Ким Чен Уны ахыг хөнөөсөн байж болох нэг сэжигтэнг Малайзад баривчилжээ

🕔 2017/02/16 08:58

Ким Чен Уны ахыг хөнөөсөн байж болох нэг сэжигтэнг Малайзад баривчилжээ

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Намыг хөнөөсөн хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байсан эмэгтэйг лхагва гариг /2017.02.15/-т Малайзын цагдаа нар баривчилжээ. Баривчлах ажиллагаа Малайзын нийслэл Куала Лумпурын олон улсын нисэх буудалд болсон бөгөөд олон улсын нислэгийн терминалаас саатуулагдсан эмэгтэй Вьетнамаас ирсэн аяллын бичиг баримттай байсан талаар channelnewsasia.com Малайзын цагдаагийн албаны даргын хэлснийг иш татан мэдээлжээ. 28 настай эмэгтэй баривчлагдах үедээ ганцаараа байсан гэдгийг дурдсан байна. Хэрэг гарснаас хоёр өдрийн дараа Doan Thi Huong  гэдэг нэртэй 1988 онд төрсөн эмэгтэйг саатууллаа гэдгийг Малайзын цагдаагийн газрын дарга онцолсон байна.

 

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Нам Куала Лумпурын олон улсын нисэх буудал дээр явж байхдаа гэнэт ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэх замд нас барсаныг энэ сарын 14-нд Малайзын цагдаагийн газраас мэдээлсэн юм. Малайзаас Макао руу нисэх гэж байсан Ким Чен Намын ойролцоо явж байсан хоёр эмэгтэй түүнийг ухаан алдаж унахаас өмнө нисэх буудлаас гарч явж байгаа бичлэгийн дагуу сэжигтнийг эрэн сурвалжилж эхэлсэн гэдгийг олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

 

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсллүүдээр, Ким Чен Намыг хөнөөхдөө хоромхон зуур ухаан алдуулж булчин татуулах үйлчилгээ бүхий хортой сумтай үзэг ашигласан гэдэг мэдээлэл гарч байгаа юм. 


Д.АРИУН /ЗУУНЫ МЭДЭЭ/


скачать dle 12.0

Санал болгох