ЭХЛЭЭД ДЭД САЙДУУДЫГ ЦОМХОТГОЖ, ХУРГАН ДАРГА НАРЫН ТАНСАГЛАЛЫГ ЗОГСООЧИХ...

🕔 2017/02/21 12:51

ЭХЛЭЭД ДЭД САЙДУУДЫГ ЦОМХОТГОЖ, ХУРГАН ДАРГА НАРЫН ТАНСАГЛАЛЫГ ЗОГСООЧИХ...

 

Монгол Улсын эдийн засаг хямарсан гэдгийг хаана, хаанаа хүлээн зөвшөөрчихсөн. Өнгөрсөн 2016 он тийм ч амар байгаагүй. Эдийн засгийн өсөлт гэж бараг байсангүй. Ердөө л нэг хувьтай гарсан. 2016 оны намраас авахуулаад инфляци хасах руу орж, дифляци болсон. Энэ бүхэн эдийн засаг яаж тэг зааж байгааг хангалттай харуулсан тоо баримт байсан шүү дээ.
 
Гэтэл 2017 он өнгөрсөн жилийнхээс дээрдэх юмгүй болохоор байлаа. Энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр Монгол Улс 580 сая ам.долларын гадаад өр төлөх шаардлагатай болсон. Цаашлаад Хятадад төлөх 1.6 тэрбум ам.долларын асуудал ч босч ирэхээр байлаа. Төлбөрийн тэнцэл байнга хасах гарч, ам.долларын ханш тэнгэрт тулсан. Гэх мэтээр эдийн засгийн хүндрэлүүд гарч байгаа учраас одоогийн эрх баригчдын сонголт ОУВС-гийн зээлд хамрагдах байв.
 
Ерөөсөө эдийн засагчид манай улс дотоодын нөөц бололцоогоороо энэ хүндрэлээс гарах боломжгүй гэж дугнэж байлаа. Мэдээж өөр бодолтой улстөрч, эдийн засагчид ч байсан. Гэвч эцсийн дүндээ МАН-ын сонголт ОУВС. Тэр дундаа "Extend­ed fund facility” буюу "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.
 
Энэ хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгоно.  Үүнийг дагаад бусад эх үүсвэрээс нийтдээ 5.5 тэрбум ам.долларын зээл авч болох үүд хаалга нээгдэж байгаа юм. Зөв зарцуулж чадвал маш их мөнгө ойрын хэдэн жилд орж ирэх нь. Ямар ч байсан МАН мөнгөгүй байсан гэж гон гон хийхгүй л байх нь.
 
Гэхдээ нөгөө талдаа ОУВС-гаас нэлээд шаардлагыг тавьж байгаа юм. Төсвийн орлого, зарлага тал дээр шүү дээ. Энэ хүрээнд олон татварыг нэмэх, шинээр татвар авахаар төлөвлөж байгаа аж. Мөн зарлага тал дээр арга хэмжээ авч, тэтгэврийн насыг нэмэх, хүүхдийн мөнгийг олгохоо болих, цаашлаад цөөнгүй халамжийг халах бололтой. Мэдээж энэ бүхний цаад үр дүн нь юу байх талаар хүмүүс янз бүрээр л дүгнэж байна. Хамгийн гол нь манайд мөнгө орж ирж, эдийн засаг ойрын гурван жилдээ сэргэнэ гэж хэлэх эдийн засагч байхад нөгөө талд иргэдийн нуруун дээр ачаа ирж, амьдрал улам хүнд болно гэж хэлэх ч нэгэн байна. Яах вэ, эрх баригчид бол чинээлэг хэсэг рүү чиглэсэн татварын нэмэлтүүд л байх болно гэж бага сага тайвшруулаад байгаа. Гэхдээ эцсийн дүндээ яаж шийдэгдэхийг хэн мэдлээ.
 
Ерөөсөө Засгийн газар ОУВС-тай тохиролцоонд хүрч, тэдний шаардлагыг хүлээж авч байгаа бололтой. Гэхдээ одоо УИХ-аас асуудлыг хэлэлцүүлэх байх. Тэр бүхний дараа МАН-ын 65 ямар шийдвэр гаргаж, ард түмний аль хэсэг рүү "буу”- гаа онилохыг хэлж мэдэхгүй нь. Ямар ч байсан урьдчилсан байдлаар бол төсвийн орлогын нэмэгдэл ард түмний халаас руу чиглэж байна. Төсвийн зарлагын таналт нь ч гэсэн ядарсан хэдэн иргэн рүүгээ л байлчихлаа.
 
Хүн амын өсөлтийг дэмжих чиглэлтэй байсан ганц халамж болох хүүхдийн мөнгийг танахаар боллоо. 40 хувьд нь хоолны талон байдлаар тараана гэж байх шиг байна. Манайхан бүгд л нэн ядуу болох гэж оролдож, төрөөс өгч байгаа бүхнийг хамахыг хичээдэг. УИХ-ын гишүүд нь ч хоолны талон аваад зогсч байхаасаа ичихээ больсон шуналын тулмаар дүүрчихсэн улс. Тийм болохоор хүн амын өсөлтийг дэмжсэн ганц бодлогоо үгүй хийж, өөрсдөө хувааж хүртэх нь бололтой.

Төсвийн зарлага гэхээр л хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр гэж хараад байгаа нь үнэхээр сонин байна.

 
Гэх мэтээр одоо эхний ээлжинд гарчихаад байгаа шийдвэрийг харвал гэрэлтэй гэгээтэй юм алга. Гэхдээ МАН-ын 65 сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөөс авахуулаад аль ч талаа бодсон наанатай, цаанатай шийдвэр гаргах байх. Мэдээж Монгол Улсын эдийн засаг сэргэж, төсвийн хэрэггүй, үргүй зардал алга болж, алдагдалгүй болох ёстой. Харин тэгэхийн тулд төсвийн зарлагаа сайтар хянах ёстой. Төсвийн зарлага гэхээр л хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр гэж хараад байгаа нь үнэхээр сонин байна.
 
Яагаад ОУВС УИХ-ын гишүүд, цаашлаад яам, тамгын газрын дарга нарын тансаглал төсөвт асар их дарамт болж, үргүй зардал болон урсч байгааг харсангүй вэ гэдэг сонин байна. Эсвэл олж хараад, хас гэж зөвлөсөн ч хүүхдийн мөнгииг өмнөөс нь золиослоод, өөрсдийнхөө тансаглалыг үлдээсэн хэрэг үү. Энэ л сонин байна.
 

Өнөөдөр Монгол Улс төрийн албан хаагчаар дүүрчихлээ. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг болчихсон. Нэг яамны газар дээр гэхэд газрын дарга, орлогч, хэлтсийн дарга нар гээд бөөн албан тушаалтан. Яг ажил хийж, амжуулдаг хүн нь цөөн. 10 хүн байлаа гэхэд тал нь дарга.


Уг нь үнэхээр төсвийн алдагдлаа багасгаж, цаашлаад бүр байхгүй болгохын тулд үргүй зардлаа хасах ёстой биз дээ. Өнөөдөр Монгол Улс төрийн албан хаагчаар дүүрчихлээ. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг болчихсон. Нэг яамны газар дээр гэхэд газрын дарга, орлогч, хэлтсийн дарга нар гээд бөөн албан тушаалтан. Яг ажил хийж, амжуулдаг хүн нь цөөн. 10 хүн байлаа гэхэд тал нь дарга. Юу ч хийдэггүй дарга нарын тоог цөөлмөөр байна. Дээрээс нь албан тушаалын наймааны гол хэрэгсэл болсон дэд сайдын албан тушаалаа халаач ээ. Дэд сайдын цалин, ажлын албаны зардал, цаашлаад томилолтоос авахуулаад маш их мөнгө үрэгдэж байна. Тэр бүхнийг байхгүй болгоход жилдээ хэчнээн тэрбум төгрөг хэмнэж болохыг дарга нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл тэр талаар огт дурссангүй.
 
За цаашлаад төрийн өмчит аж ахуйн нэгж, компаниуд гэж байна. Ашигтай ажилладаг байгууллага бараг байхгүй. Улсын төсвөөс байнга татаас авна. Тэгээд дарга нар нь маш өндөр цалинтай. Өнгөрсөн жил хамгийн багадаа таван сая, цаашлаад 20, 30 саяар яригдах цалинтай дарга нар ч цөөнгүй байгааг бид харсан. Энэ хүмүүсийн цалин мөнгийг хасаж, төсөв хэмнэх санал санаачилга хаачив. Уг нь өнгөрсөн оны намар энэ олон төрлийн татвар нэмэхээр ярьж байхдаа энэ асуудлыг хөндсөн. Гэвч МАН-ын 65-ын бүлэг ард түмэн эсэргүүцсэн гэдэг нэрийдлээр болио биз дээ.
 
Цаашлаад төрийн өндөр дээд албан тушаал, дунд шатанд шургалсан хүмүүсийн тансаг хэрэглээг болиулмаар байна. Төрөөс машин унааны зардлыг дааж, хар машин хөлөглүүлэхийг нь ч болиулах хэрэгтэй. Мэдээж Ерөнхий сайдаас авахуулаад УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд хар машин хөлөглөх шаардлагатай хүмүүс байх нь мэдээж. Харин нийтээрээ хавтгайруулж, бараг л нэг яамны газрын дарганцар төрөөс унааныхаа мөнгийг даалгах шахаж байна. Энэ мэт асуудлыг болиулаач ээ.
 
Дээрээс нь гадаад томилолт гэж юм байгаа. Ганц хэлэлцээр хийхийн төлөө 10, 20-уулаа гадагшаа явдаг. Бүгд өндөр зэрэглэлээр нисч, гадаадад очиж таван одтой зочид буудалд бууна. Тэр болгонд улсын төсвөөс хэдэн төгрөг урсч байгаа билээ. Нэг хоногт 40 мянган ам.долларын буудалд хонож явдаг гэсэн мэдээлэл ч гарч байсан биз дээ.
 
Энэ мэт хэт задгай тансаглалыг болиулах хэрэгтэй байна. Өмнө нь янз бүрийн санал гаргасан ч иргэд эсэргүүцсэн нэртэй болиулаад өнгөрснийг чинь мэдэж байгаа. Харин энэ удаад бол ОУВС-гаас шаардлага хүргүүлчихлээ. Тийм болохоор зөвхөн иргэдийнхээ халаасыг "ухсан” шийдвэр гаргалгүй өөрсдийнхөө тансаглалаас ч бас хасах хэрэгтэй. Бүсээ чангалах гэж байгаа бол адилхан л чангалъя. Дарга нар нь төрөөс бүх юмаа даалгаж, гадаад руу томилолт нэрээр зугаалж, хоногтоо 30, 40 мянган ам.долларын үнэтэй буудалд хоноод, иргэд нь татварын дарамтаасаа гарч чадахгүй байх хэрэг үү. Ёстой тийм юм байхгүй шүү, МАН-ынхаан.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

скачать dle 12.0

Санал болгох