Хоёрдугаар сарын 27-нд цагаа сарын шинийн нэгэн тохиож байна. Монгол бүр уламжлалт баяр цагаан сараар тухайн жилийнхээ аж амьдралыг билэгдэж, өргөн дэлгэр тэмдэглэхийг хүсдэг. Мөн тухайн жилийн өнгө, нийгмийн байр байдлыг ямар байх гэж сонирхдог.
XVII жарны "Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жилд манай улсын нийгэм, эдийн засаг, байгаль хийгээд хүмүүний үйл хэрэг монгол зурхайд хэрхэн буусан талаар Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, зурхайч Ж.Гончигсүрэн ярихдаа ирэх тахиа жилийн ерөнхий төлөв зурхайн зурлагад шороон үхрийн шинжээр үзэхэд "Хаврын урь орсон тэр өдрийн махбодийг тооцоолон бодож "Салан дагцал” буюу "Үхэр” зургаар гаргаад уламжлалт зурхайн ёсоор тоолон гаргадаг. Энэ жил үхрийн өнгө нь цагаан. Шороон үхрийн зурлагыг дүрсэлбэл, үхэр нь толгой, ходоод, цулбуур нь улаан, эвэр, чих, сүүл, туурай, шийр, бие, ногт нь цагаан, омруу нь ногоон, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарваж явна.
Үхэр хариулаач нь цагаан царайтай, үсээ чихнийхээ араар хийсгэсэн, улаан дээлтэй, хөх бүстэй, ногоон гутлынхаа барууныг өмсч, зүүн гутлаа зүүн бүсэндээ хавчуулсан, малгайгаа буулгаж өмссөн, унгасаар томсон, цагаан бургасан иштэй шилбүүр барьсан, хүч чадал багатай, идэр залуу, үхрийнхээ өмнө, яаравчлан гүйж явна.
Энэ зураглалаас жилийн байцыг үзвэл залууст сайн, энгийн ардад дунд, өвгөд хөгшид буюу өндөр суудалтанд хатуу. Нийт олны үйлс бүхэн дэвжих боловч үр ач үл дэлгэрнэ. Зарим газарт халдварт өвчин гарна. Жилийн эхээр салхи маш их. Хаврын гурван сар ба дөрвөн улирлын эхэн сард хуурай гантай. Жилийн дунд ба ялангуяа жилийн адгаар мөндөр, хур тунадас, хяруу цас ихтэй. Эртдээ өвс ургамал, ногоо сайн гарна. Жилийн турш аянга цахилгаан, салхи жавар элбэг байна.
Манай багш зурхайд хэлэх юм, хэлэхгүй юм байдаг хэмээн заасан. Монгол зурхайд нэг хориотой зүйл нь амаар дамждаг, дамждаггүй, чихнээс чихэнд дамждаг нууц зүйл бий. Ингэж томъёолсон зүйлээр ард түмнийг айлгаж, цочроож болохгүй. Хүн бүр өөрийн бие, сэтгэлийн үрийг хянан байх хэрэгтэй. Амьтанд хорлолгүй, туслах сэтгэлийг б арих хэрэгтэй” гэсэн юм.
Харин ирэх зун Ерөнхийлөгчийн сонгууль болох тул нийгмийн байдлын тухайд "Монголын аль ч иргэн сонгох, сонгогдох эрхтэй. Өөрийн зүгээс Номт хаан гэдэг шиг дотроо номын буянтай сайн хүн гараасай л гэж залбирч сууна. Нийтийн үйл гэдэг нэг хүнээс биш нийтээс шалтгаална. Бид өөрсдөө хичээх хэрэгтэй. Хамгийн гол нь монголчууд хэлний үйлийг анхаарах хэрэгтэй. Биесээ муу хэлдэг, атаа жөтөө, хэрүүл тэмцэлтэй байдаг явдлаа болих хэрэгтэй. Бид болж байгаа зүйлдээ хана мэдэлтэй байх хэрэгтэй. Муулаад Монгол Улс сайжирдаг бол өөр хэрэг. Сайжрахгүй болохоор өөрөө өөрийгөө хорлоод байна шүү дээ. Залуу үеэ уламжлалт зан заншил, ах дүү, төрөл төрөгсөд, эцэг эхээ хайрлах нинжин сэтгэлээр хүмүүжүүлэх хэрэгтэй. Нийтийг хамарсан муу зүйлд бусдыг уриалах хэрэггүй. Мөн бэлэг өгөхөө зогсоо, уранхай оймс өгөхөө болъё гэж байна. Би үүний эсрэг байдаг. Өглөг талаас нь боддог. Хүний гар цайлгаж, байгаа зүйлээ барих учиртай. Дээр үед ул боов, хэдэн төгрөгтэй л өгдөг байсан. Бид бэлгээ өөрсдөө сонгож байгаа шүү дээ. Хүнд өгөх гэж байгаа бол заавал хог болох зүйл биш нэгэнт мөнгө зарж буй хойно хэрэглээд л өнгөрөх зүйл сонгох хэрэгтэй” гэлээ.
Ингээд төгсөлд нь шинэ сар гарах гэж байгаа учир сүсэгтэн олондоо хандаж "Монголчууд эрдэм боловсролоо хичээх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө хүн болгох, хүн байхын учир шалтгааныг өөрөө олж авах хэрэгтэй. Бид цөөхүүлээ учир хагаралдахгүй бол сайн. Юмтай байя гэвэл байгаа юмаа хямгадах хэрэгтэй. Улс эх орон ч гэсэн байгаа юмаа хямгадах хэрэгтэй. Монголын ард түмэн урт удаан насалж, эв эетэй байж, сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна” гэсэн юм.
скачать dle 12.0