АН-ын удирдлагууд АТГ-аас салахаа больсны учир

🕔 2017/01/30 10:21

 

АН-ын удирдлагууд АТГ-аас салахаа больсны учир

 

АН эр бяр, эрх мэдэлтэй байхад өнгөн талдаа аль л өндөр албан тушаалд сууж байсан эрхмүүдийг АТГ онилсон бололтой юм. Магадгүй ийнхүү онилуулах "ажлыг” тэд өөрсдөө хийсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь, хууль хяналтын байгууллага ямар ч баталгаа нотолгоогүйгээр албан тушаалтнуудыг шалгаж хянадаггүй. Тийм эрх ч тэдэнд байхгүй.

 

АН засгийн эрх барьж байх үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч эрхэм өнгөрсөн долоо хоногт шил дараалан АТГ-т очиж тайлбар, мэдүүлэг өгөв. Хэдийгээр үүнийг Н.Алтанхуяг намын даргын сунгаатай холбон тайлбарлаж байгаа ч түүнээс мэдүүлэг авсан анхны тохиолдол энэ биш. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг тус газарт хоёронтаа тайлбар, мэдүүлэг өгч буй юм. Хэрвээ та анзаарсан бол мэдүүлэг өгөөд гарч ирснийхээ дараа тэр хэзээ ч тодорхой асуудал ярьж байгаагүй бөгөөд АТГ-аас өөрийг нь дуудсан шалтгааныг улс төр юмуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбон тайлбарлаад л өнгөрдөг. Мэдээж үүнийхээ араас эх орныхоо ширхэг чулуу бүрийн төлөө үхэн үхтлээ тэмцэнэ гэх популист үгийг дайсаар ирсэн. Үнэн хэрэгтээ үүний цаана Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмийг АТГ юуны учир удаа дараа дуудаж, байцаалт аваад байгаа нь бүрхэг хэвээр байна. Гэхдээ өмнө нь түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн мөнгө шамшигдуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-т байцаалт өгөхийг шаардаж байсан юм.

 

Ч.Сайханбилэгийн хувьд ямар асуудлаар АТГ-т мэдүүлэг өгсөн нь тодорхойгүй байгаа. Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр, АН засгийн эрх барьж байхдаа улс орныг эдийн засгийн хямралд оруулахуйц буюу их хэмжээний мөнгөөр туйлж, Хөгжлийн банкийг байгуулан гадна дотноос босгосон багагүй мөнгө нь өнөөдөр Монгол Улсыг өрийн хүлээсэнд оруулаад буй. Тийм ч учраас холбогдох газрууд энэ асуудлыг шат дараалан судалсны дүнд хууль хяналтынханд шилжүүлээд байгаа юм. Хэдийгээр Ч.Сайханбилэгийг "Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалтай холбоотой дуудаж байцаасан гэх мэдээлэл гарч байгаа ч энэ асуудал хуулийн байгууллагад шилжээгүй учраас Хөгжлийн банктай холбоотой асуудлаар байцаалт авсан гэх мэдээлэл үнэнд илүү ойртож байгаа юм.

 

НАМЫНХАА ДОТООД ТЭМЦЛИЙГ БУСДАД НЯЛЗААХЫГ САНААРХАВ

 

        Н.Алтанхуягийн хувьд намын даргад өрсөлдөнө гэдгээ аль эрт зарлаад байсан ч гэнэтхэн Ерөнхийлөгчийн сонгуульд ч үзнэ хэмээн мэдэгдсэн. Өнгөрсөн оны есдүгээр сард хийсэн түүний энэхүү мэдэгдлийг улс төрийн хүрээнийхэн тухайн үед "шоу” хэмээн тодорхойлж байсан нь оргүй бололтой. Өөрөөр хэлбэл, өнөөдөр болох процессыг эртнээс тооцоолсон учраас тэр хэлэх үгтэй байхын тулд буюу өөрийгөө хаацайлах гэж "Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэж мэдэгдсэн байх. Үнэхээр ч өнөөдөр харахад хэлсэн ярьснаасаа хормын төдийд урван байгаа түүнд ганцхан тодорхой зүйл байсан нь хууль хяналтынхны хараанд өртсөн төдийгүй байцаалт мэдүүлэг авахыг эртнээс гадарлаж байсан мэт, урьтал болсон алхмыг хийж байжээ гэж дүгнэж болохоор байна. АТГаас дуудаж байцаалт авсан өдрөөс эхлэн "Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдэнгүүт Ц.Элбэгдорж ийм ажиллагаа өрнүүлж байна” хэмээн дүйвүүлээд өнгөрөөсөн. Гэтэл энэ удаад буюу хоёр дахиа дуудахад өнөөх үгээ давтсан төдийгүй УИХын дарга М.Энхболдыг хавчуулсан нь хоргодох газаргүй болсон хүний өрөвдөлтэй төрхийг эрхгүй санагдуулсан. Үнэн хэрэгтээ АНынхан эрх мэдэлтэй байхдаа олдсон бялуун дээрээ зодолдсоор улсын ажлыг уядаг, болохгүй бол нэгнээ барьж хорих дээрээ хүртэл тулдаг байсан гэдгийг засгийн эрх өгсөн цагаасаа буюу 2016 оны УИХын сонгуулиас хойш амтай бүхэн нь ярьж, нэгнээ илчилсээр, өнөөдөр нууц биш болсон асуудал. Ингэж нам дотроо нэгнээ барьцаалж ирсэн атлаа М.Энхболдыг татан оролцуулсан нь дэндүү увайгүй үйлдэл болов. Тийм ч учраас УИХын дарга мэдэгдэл гаргаж, уучлалт гуйхыг Н.Алтанхуягаас шаардсан юм. Тодруулбал, уг мэдэгдэлд "АНын даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа Н.Алтанхуяг нь АТГ-т очиж байцаалт өгснийхөө дараа хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа намайг АН-ын даргын сунгаанд нөлөөлж, сунгааны өмнө Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах гэж байгаа мэтээр ор үндэсгүйгээр гүтгэж, нэр төрд халдсанд харамсч байна. Миний бие хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй, төрийн ажлын ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаагүйг надтай нэг танхимд хэдэн жил хамт суусны хувьд Н.Алтанхуяг гадарлах учиртай. Тиймээс энэхүү увайгүй үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардаж байна. Манай намын болоод миний хувьд улс төрийн бусад намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, үйл ажиллагаанд нь нөлөөлөх аливаа оролдлого хийж байсан удаагүй. АН алдаа дутагдал, дотоод зөрчлөө бусдад нялзаахгүй байхыг хичээнгүйлэн хүсье” гэжээ.

 

АТГ: Н.АЛТАНХУЯГ МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛЖ БАЙНА

 

        АТГ энэ сарын 26-ны 16.00 цагт ирж байцаалт өгөхийг Н.Алтанхуягаас шаардсан байна. Гэвч тэрбээр "Ээлжит улс төрийн шоугаа хийж, барьж хорих, гүтгэх ажиллагаагаа эхлүүллээ” хэмээн сошиалаар олон нийтийг хөөргөдсөөр 19.00 цагийн үед очиж мэдүүлэг өгсөн байх юм. Гэсэн атлаа "Шөнө дөлөөр, ажлын цаг дууссан хойно дуудсан” гэх мэтээр ташаа мэдээлэл тараасан учраас АТГ-аас албан ёсны мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, "Н.Алтанхуяг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулав” гэсэн гарчигтай уг мэдэгдэлд: "Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт АТГ-ын байранд дуудсан боловч цагтаа бус 19.00 цагт хүрэлцэн ирсэн. Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч түрэмгийлэн, иргэдэд буруу, ташаа мэдээлэл өгч буй нь хууль бус үйлдэл юм. Иймд хууль сахиулах байгууллагын үндсэн чиг үүргийхээ хүрээнд хийж буй мөрдөн байцаалтын ажиллагааг аливаа нэгэн улс төрийн намын гишүүн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглахгүй байх, иргэдийг худал хуурмаг мэдээллээр хангахгүй байхыг сануулж байна. Холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаалтын явцын талаар бид мэдээлэх боломжгүй болно” гэсэн байна.

 

АТГ-ынхны хэлснээр хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл олдохгүй. Гэхдээ Н.Алтанхуяг юуны тулд элдэв арга саам, халхавч хайгаад байгаа нь өөрөө анхаарал татаж байгаа юм. Үнэндээ гаднаас нь харахад түүнд орох газар олдохгүй тэлчилж байгаа мэт харагдаж байгаа нь нууц биш. Намын дарга эсвэл Ерөнхийлөгч болно гэдэг бол түүний хувьд халхавч болохоос чин үнэн биш гэдэг нь харагдаад байгаа юм. Ямар сайндаа л намын даргын сунгаанд оролцож явах нэг сарын хугацаанд өрөвдүүлэх тактик барьж ажилласан гэдгийг хэлэх хүн олон бий. Өөрөөр хэлбэл, намын шинэчлэл, улс орны ирээдүй гэх мэт томоохон бодлогын асуудал ярьсныхаа араас ийм л зөв хүн байх тусам элдэв бүлэглэл, хууль хяналтынхан онилоод барьж хорих гээд байна хэмээн ярьж явсан нь халхавч хайсан хүний үгнээс илүү сонсогдоогүйг нуух юун. Ямар ч байсан хуулийнхан энэ бүхний учгийг тайлж, асуудлыг нэг талд гаргаж таарна, Н.Алтанхуягийн тухайд.

 

Харин АН-ын удирдлагуудыг хуулийнхан юуны учир "эргэж тойроод” байгаа нь бүр ч том асуудал. Хамгийн сонирхолтой нь, АН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд засгийн эрх барьсан. Гэхдээ энэ нь тэднийг шүүх, цагдаа шалгах шалтгаан болох учиргүй баймаар. Гэтэл нөгөө талдаа хууль хяналтынхан тоглоод байна гэж баймааргүй. Тэд зөвхөн хууль сахиулах, хууль бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх үүрэгтэй болохоос өнөөдөр төр барина гэдэг нь маргааш хоригдохын нэр гэх аймшигтай ойлголтыг нийгэмд түгээх учиргүй. Энэ үүднээс нь авч үзвэл АН-ынхан улс орныг удирдаж байхдаа хууль бус үйлдэл гаргаж, түүнийгээ хаацайлж ирсэн болж таарах уу. Асуултын хариулт одоохондоо бүрхэг байгаа ч ирэх өдрүүдэд илүү тодорхой болох биз ээ.

 

М.Өнөржаргал

Монголын үнэн


скачать dle 12.0

Санал болгох