Сураг алдарсан ХҮН

🕔 2017/03/22 09:31

Сураг алдарсан ХҮН

 

Сонгуулийн дараа "тардаг”, дараагийн сонгуулиар "төрдөг” байвал шинэ нам, шинэ улс төрийн хүчин байгуулаад ч хэрэг алга.

Монголын улс төрд шинэ үе, гуравдагч хүчин дутагдаж байх шиг ээ. 1990 онд ардчиллын салхи сэвэлзүүлж явсан хэсэг одоо ч нэг, хоёрдугаар ээлжийн улстөрчид гэгдсээр л байна. Албан тушаалын хуваарилалтад тэд л нэг, хоёрдугаарт бичигдэж, тэдний арын үе улс төрийн аль ч хүчинд үнэндээ алга. Залуустаа зайгаа тавьж өгдөггүй нь хоёр том намын, зай эзэлж чаддаггүй нь залуусын нийтлэг төрх болсон мэт. Лав энэ хандлага 2020 оны УИХ-ын сонгуулиар ч үргэлжлэх нь тодорхой болж байх шиг. Малгайгаа солиод удаагүй АН гэхэд Үндэсний бодлогын хорооны гишүүддээ мөнгөний цензур тогтоож, түүнийгээ шинэчлэлийн хоёр дахь давалгаа хэмээн нэрийдэв. Нэрийг нь, нэршлийг нь өөрчилсөн болохоос АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшигчид өнөөх л хуучны кадрууд хийгээд мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн байх жишээний. Эрх баригч МАН-ын хувьд залуустаа зайгаа тавьж өгөхдөө АН-аасаа арай дөнгүүр ч албан тушаалын хуваарилалт бүрийг нэг, хоёрдугаар ээлжийнхэндээ зориулж байна. Эндээс харахад Монголын улс төр шинэ үегүй, Монголын сонгогчид шинэ үе, гуравдагч хүчнийг хүсэхгүй байгаа ч юм шиг. Яг л мөнхийн залуу тодотголтой топ моделиуд байдаг шиг мөнхийн залуу гэгддэг улстөрчид өнөөгийн Монголыг залуурдаж байна.

 

Энэ бүхний шалтгаан юу вэ. Монголын улс төрд яагаад гуравдагч хүчин гарч ирэхгүй байна вэ. Энд өгөх ганц хариулт бол улс төрийн намууд нь институц болж төлөвшөөгүй, улс төрийн дараа үе бэлтгэгдээгүйтэй л холбоотой. Нэг үгээр хэлбэл, Монголын нийгэм улс төрийн лидер хайдгаас улс төрийн институц сонгосон тохиолдол тун ховор. Үүнийг өнөөг хүртэл байгуулж ирсэн, буцаад бутарсан гурав дахь хүчнүүдийн жишээнээс харж болно. МАН, АН-ыг түр хойш тавиад өөрсдийгөө гуравдагч хүчин гэж байсан намуудын түүхийг эргэн сөхье.

 

Анхны ардчилсан сонгууль явуулсны 27 жилийн ой энэ жил тохионо. Энэ хугацаанд Монголд парламентын ардчилсан сонгууль найман удаа, Ерөнхийлөгчийн сонгууль зургаан удаа болжээ. Эхний сонгуулиудад оролцсон намууд нь, өрсөлдсөн улстөрчид нь бүгд шилжилтийн үеийнхэн. Одоо ч тэд л улс төрд ноёлсоор байна. Харин тэдний араас гарч ирсэн намууд нь ямар байв. Монголын парламентын түүхэнд анх удаа гуравдагч хүчнээс бүлэг байгуулах хэмжээний суудал авсан нам бол МАХН, МҮАН-ын "Шударга ёс” эвсэл. Улс төрийн нэгэнт тогтчихсон МАХН гэдэг брэнд нэр, нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр гэсэн нэр л "энэ өндөрлөг”-т хүргэжээ. Харин бусад намын хувьд үнэндээ сонгууль угтсан, зарим нь бүр сонгуулиар мөнгө хийдэг намуудыг байгуулжээ. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 24 намаас үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг нь, үр дүнтэй байсан нь хэд вэ гэвэл гарын таван хуруунд багтам цөөхөн. Дөрвөн жил чимээгүй явснаа сонгуулиар МҮОНТ-ээс өгдөг үнэгүй цагаа зардаг, эсвэл бусад намаас мөнгө авч нэр дэвшигчээ эргүүлж татдаг ийм л бүтэц бий болжээ. Харин МАН, АН-ыг эс тооцвол сонгуулиар идэвхждэг, тэгээд бас суудал авдаг намууд бол арай өөр. Гэхдээ тэдний нийтлэг төрх нь улс төрийн институц гэхээс илүүгэй лидер дагасан "бөөгнөрөл” шинжтэй. Ийм жижиг намуудыг, тэдний түүхийг эргэн сануулъя.

 

Лидер дагасан хүмүүсийн "бөөгнөрөл”-еөр дамжуулж, нам байгуулах замаар улс төрд өөрсдийн орон зайг бий болгосон жижиг намууд хоржоонтой нь үргэлж засаг барих хэмжээнд очиж байжээ. Жишээ нь, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн бэлэн түүх байна. АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон тэрээр намынхаа бодлогыг сөрж явсаар эцэстээ Ард түмний нам /АТН/ байгуулж, өрх тусгаарлахаа мэдэгдэж байсан удаатай. Улмаар энэ намаараа дамжуулж Эрүүл мэндийн сайдын суудал авч, ганц суудалтай нам хэрнээ засаглаж байсан удаатай. Өдгөө тэрээр дараагийн сайдын суудлаа, УИХ-ын гишүүний сэнтийгээ "босгох”-ын тулд Ард түмнээ хайрлая нэртэй шинэ нам байгуулсан ч тэр амжилт олоогүй. Түүний араас "Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын намыг дурдаж болно. Тэрээр Эх орон нам байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа Түлш, эрчим хүчний сайд болж байлаа. Тухайн үед түүнийг Эх орон намын даргаар бус "Эрэл” компанийн сайд хэмээн олон нийт харж байв. Тухайн үед Эх орон намаас УИХ-ын гишүүн болсон И.Эрдэнэбаатар ч Байгаль орчны сайдаар . томилогдож байв. Улмаар Б.Эрдэнэбат, И.Эрдэнэбаатар нар 2008 оны сонгуулиар байгуулсан намаасаа дахин нэр дэвшсэн ч улирч чадалгүй унаснаар улс төрийн карьертаа бараг цэг тавьсан байдаг. Эх орон нам ч даргынхаа хамт усанд хаясан чулуу шиг бүдгэрсэн билээ.

 

БНН-ын дарга Б.Жаргалсайханы жишээ байна. 1992 онд Монголын Хөрөнгөтний намыг байгуулан, 1997 онд Бүгд найрамдах нам /БНН/ болгон өөрчилсөн тэрээр 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож Үйлдвэр, худалдааны сайдын албыг хүртэл хашиж байв. Харин 2008 оны сонгуульд дахин хүч үзсэн ч сонгогчдын дэмжлэг авч чадаагүй юм. Одоо бол БНН-ыг УИХ-ын сонгуулийн өмнө сэрдгийг эс тооцвол бусад үед унтаа байдалд шилждэг дан ганц Б.Жаргалсайханы нам гэдгээр нь иргэд олон нийт ойлгодог. Цаашлаад намын дарга нь АН-д элсэж, С.Эрдэнэд хадаг барих нь энүүхэнд явна. Энд УИХ-ын гишүүн асан С.Оюуны ИЗНН-ыг ч дурдаж болох юм. 1998 оноос хойш тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдсон тэрээр Иргэний зориг намынхаа нэрээр УИХ-ын дэд дарга, Гадаад хэргийн сайдын албыг хашсан нэгэн. Сүүлд 2012 оны сонгуулиар намаа Ногоон намтай нэгтгэж ИЗНН-ыг байгуулж, улмаар парламентад хоёр суудал авч байлаа. Үр дүнд нь С.Оюун дарга Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын квотыг Н.Алтанхуягийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын үед авч чадаж байсан юм. Энэ мэтчилэн намынхаа нэрээр парламентад өөрсдийн орон зайг бий болгосон улстөрчдийг дурдвал цөөнгүй. Гэхдээ энд аль ч нам нь институц болж төлөвшөөгүй учраас үр дүн гэж гарсангүй. Намын даргаа, лидерээ сайд болгосныг эс тооцвол ИЗНН-ын, эсвэл БНН-ын, магадгүй Эх орон намын бодлогоор Монгол төрийн шийдвэр гарсан нь тун цөөхөн болов уу.

 

801 хүн нийлж нам байгуулна гэдгийг хуульчилж өгснөөс намууд бодлогоор өрсөлддөг, тэгээд улсаа хегжүүлдэг хууль, эрх зүйн орчин үнэндээ Монголд алга. УИХ-аар хэлэлцэнэ гэж аль 2012 онд л яригдаж байсан Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулиудын сураг одоог хүртэл алга л байна. Борооны дараахь мөөг шиг "төрдөг”, тэгээд манан шиг замхардаг жижиг намуудтай, том хоёр нь бодлогын институц гэхээс илүүтэй мөнгөөр уралддаг ийм бүтэцтэй үед улс төрийн шинэ хүчний орон зай Монголд байсаар байх болно. Гэхдээ тэр орон зайг хэн эзлэх ёстой вэ. Н.Энхбаярын МАХН уу, эсвэл С.Оюуны ИЗНН уу, бүр Б.Жаргалсайханы БНН уу. Эсвэл хэний ч мэдэхгүй Монголын консервативууд уу, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам уу.

 

Угтаа бол Монголын улс төрийн отгон хүчин болж байгуулагдан, багш, эмч, инженерүүд гээд салбар бүрээс гишүүд элсүүлж, боловсон хүчиндээ арай өөрөөр, зөвөөр хандан гарч ирсэн Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН-ынхан УИХ-ын сонгуулийн өмнөхөн "төрж” байлаа.

Тэгэхэд салбартаа хийж бүтээсэн зүйлтэй, басхүү улс төрөөс ангид нийгмийн боловсролтой хэсгийнхэн ХҮН-д элсэж, намын даргаараа УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг сонгож байв. Хүн бүр л ХҮН-ыг дэмжиж, УИХ-ын сонгуулийн үр дүнгээр гуравдагч хүчний орон зайг бий болгоно хэмээн найдлага тавьж байсан нь саяхан. Гэвч ХҮН-ынхан институц болж амжилгүй дотроосоо хөлөө жийлцсэнээр УИХ-ын сонгуулийн өмнө нам ч үгүй, нэр дэвшигч ч үгүй хоцорч байлаа шүү дээ. Арга барсан гишүүд нь бие даагч статустайгаар нэр дэвшсэн ч өрсөлдсөн тойрог бүртээ чамгүй амжилт гаргасан. Хэрвээ ХҮН-ынхан хөлөө жийлцэхгүйгээр сонгуульд оролцсон бол парламентад дор хаяж таван суудалтай болох боломж байсныг үгүйсгэхгүй. Гэвч сонгуулийн өмнө сэдэрсэн ХҮН-ын зөрчил даамжирсаар өдгөө тэднийг сураг алдрахад хүргэжээ. Нэг үгээр хэлбэл, ХҮН сураг алдарчээ. Сураглаж байгаа хүн ч алга.

 

Эндээс нэг л гаргалгаа гарч ирж байна. Тэр нь Монголд МАНАН-гийн дараа орох хэмжээний гуравдагч хүчний орон зай бий юү. Мэдээж байгаа. ХҮН-ынхан л ашиглаж чадаагүй болохоос AH, МАН-ын дараа орох хэмжээний улс төрийн хүчин гараад ирэхэд шүүмжлэхээсээ дэмжих нь олон. Гол нь сонгууль дөхөхөөр лидер дагаж бөөгнөрдөг биш, үзэл санааны нэгдэл, бодлогын институц болж төлөвших чиглэлд энэ бүх нам явбал Монголд ашигтай, төрд хэрэгтэй. Түүнээс биш сонгуулийн дараа "тардаг”, дараагийн сонгуулиар "төрдөг” байвал шинэ нам, шинэ улс төрийн хүчин байгуулаад ч хэрэг алга.


С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

скачать dle 12.0

Санал болгох