Дархан-Уул аймгийн Хараа голын гүүр нурахад ойрхон байна

🕔 2017/01/30 08:51

Дархан-Уул аймгийн Хараа голын гүүр нурахад ойрхон байна

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нөхцөл байдалтай танилцаж, Замын цагдаагийн алба, МХҮГ-ын холбогдох албаныхантай ажилласан билээ. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийнхаа зам, тээврийн салбарын үйл ажиллагаа, тулгамдаад буй асуудал, шийдвэрлэх шаардлагатай асуудлаа танилцуулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийлээ.

Энэ хүрээнд Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт дэх Хараа голын төмөр бетон гүүрийн нөхцөл байдлыг танилцуулав. Сайд Д.Ганбат тус гүүрний нөхцөл байдалтай биечлэн танилцаж, зайлшгүй шинэчлэх шаардлагатай, аюултай нөхцөл байдалд хүрсэн байгааг хэллээ. Мэргэжлийн хяналтын байгууллагууд тус гүүрэнд 2014 оноос хойш удаа дараа шалгалт хийж, гүүрний зорчих хэсгийн асфальт бетон хучилтад хагарал үүсч, хучилт хуйларсан, конусын хамгаалалтын бетон бүтэц хөдөлгөөнд орсон талаар дүгнэлт гаргаж байжээ.

Мөн гүүрний хэв гажилтын заадас зарим хэсэгтээ цоорч хагарсан, заадсын төвшин зөрсөн, ус тусгаарлагч ажилладаггүй, ус зайлуулах хоолойг цэвэрлээгүй, зорчих хэсгийн гадаргуугийн ус доош нэвчин дам нуруу болон залгаасаар шүлт үүссэн, завсрын тулгуурын суурийн их бие эвдэрсэн, далан, конусын бэхэлгээг засварлаагүй, хайс хазайсан зэрэг зөрчлүүд илрээд байгаа аж.

Иймд энэхүү гүүрийн нөхцөл байдлын хүрээнд яаралтай арга хэмжээ авч, цаашид анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат


 
скачать dle 12.0

Санал болгох