ОУВС: Монголын татварын хувь хэмжээ бага байна
Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хэтийн төлвийг дэлхийн томоохон хэвлэлүүд хэрхэн мэдээлж буйг "Монгол дэлхийн хэвлэлд” булангаараа орчуулан хүргэж байна.
financialtribune.com: Монгол дахь татварын хэмжээ бага байна
"Монгол Улс дахь татварын хэмжээ бусад хөгжиж буй орныхтой харьцуулахад бага байна. Зарим нь бүр оффшор бүс дэд татварын хувь хэмжээтэй тэнцэхээр тийм бага байна. Хүн хүний орлогын албан татварын хэмжээ гэхэд Ойрхи Дорнодын орнуудтай ижил 10 хувь байгаа юм” хэмээн Олон улсын валютын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Нейл Сэйкер хэлжээ.
Түүний хэлсэн энэ үг Монгол Улсын Засгийн газар ОУВС-ын 440 сая ам.долларын зээлийн шаардлагыг биелүүлэн зургаан төрлийн татвар, нийгмийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь эсрэгээр хувийн хэвшилд дарамт үүсгэж, эдийн засгийн бүр ч хүндрүүлэх юм биш үү гэх ганц асуултын хариулт боллоо хэмээн орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна.
Монголын Бизнесийн зөвлөл 2017 оны гуравдугаар сарын 13-нд анхны уулзалтын хийсэн бөгөөд тус уулзалтаар хэлэлцсэн асуудлын нэг нь ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар байсан юм.
Энэ үеэр Монгол банкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өмнөх эрх баригчид найман тэрбум ам.доллар орчим асар их мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулснаас үүдэн өнөөгийн хүндрэл үүссэн хэмээн тэмдэглэж байв. Түүнчлэн, "Бид эдийн засгийн хүнд хэцүү энэ үед Засгийн газар иргэдийнхээ дуу хоолойг сонсохыг зогсолтгүй шаардаж, байр сууриа илэрхийлэх ёстой” гэж эдийн засагч Д.Жаргалсайхан хэллээ.
Монгол Улсын Засгийн газар 2019 он хүртэл цалин нэмэхгүй байх шийдвэр гаргасан. Мэдээж, энэ төрийн албан хаагчдын хувьд сайн мэдээ биш байж таарна. Гэхдээ имфляци харьцангуй бага төвшинд байгаа бөгөөд цаашид ч хэвээр хадгалагдах төлөвтэй байгаа юм. Тиймээс иргэдийн бодит орлого багасах, валютын ханш унах эрсдэл байгааг уулзалтад оролцогсод онцолжээ.
akipress.com: Ирэх жилүүдэд 40 хүртэлх тонн алт экспортолно
Монгол Улс ирэх арван жилд 16-40 тонн алт экспортлохоор төлөвлөжээ. Энэ талаар гуравдугаар сарын 17-нд Чингис зочид буудалд нээгдсэн "Монгол алт 2017” бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Тус үйл ажиллагааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монгол банк, Монголын уул уурхайн бирж хамтран зохион байгуулжээ.
Монгол Улсын Засгийн газраас "Алт-2” хөтөлбөрийг эдийн засгийн сэргээх гол арга хэмжээний нэг болгон баталсан бөгөөд алтны экспортоо жил бүр 2-3 тонноор ахиулсаар 2020 он гэхэд 25 тоннд хүргэх зорилт тавьж буй аж.
Энэ дагуу ирэх арван жилд Монголын алтны экспорт 15.8-40 тоннд хүрч, 2020 он гэхэд алтны экспортоос олох орлого 1.178 тэрбум ам.доллар болох юм.
Бага хурлаар алтны секторуудтай холбоотой асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, алт олборлолт явуулах эрх зүйн орчныг сайжруулах, тогтворжуулах арга замыг эрэлхийлэхээр төлөвлөжээ. Тус үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд тулгараад буй эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх гарцыг хайхад чиглэгдэж байв. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар олон улсын туршлага судлаж, дэвшилтэт технологи санал болгож буй хөрөнгө оруулагчдад "Алт-2” төслийг танилцуулах, эдийн засаг, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөж байна.
timesofindia.indiatimes.com: Монголын эдийн засаг 7-8 хувийн тогтмол өсөлтөд хүрнэ
Монгол Улс эдийн засгийн бэрхшээлүүдээ даван туулснаар 7-8 хувийн тогтмол өсөлттэй болно хэмээн ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сэйкер хэлснээр "Ройтерс” мэдээлжээ. Тэрбээр "Би хөтөлбөр хэрэгжсэний дараах Монголын эдийн засгийн тогтвортой өсөлтийг 7-8 хувь болно гэж харж байна” хэмээн даваа гарагт болсон хэлэлцүүлгийн үеэр хэлсэн байна.
Мэдээж байгалийн баялгийн оргил үе буюу 2011 оны 17.3 хувийн өсөлтийг бодвол хамаагүй удаан байх болно гэдгийг тэрбээр нэмж хэлжээ. ОУВС болон бусад түншүүд Монгол Улсад 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн тусламж олгож, түүхий эдийн экспортын орлого нь буурсан байгаа энэ үед эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох багцыг өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын Засгийн газартай тохиролцсон юм. Хөтөлбөрт зааснаар далайд гарцгүй улсын хувьд Монгол Улсын Засгийн газар зардлаа хэтрүүлэхгүй байхыг санал болгосон юм. Энэхүү тусламжийн багц хөтөлбөр нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, Монгол Улсын төрийн өмчит Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг 600 сая ам.долларын шинэ өрийн свопоор амжилттай солиход тусалсан юм.
Хөгжлийн банкны бонд эзэмшигчид 476 сая ам.доллартай тэнцэх бондоо шинэ бондоор сольж авсан бөгөөд шинэ хөрөнгө оруулагчид 124 сая ам.доллартай тэнцэх бондын 2024 он хүртэл хугацаатайгаар худалдаж авсан. Харин үлдсэн 104 сая ам.долларын бондыг энэ гуравдугаар сарын 21-ний өдөр арилжаалах аж. Тэрбээр "Монгол Улс хөрөнгө оруулагчидтай амжилттай тохиролцсон. Шинээр гаргасан бонд анх төлөвлөснөөс тав дахин их захиалга авсан” гэжээ.
Tass.com: Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ оны эхний хагаст ОХУ-д айлчилна гэж Москва дахь Монголын Элчин сайд Б.Дэлгэрмаа мэдээллээ.
Элчин сайд Б.Дэлгэрмаа "2016 онд Улаанбаатарт болсон Засгийн газар хоорондын комиссын уулзалтан дээр бид зөвхөн худалдаа, эдийн засгийн салбар гэлтгүй бүх салбарт хамтран ажиллах талаар тохиролцсон. Энэ хүрээнд бид ойрын жилүүдэд хийх ажлаа төлөвлөсөн. Тиймээс манай Элчин сайдын яам ОХУ-ын яам, агентлагуудтай хамтарч ажиллаж байна” гэлээ.
Мөн "Бид олон жил яригдсан төмөр замын тээвэр, төмөр замын тээвэрлэлтийн үед онцгой албан татвар ногдуулах, ус хадгалах байгууламж барих, хилийн бүс нутгуудийн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг шийдвэрлэх төлөвлөгөөг баталсан. Манай Элчин сайдын яам ОХУ-ын яамд болон агентлагийн бүх төвшинд хамтран ажиллаж байна. Бид Монгол Улсын Ерөнхий сайдыг энэ оны эхний хагаст ОХУ-д айлчлахаас өмнө хоёр орны харилцаанд тулгараад буй асуудлын 40-50 хувийг нь зорицуулж, практик талаас нь шийдвэрлэх болно” хэмээн нэмж хэлсэн байна.
Түүний хэлснээр, Засгийн газрын хоорондын комиссын дараагийн ээлжит хурлыг 2017 оны сүүлээр Москвад зохион байгуулахаар төлөвлөжээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев 2016 оны долдугаар сард Монголд айлчилж байсан билээ. Тэрбээр АСЕМ-ын уулзалтад оролцох үеэрээ Монголын төр засгийн тэргүүнүүдтэй хэд хэдэн удаа хоёр талт уулзалт хийсэн юм.
Эх сурвалж: Монголын мэдээ
Б.Даваахүү