Хятадууд Монголыг 2045-2050 онд өөртөө нэгтгэнэ гэнэ

🕔 2017/02/20 17:42

Хятадууд Монголыг 2045-2050 онд өөртөө нэгтгэнэ гэнэ

 

Хятадын ChinaNews.com сайтад гарсан нэгэн өгүүллийг Хонконгийн "Midnight Express 2046” блог англи  хэл дээр орчуулан тавьсан нь олны анхаарлыг татаж байна. Тус блогт энэ өгүүллийг орчин үеийн Хятадын империализмын сонгодог жишээ гэж нэрлэжээ. Энд бичсэнээр бол өнөөгийн Хятад улс газар нутгаа тэлэх, өөрсдийн нь хэлдгээр үндэсний нэгдлийн төлөө ирэх 50 жилд зургаан том дайн хийх гэнэ. Түүний нэг нь Монголыг өөртөө нэгтгэх дайн байна гэжээ. 


Эхний дайн: Тайванийг нэгтгэх /2020-2025 он/

Тайвань Хятадад энх тайвнаар нэгдэнэ гэж санахын ч хэрэггүй. Сонгуулийн замаар ч ингэж нэгдэхгүй. Хятадын хувьд Тайванийг нэгтгэх асуудлаар 2020 он хүртэлх хугацаанд өөрийн бодлогоо гаргана. Тайваньд хоёр боломж олгох байх. Энх тайвнаар нэгдэх үү, дайн хийх үү гэж. 2025 он хүртэл тэдний саналыг хүлээх зуураа Хятад өөрийгөө бэлтгэнэ. Ингээд "Шинэ Хятад”-ын төлөөх дайн болж энэ нь Хятадын Ардын чөлөөлөх  арми орчин үеийн дайнд бэлэн эсэхийн шалгуур болно. Хятад ялах эсэх нь АНУ, Японы байр сууриас ихээхэн шалтгаална. Хэрэв АНУ, Япон хоёр Тайваньд туслах юм уу, дайны талбар Хятадад, өөрөөр хэлбэл эх газарт шилжвэл байдал хүндэрнэ. 
Харин АНУ, Япон хоёр ажиглагчийн байр сууринаас хандвал Тайвань амархан ялна. Энэ тохиолдолд Тайванийг нэгтгэх дайн гурван сар үргэлжилнэ.  АНУ, Япон хоёр үүнд нь садаа болбол дайн зургаан сар үргэлжилнэ. 

Хоёр дахь дайн: Спратлийн арлуудыг эргүүлж авах /2025-2030 он/

 Тайванийг нэгтгэсний дараах Хятадын сонирхол нь Өмнөд Хятадын тэнгисийн баруун өмнөд хэсэгт байдаг Спратлийн арлууд байх гэнэ. Вьетнам, Хятад, Тайвань, Малайз, Филиппин, Бруней зургаан улсын мэдэлд байдаг 45 арлаас бүрдэх энэ бүсэд байнгын оршин суугч гэж байхгүй. Гэхдээ дөрвөн ч нисэх буудал бий. Загас агнуурын энэ бүсээс болж 2011 онд Хятад Вьетнамын хооронд хэд хэдэн удаа мөргөлдөөн болж байсан юм. АНУ хэрэв зүгээр л ажиглагчийн байр сууринаас хараад байх юм бол Хятад энэ арлуудыг өөрийн болгоно. 
Гэхдээ зүүн өмнөд Азийн хамгийн хүчирхэг улс Вьетнам руу Хятад дайрч чадлаа үзэж мэдэх юм. Хятад ялбал энэ арлууд тэднийх болно. 

Гурав дахь дайн: Өмнөд Түвдийг эргүүлэн авах /2035-2040 он/

 Хятад, Энэтхэгийн зөрчилдөөнтэй бүс бол Өмнөд Түвд. Үүнээс болж л  Хятад улс Энэтхэгийг дайснаа гэж үздэг. Гэтэл Энэтхэг улс АНУ, Орос, Европын орчин үеийн зэвсэгтэй, цэрэг, зэвсэглэл, эдийн засгийн хувьд Хятадыг гүйцэх гэж яваа. Тэгээд ч тэр улсуудтай дотно харьцаатай. Тэгэхээр өмнөд Түвдийг авах гэж Энэтхэгтэй дайн хийвэл Хятад ихээхэн хохирол амсана. Харин Энэтхэгийн хүчийг сулруулахын тулд Ассам болон Сиккам мужуудыг өдөөн турхирч тусгаар тогтнуулах бодлого баримталж мэдэх юм. Тэгвэл Энэтхэг хятадад дийлдэнэ.
Өөр нэг бодлого нь өмнөд Кашмирыг Пакистанд нэгтгэх гэж Пакистанд хамгийн орчин үеийн зэвсэг нийлүүлж магадгүй. 2035 он гэхэд Пакистан Кашмирын төлөө, Хятад өмнөд Түвдийн төлөө тулалдаж эхлэхэд Энэтхэг хоёр фронтод хүч нь сарниж ялагдана гэнэ. Энэ төлөвлөгөө ажил хэрэг болохгүй бол Хятад шууд л өмнөд Түвдийн төлөө дайн хийнэ. 

 Дөрөв дэх дайн: Сенкаку арлуудын төлөө /2040-2045 он/

XXI зууны дунд үе гэхэд Япон, Орос, АНУ, Энэтхэгийн араас Хятад хүчний харьцаанд гол үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Энэ нь Дяоюйдао болон Рюкю гэдэг Синкаку арлыг эргүүлэн авах аятайхан боломж болно. Энэ арлаас болоод Хятад Япон хоёр улс байнга маргалдаж, заримдаа зэвсэг барих  нь энүүхэнд байгаа. 
 Эртнээс л Хятадынх байсан гэдэг байгалийн баялаг ихтэй энэ арлуудад япончууд сүүлийн 70 орчим жил эзэн сууж байгааг Хятад хэзээ ч уучлахгүй. АНУ садаа болж мэдэх боловч тэр цагт хүч нь нэлээд сулраад байх болно. Европ чимээгүй, Орос ажиглагчийн байрнаас хандана. Ийм цагт дайн сайндаа л зургаан сар үргэлжилж Хятадын ялалтаар өндөрлөнө.  Ингээд зүүн Хятадын тэнгис тэр чигтээ Хятадын зүгээр л нэг  нуур болно доо. 

Тав дахь дайн: Гадаад Монголыг нэгтгэх /2045-2050 он/

 Өнөөдөр гадаад Монголыг Хятадад нэгтгэх ёстой гэдэг үзэл бодол байсаар л байгаа. Гэхдээ бүтэшгүй энэ санааг агуулагчид цаг нь болоогүй байхад өөрсдийгөө л хуурч байгаа  хэрэг. Нээрээ өнөөдөр бол Гадаад Монголыг хятадад нэгтгэнэ гэдэг цаг нь огт биш. Хятадын хувьд энэ асуудлыг өмнөд Түвийг өөртөө нэгтгэсний дараа л авч үзэж Засгийн газартаа тусгай албан тушаал бий болгож асуудал боловсруулах хэсэг томилно. Өөрөөр хэлбэл 2040 оноос хойш. Хэрэв Гадаад Монгол энхтайвнаар нэгдэхгүй гэвэл хятадуудын хувьд сайхан шалтаг болно. Хөндлөнгийн эсэргүүцэл гарвал Хятад дайн хийнэ. Ийм тохиолдолд хятад 2045 онд Тайваньд хэрэглэсэн загвараа ашиглах байх. Харин гадаад Монголыг авахын тулд хэдэн жил шаардагдана. Ер нь, Монголыг эзлэхийн тулд Хятад цэрэг, улс төр, дипломат гээд бүхий л хүч чадлаа ашиглана. Орос, АНУ-ын хүч суларч  дипломат эсэргүүцэл нэг их үзүүлэхгүй. Европ ажиглаж, Энэтхэг болон төв Ази дуугүй суух болно. 
Ийнхүү нэгтгэсний дараа гурван жилийн дотор Монголыг өөрчилж, Оросыг хянаж байхын тулд хойд хил дээр нь цэргийн томоохон хүч байрлуулна. Оросоос болж Монголд учирсан хохирол, газар нутгийг өөрийн болгохын тулд хятадууд Монголд цэргийн болон ердийн дэд бүтэц бий болгоход ердөө 10 жил л шаардагдана. 

 Зургаа дахь дайн: Оросоос  арлуудаа эргүүлэн авах /2055-2060 он/ 

Өнөөдөр Орос Хятадын харилцаа хиргүй тунгалаг мэт байвч бие биенээ хянасаар л байгаа. Хятад аюул учруулж мэднэ гэж Орос бодож байхад оросууд газар нутгаас нь авсныг Хятад хэзээ ч мартаагүй. Боломж гарвал л Хятад үүнийгээ эргүүлэн авах гэнэ. 
2050 он хүртэлх таван удаагийн ялалтынхаа дараа Хятад Монголыг нэгтгэсэн болохоор бүхий л газар нутгаараа Оростой хиллэдэг болсон байна. Хамгийн гол нь энэ үед Хятад нисэх хүчин, тэнгисийн цэрэг, хуурай зам, сансрын цэргийн тухайд дэлхийд тэргүүлж байх юм. Энэ бол цөмийн зэвсэгтэй орны эсрэг хийх дайн. Ийм болохоор Хятад цөмийн зэвсгийн талаар маш их бэлтгэж байж мөргөлдөөний эхний өдрөөс эцэс хүртэл Орос руу цөмийн цохилт өгөх болно. Хятад ийм байдлаар Орост хариу цохилт өгөх боломж олгохгүй байж чадвал тулаанд ялна. Оросуудын хувьд булаан эзэлсэн газар нутгаа асар өндөр үнээр төлөх л үлдэнэ дээ. 

http://uainfo.org сайтаас орчуулав
Ц.Хас
Эх сурвалж: www.assa.mnскачать dle 12.0

Санал болгох