингэтэл нь сөгдүүлж буй бодлогын алдааг АН-ын удирдлагад гарсан хүмүүс хийлээ гэдгийг хэн хүнгүй л ярьж байна. Өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүний 380 суудлын төлөө 500 гаруй хүн өрсөлдөж байна. Хүн тус бүр сонгуулийн хураамж гурван сая, дэнчин гурван сая, нийт зургаан сая төгрөг намдаа хураалгасан. Мөн Нийслэлийн АН-ын даргад хоёр хүн нэр дэвшиж байна. Тус бүр 90 сая төгрөг намдаа тушаасан. Аймгуудын АН-ын даргад нэр дэвшигчид тус бүр 15 сая төгрөгөө тушаасан байна. Ингээд бодохоор овоо хэдэн төгрөгийг АН-ынхан төвлөрүүлсэн байгаа юм. АН-ын дотоод сонгууль дөрөвдүгээр сарын 2-нд болно. Хамгийн гол нь өнөөдөр сөхөрсөн намынхаа нэр хүндийг АН-ын дарга нар энэ хэрийн мөнгөөр өөд нь татаж чадах уу гэдэгт байгаа юм.
Үнэндээ энэхүү мөнгө төгрөгийн асуудлыг АН-ынхан нийтээрээ эсэргүүцсэн. Гэвч дотоод сонгуулийн товыг нэгэнт гаргасан учир өгдөгөө өгөөд, нэр дэвшиж яваа хүн олон байх шиг байна.
За энэ ч яахав, сонгуулиар "газардаж”, санхүүгээр доройтсон АН үйл ажиллагаагаа явуулж, нэр хүнд нь өсөөсэй гэж найдъя.
Гэтэл ийм их мөнгөөр өрсөлдөх эрх "худалдаж” авсан АН-ынхан гэдсэндээ хөлөө хийлцээд эхэллээ. Мөнгөний өмнө хүн чанар сөхөрсөн энэ цагийн дүр зураг АН-д нэвт шувт харагдаад эхлэв. Бүр өрсөлдөгч МАН-ынхан нь ч мэдэж чадахааргүй нууцуудаа ҮБХ-ны гишүүн, Нийслэлийн намын даргын сонгуулийн энэ үеэр уудалцгааж байх шиг байна. Санал хураах өдөр нь дөхтөл өөр олон "баримт” дэлгэгдэх бололтой юм.
Өчигдөр гэхэд л хэвлэлүүдээр Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчид нэг нэгийгээ гөвсөн бололтой материал таржээ. НИТХ-ын дарга байсан Д.Баттулга муу, Ш.Түвдэндорж сайн гэсэн байна. Д.Баттулга болбоос "...17 жилийн турш Сүхбаатар дүүргийн АН-ын дарга байсан. Хэд хоногийн өмнө дүүргийн намын даргаар өөрийнхөө бэрийг тавьсан. Мөн бэрээ Сүхбаатар дүүргийн Засаг дарга болгож, дүүргийн орлогчоор өөрийн хамаатнаа тавьж, Тамгын газрын даргаар садны хүнээ томилсон гэж яригдсан. Д.Баттулгын энэ үйлдэл нь намын нөхдөдөө итгэдэггүй, хамтран зүтгэх боломжгүй мэт санагдлаа гэсэн яриа ч гараад амжсан. ...НИТХ-ын дарга болсныхоо дараа тэрээр өөрийн төрсөн дүү "халзан” хэмээх Д.Дашдоржийн компанийг зориулалтын дугуй түгжих, чирэх төхөөрөмжүүдээр хангуулан, энэ ажлынхаа хүрээнд иргэдээс "Түгжүүлсэн дугуйны төлбөр” нэрээр 80 мянган төгрөг хурааж, хагас жилийн дотор 50 орчим тэрбум төгрөг халаасалсан тухай хэвлэлд бичсэн байдаг. Мөн түүнийг намынхаа нөхдөд итгэдэггүй, зөвхөн хувийн эрх ашгийн төлөө хүчин чармайлт гаргадаг хэмээсэн гишүүдийнх нь дүгнэлт хатуухан сонсогдоно лээ. Тэр ч байтугай, өнгөрсөн сонгуулиар нийслэлийн АН-ыг ялагдалд хүргэсэн хариуцлагагүй байдлаа ухамсарлах нь байтугай, намын даргын суудал руу тэмүүлж байна” гэсэн. Харин Ш.Түвдэндоржийг "...анх Сүхбаатар дүүргийн VII хороонд намын үүрийг байгуулж, даргаар нь ажиллаж эхэлсэн. 1994 оноос АН-ын орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдож, хөдөө орон нутгийн 280 гаруй суманд ажилласан нэгэн. 2011 онд нийслэлийн АН-ын даргаар ажиллаж байхдаа Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн АН хоёр тамга, даргатай болж хуваагдаад байсан талцал, тэмцлийг эвлэрүүлсэн нь 2012 оны НИТХ-ын сонгуулийн ялалтад голчлон нөлөөлсөн гэж намынхан нь үнэлдэг” гэсэн байгаа юм.
Энэ мэдээлэл дэх үнэн худлыг бид шүүхгүй, тунгаахгүй. Харин мань хоёр нэр дэвшигчийг ингэтэл харьцуулсан бичвэрийн утга анхаарал татахгүй байх арга алга. Уг нь Д.Баттулга, Ш.Түвдэндорж хоёр бол нэг намын журмын нөхөд. Өнгөрсөн 27 жилийн турш өчнөөн ихийг үзсэн эрс байж таарна. Олон нийт ч мэднэ дээ. Гэтэл иймэрхүү нэг нь нөгөөгөө гөвсөн бичвэр УИХ-ын сонгуулийн үед л гарч ирж, АН нь МАН-аа, МАН нь АН-аа ингэтэл хэлсэн байдаг. Гэтэл АН-ын дотоод сунгаанд мөнгөний хэмжээ тавьсан нь явсаар хүн чанарын хэмжүүрийг харж болохоор юм болгочихжээ. Маргааш нар мандана гэдэг шиг АН-ын дотоод сонгууль хоёр, гуравхан хоногийн дараа дуусна. Эд бие биенийхээ нүүрийг хараад л суух байх даа.
Дээрх бичвэрээс сэдэл аваад Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдийг харьцуулж нэг бодлоо. Д.Баттулгыг бол ядруухан улстөрч дөө гээд дүгнэчих хүн гарахгүй л байх. Ардчиллын сайн, мууг үзсэн цөөхөн хүний нэг. Унаж, босч явсан улстөрч. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн удирдлагуудыг муу ажилласан гэж хэн хэлэх юм бэ. Нөгөөтэйгүүр Д.Баттулга АН-ыг ялсан үед 2013 онд билүү дээ, МУЗН-ийн ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж байв. Иймэрхүү байгууллагыг эрх баригчид хүч түрээд авдаг даа, уг нь. Д.Баттулга тэр сонгуульд МАН-ын Н.Энхболдод ялагдсан. Араас нь гоншгоноогүй. Товчхоон хэлэхэд, "эвдэрчихэлгүй” унаж сурч байж бөх болдог шиг ялагдал хүлээж сурчихаад улстөрч гэж өөрийгөө нэрлэх нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл, Д.Баттулга бол улстөрч л хүн юм. Ш.Түвдэндорж ч ялгаагүй улс төрд олон жил явж байгаа хүн. Намын дарга, төрийн сайд хийж явсан туршлагатай. Гэхдээ магтаад байгаа шиг бүх юмны тэргүүн эгнээнд явж, цэнхэр тугаа мандуулсан гэвэл дэгсдүүлсэн болж мэднэ. Ер нь бол энэ сонгуульд дээрх маягаар магтуулж журмын нөхрөө "нухуулсан” материал тараалгасан нь жаахан тиймхэн эрийн шинж шүү. Өөрөө мэдээгүй байж болно л доо. Команд, зөвлөгөө өгөөгүй, ийм зүйл сэдээгүй байхад нь дэмжигчид нь сайн санаад ийм операци явуулсан байж ч мэднэ.
Тэгэхээр Ш.Түвдэндорж биш ч АН-ын хэн нэгэн ийм бичвэр тараагаад сууж байна гэсэн үг. Үүнийг манайхан Түгжил гэж нэрлэдэг болсон. Яагаав, "Тунгалаг тамир”-ын Түгжилүүд амьдрал дээр, ялангуяа улс төрд олширсон болохоор ингэтэл газар авч байгаа хэрэг. Харин нам дотроо Түгжилддэг явдал бол Монголын улс төрд тун цөөхөн гарсан даа. Тэгтэл ардчиллын ард Түгжилүүд нуугдаж байжээ. Нээлттэй, ил тодоо нэрийн хуудас болтол ярьдаг ардчиллынхан бие биеэ Түгжилдэнэ гэдэг Монголын ардчилал, Монголын улстөрчдийн ёс суртахуун, монгол хүн чанар ягтаа тулжээ гэдэг том дүгнэлт хийхэд хүргэж буй юм.
Б.ДАМДИН-ОЧИР /ЗУУНЫ МЭДЭЭ/