Үлгэрлээгүйгээ үрээсээ нэхдэг Эцэг, Эх

🕔 2017/03/10 11:33

Үлгэрлээгүйгээ үрээсээ нэхдэг Эцэг, Эх

 

Өөрөө шүдээ угаадаггүй байж хүүхдээ шүдээ угаа миний хүү, шүдээ угаахгүй бол шүд өвдөнө гэж тэр аав хэлнэ. Хүүхдийн хүмүүжил, хэрхэн зөв хүн болгох вэ? Ямар ном унших вэ? Ямар сургуульд сургах вэ? гэж ихэнхи эцэг эхчүүд боддог багагүй шаналдаг.

Гэвч хүмүүжил тэр бүх зүйлээр хэмжигддэггүйг хожим ойлгох нь бий. Дэлгэцийн дон, компьютер тоглоомонд донтож гэрээс дайжиж буй хүүхдээ, зан суртахууны хувьд хурц, аливаад хандах хандлага өөртөө итгэх итгэл багассан гэх мэт шалтгаантай хүүхдүүдээ асуудлаас нь ангижруулахын тулд эмч, сэтгэлзүйчид ханддаг. Нэг өдөр ургаад гарсан асуудал шиг толгой сэгсрээд энэ хүүхэд яагаад ийм болчихвоо гэж хэлнэ.

Эцэг эх хариуцлагагүйгээс бүх зүйл эхэлнэ.

  • Хүүхдийнхээ өдрийн цагуудыг хэрхэн хуваарилахад тусалдаг вэ?
  • Түүний хоббиг хөгжүүлдэг үү?
  • Сул цагуудийг нь анзаардаг уу, хэт их сул цаг түүнийг юунд хүргэж, юу хийлгэх вэ?
Жишээ: А хүү 12 настай айлын ганц аав ээж хоёр нь хоёулаа завгүй ажилтай түүнтэй орой л таардаг. Ажил 6 гэж тардаг ч хэзээ ч тарах цагтаа тарж эрт гэрлүүгээ явдаггүй. Хүүгийн хичээл 13:30 тардаг. Гэртээ ирээд даалгавраа хийнэ. Аав ээж нь шалгадаггүй тул хагас дутуу хийгээд унд цайгаа уугаад хэвтэнэ, компьютэр тоглоно. Ямар нэг дугуйлан, сургалтанд хамрагддаггүй, сонирхлоо хөгжүүлээгүй. Ихэнхдээ уйтгартай гэж үзнэ. Түүнийг аав нь хамт спортоор хичээллэдэггүй. Тэдний гэр бүл хамт ямар нэг арга хэмжээ, зугаалга хийгээгүй удаж байгаа. Хоол хүнс өмсөж зүүх дутагддаггүй. Хүү интернэт сүлжээ ашиглаж тоглоом тоглодог ээж аавыгаа ирэх үед тэр ядарсан байдаг ба хамт тойрч сууж хооллодоггүй. Мөн зурагтны өмнө цуглараагүй удаж байгаа.

Монгол Улсын хэмжээнд 12-18 насны 282,360 өсвөр насны хүүхдүүд байна. Гэтэл тэдний эрх ашгийг хэрхэн хамгаалах, тэдэнтэй хэрхэн харилцахаа эцэг эх, нийгмийн ажилтан, багш нар төдийлөн мэддэггүй. Өнөөдөр надад шар хаданд хөөрлийн байдалтай эмчлүүлж байгаад, амиа хорлохоор завдсан охины ээж хандаж байна. Тэгээд "Энэ хүүхдийг одоо яах вэ. Аргалдаг хүн байна уу, Бөө рүү очих уу, ламтай уулзах уу?” гэж асууж байна. Гэтэл хүн зүв зүгээр байж байгаад амиа хорлоё гэж бодохгүй. Хэвийн байгаа хэрнээ эрсдэлтэй зүйл хийе гэж бодохгүй. Удаан хугацааны хямралаас үүдэн сэтгэцийн эмгэгтэй болдог.

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэнтэй яаж харилцах ёстой, хайр гэж юу юм, секс гэж юу юм бэ гэдгийг ярилцдаггүй. Бараг л 23, 24 нас хүртэл нүдийг нь хаагаад, чихийг нь таглаад миний хүүхэд ариун цагаан явж байна даа гэж боддог. Гэтэл мэдээлэлгүйгээс болоод цаг нь болоогүй дотно харилцаа, хүсээгүй жирэмслэлт, архи тамхинд донтох гэх мэт асуудлууд үүсдэг.

Өсвөр насныхан маш эрт архи тамхи хэрэглэж, тэндээс ямар таашаал авдгийг нь мэдчихсэн байна. Хэт эрт бэлгийн харилцаанд орж байна. Энэ бүхнийг хааж боож чадахгүй. Нийгмийн үзэгдлүүд, медиаг хааж боож чадахгүй шүү дээ. Гэхдээ мэдээллийн эринд зуунд хүнийг бие хүн болж төлөвшихөд эцэг эх яаж нөлөөлөх ёстой, гудамжинд явж байгаа хүн яаж нөлөөлөх ёстой юм гэдгээ сайн ойлгохгүй, мэдэхгүй хандлага байна. Тэдэнд нийгмийн хариуцлага, иргэний боловсрол байхгүй байна.

Өсвөр насны хүүхдүүд ямар нэгэн идеал хайж байгаа учраас улс төр, урлагийн хүмүүсээс үлгэр дуурайлал авдаг. Хичээлдээ сайн хий гээд шаардаад байдаг гэтэл хүүхдэд цор ганц чадамж байдаг. Сэтгүүлч, дуучин болох гэх мэт. Үүгээрээ өөрийнхөө ертөнцийг бүтээгээд амьдрах боломжтой байдаг. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ боловсролын болон нийтлэг шаардлагаар хүмүүжүүлэх гээд зүтгээд байна. Ингэснээр хүүхдүүд хэт их баригдмал байдалд ордог. Хүнийг хэт их барих тусам эрсдэлтэй зан үйл хийхээр сэтгэл зүй нь бэлтгэгдэж байдаг. Жишээ нь, хүүхэд нь орой зааланд тоглох гэхэд үгүй гэхээсээ илүү дүрэм, шаардлагыг  нь тогтоогоод, эргээд хариуцлага нэхэх хэрэгтэй. Долоон цагт тоглохоор гарах бол есөн цагт ирээрэй гээд л хэлж баймаар юм.

Киноноос хараад угаасаа л гутрахаараа архинд ордог юм байна, өөрийгөө гэмтээх нь жирийн зүйл юм байна гэсэн ойлголттой болдог.

Та магадгүй хүүхдээ ажлын байранд ачаалал даадаг, багаар ажиллах чадвар гэх мэт нийтлэг шаардлагуудыг хангасан хүн болгохыг хүсвэл багаас нь маш энгийн зүйлээс анхаарах хэрэгтэй. Багаас нь шаардлага тавьж, түүнийгээ эргээд шалгах хэрэгтэй. Эцэг эхчүүд ямар нэгэн шаардлага тавьж, үүрэг даалгавар өгчихөөд хэзээ ч шалгадаггүй. Хэрвээ хойноос нь шалгахгүй бол хүүхэд хэзээ ч хариуцлагатай хүн болохгүй. Эцэг эхчүүд хүүхдээ 18 нас хүрэнгүүт яаж энэ хүүхдийг эмч болгох вэ, манайх удмаараа эмч шүү дээ гэж яриад байдаг.

Харин тухайн хүүхдийг яг 0-3 насанд нь мэргэжлийнх нь сонирхлыг төрүүлж, тухайн мэргэжил ямар сайхан бэ гэдэг мэдрэмжээ хуваалцах хэрэгтэй. Ер нь цаг хугацаа өнгөрөхөд бүх зүйл мартагддаг гэж боддог. Гэхдээ сэтгэл зүйтэй холбоотой зүйлс хэзээ ч мартагддаггүй. Хүүхдийг ураг, гэдсэнд бий болохоос эхлүүлээд л сэтгэл зүй нь төлөвшдөг. Магадгүй уужуу тайвуу юманд ханддаг хүүхэдтэй болъё гэвэл эх хүн жирэмсэн байх үедээ л тайван байх хэрэгтэй.

"Ээж, аав нь хамт цагийг өнгөрөөдөггүй , сонирхол болон ирээдүйн зорилгод нь бага анхаарахад  хүүхдүүд ямар нэгэн зүйлд донтдог”

Эцэг эхчүүд архи тамхи, бэлгийн амьдралын талаар хүүхдүүдтэйгээ тодорхой сэтгэгдлээ хуваалцдаггүй. Мөн нөхөн үржихүйн талаар эрэгтэй хүүхэдтэй бол аав нь, эмэгтэй бол ээж нь хүүхэддээ багаас нь бэлгийн бойжилт эхлэхтэй нь зэрэгцээд мэдээлэл олгох хэрэгтэй. Хэзээ бэлгийн харилцаанд орох ёстой, үерхээд хэр удаж байж тийм харилцаанд орох ёстой, жирэмслэлт гэж юу юм, хайртай хүнээсээ жирэмсэн болох ёстой, эмэгтэй хүний хувьд юм юмтай болж байж гэр бүлтэй болох хэрэгтэй гэх мэт ойлголтыг багаас нь ойлгуулчих юм бол амар. Хүүхэд чинь эрсдэлтэй алхам хийх, буруу зүйлд уруу татагдахгүй.

Шаардлага тавьж үүрэг ноогдуулж, эргээд шалгана, үнэлэлт өгнө. Ийм процессоор л хүүхдийг хүмүүжүүлэх хэрэгтэй. Ингэж анхаардаггүй гэр бүлийн хүүхэд том болоод ажлын гүйцэтгэлгүй, хүний санаанд хүрдэггүй юм хийж чаддаггүй хүн болдог.

Хэрвээ үүргээ биелүүлэхгүй бол шийтгэж болно. Шийтгэнэ гэж зодох, загнах биш. Зүгээр л дуртай зүйлийг нь хязгаарлаж болно. Энэ сард халаасны мөнгийг чинь хаслаа, интернэтээ сунгахгүй ч юм уу. Харин хүүхэд чинь сайн байсан бол бас урамшуул. Тоглолтын тасалбар, хөл бөмбөгийн сургалтанд хамруулах ч юм уу.

Эцэг эх та үлгэрлээгүйгээ үрээсээ бүү нэх.

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл

скачать dle 12.0

Санал болгох